ШӨХТГ Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахаар боллоо
Хамтран ажиллах боллоо
2015.03.23

ШӨХТГ Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахаар боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өнөөдөр ШӨХТГ, МҮЭХ хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Хоёр байгууллага хуульд заасан чиг үүргээ биелүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хөдөлмөрчдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсооход хамтран ажиллана.

Байгууллага, аж ахуй эрхлэгчид Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаас гадна цахилгаан эрчим хүч, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг судлах, хяналт шалгалт хийхэд хамтарна. Төрийн өмч хувьчлал явагдахад тэнд ажиллаж байгаа хөдөлмөрчдөд хэрхэн тусахыг судлах, өмчийн харилцаа өөрчлөгдөхөд хөдөлмөрчдийн ажлын байрыг хамгаалах, ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

20150320-093

Түүнчлэн ШӨХТГ, МҮЭХ хамтран ажилласанаар төрийн өмч хувьчлагдахад тэнд ажиллаж байгаа ажилчдад хэрхэн нөлөөлөх, өмчийн харилцаа өөрчлөгдөхөд хөдөлмөрчдийн ажлын байрыг хадгалах, ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран хийх ажээ.