“Итгэлцэл”- д тулгуурлан урагшлах уриа дэвшүүлжээ
“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордноо үргэлжилж байна. Энэ жилийн чуулганыг Building Credibility буюу “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дотоод гадаадын мянга шахам төлөөлөгчид оролцож байна.
Эдийн засгийн чуулганыг тогтсон нэршлийн доор зохион байгуулж заншсан бөгөөд 2010 онд “Бид хамтдаа чадна”, 2011, 2012 онд онд “Хөгжилд хамтдаа”, 2013 онд “Монгол брэнд ”, 2014 онд “Монголдоо бүтээцгээе” цриан дор тэмдэглэж байсан билээ. Харин энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлийн үед төр нь иргэддээ, иргэд нь төрдөө, төр нь хувийн хэвшлийнхэндээ харилцан итгэж байж хамтдаа урагшилна гэдэг үүднээс “Итгэлцэл” уриан дор эдийн засгийн чуулганаа хийж байгаа юм.
“Монголын эдийн засгийн чуулган-2015” чуулга уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж, чуулганы ажиллагаанд амжилт хүссэн билээ. Чуулганы индэр дээрээс хамгийн түрүүн үг хэлсэн хүн бол нийтлэлч Баабар. Тэрбээр эдийн засгийн өмнөх ба өнөөгийн байдлын талаар өгүүлэхдээ “Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол.
Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой. Чухам үүнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм. Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цаашдаа ингээд л нэг их хийж бүтээсэн юмгүй байхад л хөрөнгө урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгүй, бодож олсон юмандаа өөрөө үнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хөөгөөд байвал улам улам их юм тэвэрч ирэх юм байна гэж үзэх болов. Бүтээсэн баялагийнхаа унац, ашигт бус харин дайны олзонд дассан нүүдэлчин үндэстний сэтгэлгээ л дээ.
“Тунгалаг Тамир” кинонд Улаан хувьсгалч Дорж гэгч хятад пүүсийн барааг тонож “Ялсан цэргийн сүр хүч гэж энэ. Угтаа бидний юм хуваагаад авцгаа” хэмээн дүрэмдэж гардаг даа. Үүлэн чөлөөний нар шиг олдох боломжор бий болсон тэр их баялгийг капиталист Монголын төрийг барьж байсан улаан хувьсгалч Дорж нар яг л ингэж “ялсан цэргийн сүр хүч” болгон цацсан даа” хэмээн өгүүлсэн нь чухамдаа та бидний хамтдаа туулсан эдийн засгийн өөдрөг он жилүүдийн дүр зураг мөнөөс мөн байсан билээ. Түүний энэхүү дүгнэлтийг энгийн нийтлэлчийн үг гэхээсээ илүүтэй цагтаа Сангийн сайдаар ажиллаж явсан эдийн засагч, улстөрч хүний хатуу боловч үнэн үг гэдгээр нь чуулганы танхим хүлээн авсан.
Төрийн ордны их танхимд хуралдсан “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал” нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, судлаач эдийн засагч н.Раднаасүрэн нар оролцсон бөгөөд модиратороор эдийн засагч Д.Жаргалсайхан ажилласан юм. Хуралдааны эхэнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат улс орны эдийн засгийн байдал, төсвийн талаар танилцуулга хийсэн юм. Монгол Улсын төсөв хэт өөдрөг төсөөлөл байсныг дурдаад Шийдлийн засгийн газар бодит байдалд нийцүүлэх үүднээс төсвийн зардлаа бууруулсныг дурдлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бий болгогч уул уурхайн салбарын орлого буурсныг хэн хүнгүй мэдэж байгаа гэсэн юм. Цаашдаа ч төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй гэдгийг хэлээд нийт төсвийн орлогын 60 хувь нь цалин, тэтгэвэрт зарцуулагдаж, их хэмжээний өрийн үйлчилгээний зардалд 12 хувийг зарцуулж байгааг дурдлаа. Төсвөөс эдийн засагт оруулж буй хөрөнгө улам бүр багассаар байгаа ажээ.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрсөн хугацаанд Монгол Улс хуримтлалд огт анхаарахгүй явж ирснийг дурдаж байсан юм. Тогтворжуулалтын санд 400 тэрбум төгрөг хадгалсныг эс тооцвол халаас нимгэн байгааг мөн хэлж байлаа. Гэвч өнгөрснөөс сургамж авч урагш явахаас бус дан хараар будаад амжилтад хүрэхгүй гэдгийг тэрбээр тодотголоо. Тиймээс 2015 онд макро эдийн засгийн хувьд төсвийн зохист тэнцвэрийг хангахад мөнгөний бодологоо чиглүүлэх, өрийн удирдлагыг сайжруулах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөтэй болох, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийн алдагдалгүй болох, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг дэмжих зэрэг зорилтыг дэвшүүлсэн байна.
Чуулганы индрээс үг хэлсэн хүн болгон шахам эдийн засаг ээдрээтэй эргэлзээтэй байгааг хэлж байлаа. Доктор Раднаасүрэн “2014 оны эдийн засгийн өсөлтийн 7,8 хувь гэсэн тоонд эргэлдздэг юм. Учир нь өнгөрсөн онд тээврийн салбарын өсөлт 23 хувь гарсан нь үнэнээс зөрүүтэй. Тээврийн салбарын өсөлт 10 хувиас хэтрээгүй. Тэгж тооцвол өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт зургаан хувьтай байсан байхыг үгүйсгэхгүй. Гэвч саарыг дагалдаад сайн зүйлс ч ажиглагдаж байна. Мөнгөний нийлүүлэлт буурсаар байна. М1 мөнгө л гэхэд 10 орчим хувиар буурч байгаа. Энэ нь эдийн засаг агшиж байгаагийн шинж. Үүний үр дүнд инфляци буурч байна. Энэ оны төгсгөл гэхэд Н.Золжаргал ерөнхийлөгчийн зорьсон найман хувийн инфляцид хүрэх байх” гэлээ.
Ийнхүү сайн муугаа хэлэлцэж, санаа оноогоо уралдуулсан эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Яг одоо доорх сэдвээр салбар хурлууд болж байна.
Их танхим: Институцийн засаглал ба хамтын ажиллагаа
Хуралдааны хөтлөгч Eagle телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Засаглал хаанаас хэлэх вэ” сэдвээр илтгэл тавина.
А танхим: Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил
Хуралдааны хөтлөгч МҮИС-ийн Инноваци, Эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал Д.Нэргүй
Б танхим: Мэдээллийн ёс зүй /хариуцлага/