Хувиараа бизнес эрхлэгчдийг тэтгэвэрт хамруулъя
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат
2015.04.03

Хувиараа бизнес эрхлэгчдийг тэтгэвэрт хамруулъя

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

- Эв санааны зарчимд үндэслэсэн тэтгэврийн тогтолцоо маань явцгүй болчихсоныг хэн бүхэн мэдэж байгаа. Энэ байдлаас яаж гарах вэ?

Тэтгэврийн шинэчлэл нь нэг талаар аливаа улс орны нийгмийн хамгааллын асуудал, нөгөө талаар эдийн засгийн хөшүүргийн чухал механизм болж өгдөг. Асуудлын гол нь юу вэ гэвэл хүн амын цалингийн орлого маш доогуур, эдийн засгийн чадавхи сул байгаа учраас түүнд үндэслэсэн хуримтлалын тогтолцоо нь хэврэг. Тэгээд ч эв санааны зарчим нь зах зээлийн нийгэмд тохирохгүй зүйл. Зах зээлийн хуулиар хэн их хуримтлуулна тэр хүн илүү үр шимийг нь хүртэнэ гэсэн зарчим үйлчлэх ёстой. Харин манайд их ч төлсөн, бага ч төлсөн ялгаагүй болчихдог.

1960 оноос хойш төрсөн хүмүүст хагас хуримтлалын системээр тэтгэвэр тогтооё гэтэл түүнээс өмнө төрсөн хүмүүсийн тэтгэврээс 20 хувиар бага гарах гээд байсан. Хэрэв ингээд тогтоочихвол шууд орлогын ядууралд орж, тэтгэврийн сан нийгмийн хамгааллын баталгаа болж чадахгүйд хүрнэ.

Өнөөдөр бид даатгал төлөгчдийн мөнгийг хөгшчүүлдээ тэтгэвэр болгон тарааж өгдөг. Цаана нь нэрийн дансанд чинь мөнгө байгаа шүү гэсэн хоосон тоо л яваад байдаг. Тэтгэврийн тогтолцоо хөгжсөн орнуудад тухайн хүний мөнгийг хамгийн эрсдэлгүй бөгөөд үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын санд оруулж арвижуулдаг. Монгол улсын хувьд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас банканд хадгалуулах нь илүү ашигтай болоод байна.  

Өндөр орлоготой хүмүүс хүссэн хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлал үүсгэх сонирхолтой байдаг. Тэр боломжийг нь олгох хэрэгтэй. Гэхдээ ингэе гэхээр хууль эрх зүйн орчин, эдийн засгийн тооцоо судалгаа нь байдаггүй.

- Энэ жилээс даатгал төлөгчдийн тоо багасч, тэтгэвэр авагчдын тоо ихэсч тэтгэврийн даатгалын сангийн ачаалал улам ихэслээ. Тодорхой хугацааны дараа тэтгэвэр тавьж чадахаа байх тухай мэргэжилтнүүд ярьж байна. Энэ байдлаас яаж эрсдэл багатай гарах вэ?

Тэтгэврийн даатгалын баазыг өргөтгөх цаг болсон. Хувиараа бизнес эрхэлдэг маш олон хүн тэтгэврийн даатгалын шимтгэл төлдөггүй. Энэ хүмүүс хөгшрөөд, хөдөлмөрийн чадвар нь сулраад ирвэл яах вэ? Тэдэнд нийгмийн баталгаа байхгүй. Тэжээгчгүй зарим нь шууд халамжийн тэтгэвэртэй болж ядуучуудын эгнээнд шилжинэ. Тэд байгууллагад ажилладаг хүмүүсийн дундаж цалингаас илүү орлого олдог.

Тэтгэврийн олон давхрагат тогтолцоо

Тэгэхээр нэгдүгээрт бааз сууриа өргөтгөх, хоёрдугаарт хүмүүсийн цалинг боломжийн түвшинд аваачих, гуравдугаарт шимтгэлийн хувь хэмжээг шударгаар тогтоох ёстой.

- Тэтгэврийн сангийн хөрөнгийг яаж арвижуулах вэ?

Мэдээж эхлээд хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс даатгал төлж буй хүмүүсийн хуримтлалыг бага хүүгээр хадгалах тухай ярьж байна. Үүний тулд одоо тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя гэсэн санаа. Гэхдээ тэтгэврийн хүүг бууруулах нэрээр хүмүүсийн тэтгэврийг барьцаа байдлаар ашиглаж болохгүй. Уг нь даатгал төлөгч өөрийн мөнгөө өөрөө мэдэх ёстой. Манай тогтолцоо хүн хүссэн хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлал үүсгэх эрхийг нь хязгаарладаг.

Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн 2 жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг буцааж өгөх ёстой.

Зарим оронд уул уурхай, хөдөө аж ахуй гээд бусад салбараас олсон орлогоо тэтгэврийн даатгалын сандаа хийдэг. Нэг үгээр хэлбэл иргэдийнхээ ирээдүйг баталгаажуулдаг.  Ингэхдээ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулдаг. Нэг талаас тэр мөнгөөр үйлдвэрлэлээ дэмжинэ, нөгөө талаас иргэдийнхээ хуримтлалыг арвижуулж нэг сумаар хоёр туулай буудна. Манайх шиг бэлэн мөнгө тараадаг, хэрэгтэй хэрэггүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг улс цөөн. Манайх ийм жишгээр явах хэрэгтэй.

- Засгийн газар тэтгэврийн санд хэр хэмжээний өртэй вэ?

2 их наяд орчим төгрөгийг буцааж өгөх ёстой. Энэ бол нийгмийн даатгалын сангийн хоёр жилийн төсөвтэй тэнцэхээр мөнгө. Мөн 230 гаруй тэрбумыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын шаардлагаар төлөх ёстой ч төлөөгүй л байна. Нийгмийн даатгалын сан, төсөв хоёр нэг байдгийн гай нь энэ.