Тэтгэврийн сангийн хоосролыг Тавантолгойгоос нөхье
Цагдаагийн хурандаа тэтгэвэрт гараад залуудаа баривчилж байсан гэмт хэрэгтэнтэйгээ Нийгмийн даатгалын газар тааралдаад шоконд оржээ. Учир нь хууль сахиулах үйлсэд насаараа зүтгэсэн түүний тэтгэвэрт 300 мянган төгрөг өгч байхад, нөгөө гэмт хэрэг хийж явсан зальхай этгээд улсаас тэтгэмж гээд мөн адилхан хэмжээний мөнгө авдгийг олж мэдэв.
Энэ мэтчилэн арай ч дээ гэмээр шударга бус, ялгавартай хуудуутай асуудлууд тэтгэврийн тогтолцооны эргэн тойронд үүрлээд удаж байна.
Хоосон нэрийн данс. Энэ жилээс эхлээд тэтгэвэрт гарах хөөрхий настнууд гаж тогтолцооны горыг амсч, хүнд үед багахан тэтгэвэр авах нь ойлгомжтой болоод байна. Нийгмийн даатгалын сангын мөнгийг хөрөнгөжүүлэх арга хэмжээг авахгүй бол болохоо байлаа.
Тэтгэврийн даатгалын санд 2013 оны эцэс гэхэд цалингийн 635 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд 811 тэрбумыг тэтгэвэрт эргээд зарцуулжээ. Сангийн алдагдал ихэссээр л.
Өчигдөрхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг хүлээн авч уулзаж, Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллахыг даалгавар болголоо.
Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж гүйцэхээ байсныг харуулж байна. Уг нь та бидний өдөр тутам хөлсөө дуслуулан олдог цалингаас НДШ-ийг төр авахдаа ирээдүйд энэ чигээр нь, өнөөгийн мөнгөний үнэ цэнийг унагалгүй өгөх үүргийг хүлээдэг. Тэтгэвэр бол төрийн мөнгө биш.
Тэтгэвэр бол төрийн мөнгө биш
Нийгмийн даатгалын газар зөвхөн Тэтгэврийн санд хуримтлал үүсгэж, зөв менежментээр удирдан, чиглүүлж, хамгаалж явах үүрэгтэй. Гэтэл төрийн байгууллага менежментийг сайн хийж чадахгүй байгаа нь алдагдал, нэрийн дансны хоосон бичилтээр батлагдав.
Тэтгэврийн сангийн менежментийг сайн хийвэл тэтгэврийн мөнгө арвижиж улс орон болоод ирээдүйн ахмадуудад маш их хэрэгтэй.
Менежментээр хаана хөрөнгө оруулалт хийх вэ, хэрхэн зохистой арвижуулах вэ гэдгийг шийддэг. Сан болон сангийн менежмент нь тусдаа зүйл бөгөөд менежментийг хувийн компаниар хийлгүүлж болдог дэлхийн жишиг байдаг ажээ.
Гэхдээ сан нь Удирдах зөвлөлтэй бөгөөд тус зөвлөлөөр хувийн компанийн гаргасан менежментийн саналыг хянаж эцсийн шийдийг гаргадаг. Үүний хариуд хувийн компани тодорхой шимтгэлийг нь аваад сууж байдаг.
Харин өнөөдөр Нийгмийн даатгалын газрынхан Тэтгэврийн санд байгаа 370 тэрбумын 10 хувийг нь арилжааны банкинд хадгалуулж байршуулсан.
Тус арга хэмжээг зарим эдийн засагчид шүүмжилж байгаа бөгөөд үүний оронд Засгийн газрын баталгаатай эрсдэлгүй 12,6 хувийн хүүтэй бондыг авах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм.
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
Тухайлбал Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр 2007-2008 онд Азийн хөгжлийн банкны Тэтгэврийн сангийн менежментийг сайжруулах төсөлд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд, тэрээр хэлэхдээ сангийн хөрөнгийг тархаан байршуулж, бонд авах, тодорхой хувийг хувьцаа худалдаж авах, зарим салбаруудад хөрөнгө оруулалт хийх болон валютын ханшны эрсдлээс сэргийлж гадаад тэтгэврийн санд жилийн 7-8 хувийн өгөөжтэй байршуулах хэрэгтэйг анхааруулсан юм.
Санд мөнгө төвлөрүүлээд үхмэл байдлаар байлгаад байвал арав хорин жилийн өнөөгийн үнэ цэнээ алдах болно. Гэхдээ сангийн менежментийг сайн зохицуулахдаа хамгийн гол нь улс төржилтөөс ангид байх хэрэгтэй.
Түүнээс гадна тэтгэврийн санг хямралд орохоос өмнө өмч хувьчлалаас орж ирэх хөрөнгө болон Тавантолгой, Оюутолгойгоос орж ирэх мөнгийг Тэтгэврийн санд төвлөрүүлж, тэндээсээ тодорхой салбарууд руу хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв алхам байж ч мэдэх юм.
Тавантолгойгоос ирээдүйд орж ирэх хөрөнгийг ард иргэдийнхээ хамгийн гол амин зуулгад зарцуулья.
Үгүй бол 1960 оноос хойш төрөгсөд буюу өнөөгийн нийгмийг цогцлооход бүхий л хүч чадлаа дайчилсан олон жилийн гавшгайчид болох аав ээж, ах дүүс, анд нөхөд чинь, 1995 оноос 20 жилийн дараах тэтгэвэрт гарагсад азгүйчүүдийн эгнээнд шилжихэд ойрхон гэсэн үг.
Учир нь аль хэдийн тэтгэврийн сангийн мөнгө гачигдаж эхэлсэн. Түүнчлэн тавхан жилийн дараа буюу 2020 оноос эхлээд Монголын хүн ам насжиж эхлээд бөгөөд ахмад настны тоо нэмэгдэж, 1960-1970 оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн бөөн бөөнөөрөө тэтгэвэрт гарна. Тиймээс тэр үед одоогийн тэтгэврийн тогтолцоо, сангийн муу менежмент үйлчилж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Тиймээс Тавантолгойгоос ирээдүйд орж ирэх хөрөнгийг ард иргэдийнхээ хамгийн гол амин зуулгад зарцуулж, иргэнээ бодсон ухаалаг бодлого явуулах нь цаг нь иржээ.