С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийн хүүг буулгах асуудлыг ярьдаг хүмүүс нь бид биш
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.02.06

С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийн хүүг буулгах асуудлыг ярьдаг хүмүүс нь бид биш

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Тэтгэврийн шинэтгэлийн бодлогын талаар хуулийн төслийг  өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм. 

-Бодлогын баримт бичгийнхээ талаар тодруулахгүй юу?

Төрөөс ойрын болон дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх, баримтлах тэтгэвэрийн шинэтгэлийн бодлогын талаар хуулийн төсөл өргөн барилаа. Энэ бодлогыг өргөн барьснаар тэтгэвэрийн шинэтгэлийн чиглэлээр эрхзүйн актуудыг өргөн барих боломж бүрдэж байгаа юм. 

Түрүүнд нь Төрөөс баримтлах бодлогоо баталж хэрэгжүүлж байсан. Энд хэрэгжээгүй маш олон заалтууд байгаа. Тухайлбал, Тэтгэврийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх асуудал, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадаагүй. Тиймээс шинээр тэтгэврийн шинэтгэлийн талаарх бодлогын тодорхойлж энэ хүрээндээ эрхзүйн зохицуулалт хийх шаардлага үүсч байна. 

-Тухайлбал ямар зохицуулалт хийгдэх вэ?

Тэтгэврийн одоогийн үе шатлалтай тогтолцоог олон үе шатлалтай болгож хөгжүүлэх, ингэснээр тэтгэвэр авагчдын амьжиргааны эх үүсвэрийг хангах. Нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал ч багтаж байгаа. 

Одоогийн нэрийн дансны журмаар тэтгэвэр бодож олгоход хуучин тогтолцоогоор тэтгэврээ тогтоолгож байгаа иргэдээс бага тогтоолгох тооцоо гарч байгаа юм. Нэг үгээр хэлбэл, нэрийн дансанд байгаа мөнгөнөөсөө тэтгэвэр тогтоолгоход хуучин тогтолцооноос бага байх тооцоо гараад байгаа учраас асуудлыг хөндөж тавьж байна. 

Тэгэхээр 1960 онд төрсөн иргэнийг нэрийн дансанд шилжүүлэх асуудлыг 1979 он хүртэл хойшлуулна. Тэгэхдээ сонголттой байх хувилбар оруулна. 1960-1979 онд төрсөн иргэд нэрийн дансаар уу гэдгээ сонгож, өөрт ашигтайг нь шийддэг тогтолцоо руу шилжинэ. 

-Тэтгэврийн хадгалагдаж байгаа мөнгөн дүнд өөрчлөлт орох уу? 

Тухайн үеийн инфляцитай уялдуулаад тэтгэврийн хэмжээг тогтоодог. Урт хугацааны бодлогод тусгаад өгчих боломжтой. Жил бүр шинэчлэгдэж байдаг учраас тэр шүү дээ. 

-Насыг өөрчлөх үү? 

Дэлхий нийтийн чиг хандлага тэтгэврийн насыг нэмэгдүүлэх чиглэлд яваа. Ер нь бол дэлхий нийтийн хүн амын дундаж наслалт өндөр болж байгаа учраас тэтгэврийн насыг нэмж, хасах асуудал онц шаардлагагүй гэж харж байна. Одоогийн байгаа насандаа л ойрын үедээ байх нь зөв гэж бодож байна. 

-Хаврын чуулганаар орж ирнэ биз дээ? 

Намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх бодолтой байна. Хаврын чуулганаар анхны хэлэлцүүлэг байвал зүгээр юм.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж үзэж байна. Эндээс болж ахмадууд жагсч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Бодит үнэнийг бид хэлж байх ёстой юм. Улстөрчид тэтгэвэр авагчдыг ашиг сонирхолдоо ашиглаж, эдийн засаг хямралтай ийм үед улстөрдөө ашиглахаа болих хэрэгтэй. Би нэр бүхий гишүүдэд хандаж хатуу халсан. Тэтгэврийн зээлийн хүүг буулгах асуудлыг ярьдаг хүмүүс нь бид биш. 

Тухайн тэтгэвэр авагч маань тухайн арилжааны банкнаас тэтгэврээ барьцаалаад зээл авдаг. Арилжааны зээл болохоос төрөөс өгч байгаа зээл биш. Өөрөө тэтгэврээ барьцаалаад авч байгаа асуудалд төр оролцож, УИХ-ын гишүүд багасгачихдаг юм биш шүү дээ. Арилжааны банкнаас та бүхэн очоод асуугаарай. Хамгийн өндөр эрсдэлтэй зээлийн жагсаалтад тэтгэврийн зээл багтдаг. 

Арилжааны банкуудын өгч байгаа зээлийг болиулах, хүүг нь бууруулах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй шүү дээ. Ийм юманд ахмадуудаа ашиглаад, төр шийдэх боломжгүй зүйлд хөхөө өвлийн хүйтэнд ахмадуудаа гадаа зогсоогоод байгааг ойлгохгүй байна. Улстөрөө зөв хийх хэрэгтэй. Сар шинэ дөхөж байхад ахмадуудыг тайван байлга л даа. Бодит үнэн гэвэл ийм л байна.