Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд 103 тэрбум төгрөг төсөвлөхөөр тохиров
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2015.01.16

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд 103 тэрбум төгрөг төсөвлөхөөр тохиров

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээг өчигдөр баталж, талууд гарын үсэг зурсан байна. Уг хэлэлцээнд нийт 53 санал тусгаснаас цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал дээр тогтож ярилцсан гэдгийг МҮЭХ-оос мэдээллэв.

Засгийн газрын зүгээс УИХ, намуудын бүлгүүдтэй ярилцсаны үндсэн дээр 2015 онд Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай орж ирсэн.

Энэхүү 103 тэрбумыг 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлнэ. Ингэхдээ Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх хувь хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг салбарын яамд, үйлдвэрчний салбарын холбоодтой тухай бүр зөвшилцөж шийдвэрлэхээр болжээ. 

Дашрамд дурьдахад, дээрх 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг газрын тосны үйл ажиллагаанаас олохоор тооцсон байна.     Бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Цалин, тэтгэврийг индексжүүлэх тухай хууль, Үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын үед Засгийн газраас боловсруулж, УИХ-ын тухай хуульд оруулж батлуулна гэдэгт талууд тохиролцсон гэдгийг мөн МҮЭХ-оос хэлсэн юм.

Хэлэлцээрээ баталгаажуулсны дараа Улс орны тогтвортой байдлыг хангах, иргэдийн ажлын байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр үйлдсэн Санамж бичигт талууд мөэ гарын үсэг зуржээ.