Х.Болорчулуун гишүүн жагсагчдыг дэмжив
Өнөөдөр Чингисийн талбай дээр эмч, багш нар цалингаа 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардан жагсаж байгаа билээ.
Тэгвэл тэдний жагсаалыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун дэмжиж буйгаа илэрхийлэн, жагсаалд оролцож үг хэллээ. Х.Болорчулуун гишүүн эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүнд байгаа ч үүнийгээ энгийн ажилчдад үүрүүлэхийг эсэргүүцэж байна гэлээ. Намуудын удирдлага, төр засгийн тэргүүнүүд гадаадынхнаас авч чадаагүй татварын дарамтаа иргэдэд үүрүүлж байгаа гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Гэхдээ энэ тодотгол урд өмнө нь байгаагүй төсвийн тодотгол болж байна. Юу гэхээр өмнө нь 5-10 хувиар тодотгол хийдэг байсан бол өнөөдөр 40-50 хувийн тодотгол хийж байна.
Ингэж хийхдээ зөвхөн нийгмийн доод түвшинд тодотгол хийж байгаа нь шударга бус юм. Мөнгөний хомсдолтой байгаа ч гэсэн ингэж доод давхарга руугаа чиглэсэн таналтыг хийж болохгүй. Тиймээс өнөөдөр жагссан хүмүүсийн үгийг төр засгийн түвшинд хүргэхийн тулд УИХ дахь бие даагчдын бүлэг тууштай ажиллах болно” гэсэн юм.