Х.Амгаланбаатар: Ерөнхий сайд хэлснээсээ ухрах ёсгүй
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.12.25

Х.Амгаланбаатар: Ерөнхий сайд хэлснээсээ ухрах ёсгүй

Ард иргэдийг нөмөрсөн эдийн засгийн хямралыг туулахын тулд шийдлийн Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авахаар зэхэж байна.

Тухайлбал, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй, халамжийг хавтгайруулж олгохгүй, төрийн албан хаагчдыг цомхотгох талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн. Тэгвэл дээрх асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Тэд цалин, тэтгэвэр тэтгэмж, ажлын байрны цомхотголын талаар гурван талт хэлэлцээр хийхийг хүсч байгаа юм. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

 -Танай холбоо Засгийн газраас гаргаж буй саналуудын заримыг дэмжиж, заримыг нь эсэргүүцэж байгаа юм байна. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?

-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүндрэлээс гарахдаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх нь зүйтэй гэдгийг ч мөн дэмжиж байна. Ингэхдээ ард иргэдийн халаас руу, тэдний өдөр тутмын амьдрал руу орох шийдлийг гаргахгүй байхыг Засгийн газарт бид санал болгож байгаа юм.

Эдийн засгийн хямралаас гаргах Ерөнхий сайдын саналууд нь өдөр хоногоо аргацаан амьдарч буй жирийн иргэдийн эрхийг зөрчиж байна. Төсөв хэмнэх нэрээр шийдлийн Засгийн газар хүүхдийн болон алдарт эхийн одонгийн мөнгө, оюутны тэтгэлгийг олгохгүй гэнэ.

Үүнийг бид дэмжихгүй. Одоогоор 180 гаруй мянган хүн төрийн албанд ажиллаж байгаа. Эдгээр ажилчдад ямар ч буруу байхгүй. Харин дээрх тоо өссөн эсэхэд үе үеийн Засгийн газар өөрсдөө хяналт тавьж байх ёстой. Эдгээр хүний хөдөлмөр, нийг мийн асуудлыг хөндөж, тэтгэвэр тэтгэмжийг тэгшитгэж, огцом буу руулахыг манай холбоо дэмжихгүй.

Оюутны 70, хүүхдийн 20 мянга, алдарт эхийн одонгийн мөнгө олгох талаар ярихад олон нийт талархалтай хүлээж авсан. Тийм ч учраас улс төрийн хүчнүүд нэг нэгнээсээ урьтаж, сонгуулийн үеэр ийм амлалт өгч гарч ирсэн. Гэтэл гэнэт энэ асуудал хэрэггүй болно гэдэг туйлын харьцангуй ойлголт.

 -Цалин, тэтгэвэр тэтгэмж, ажлын байрны цомхотголыг тусгасан гурван талт хэлэлцээрийг танай холбооны санал болгож буй байр сууринаас өөрөөр шийдвэл яах вэ?

 -Тэгвэл хоёр арга зам байна. Нэгдүгээрт, манай холбоо хэлэлцээрийн нэг тал болох үүргээсээ албан ёсоор татгалзах ёстой. Хоёрдугаарт, хамтын маргааныг эхлүүлж, шүүхийн зарч маар шийдүүлэх ёстой. Өөрөөр хэл бэл, эдгээр асуудлыг хэлэлцээрийн хүрээнд зөвөөр шийдэж чадахгүй бол бид дараагийнхаа үйл ажиллагаанд орно гэсэн үг.

Шийдлийн Засгийн газар байгуулаад Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр “Бид шийдлийн, ээлтэй, ард түмний нурууг амраасан Засгийн газар болж ажиллана” гэж хэлж байсан. Энэ байр сууринаасаа ухрах ёсгүй. Бид ч гэсэн энэ чиглэлийг нь дэмжиж ажиллана. Тиймээс ийм гацаанд орохгүй байх гэж ойлгож байна.

 -Ард иргэдийн бүсийг чангалуулахгүйгээр өөр аргаар эдийн засгийн хямралаас гарах гарц байна уу?

 -Олон улс оронд эдийн засгийн байдал төдийлөн сайн биш байгаа. Эдгээр орны хэрэгжүүлж буй арга туршлагыг судлахад ажилчдынхаа тоог цөөрүүлж, хөдөлмөр, нийгмийн зардлыг бууруулсан зүйл байхгүй. Эдийн засгийн хямралаас гарах гарц буруу байгаа талаар 2013 оны есдүгээр сараас хойш манай холбооноос олон удаа илэрхийлсэн.

Иргэдийн цалин, хөлс хангалтгүй, амьдрал нь өдрөөс өдөрт дордож байгаа учир тэд шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Тиймээс одоогийн шийдлийн Засгийн газар иргэдийн амьдралыг дордуулах биш, сайжруулах ёстой.

Дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаанд ялгавартай үнэ тогтоож, үнэ өдрөөс өдөрт буурч байна. Тиймээс шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь бууруулж ард иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газрын төвшинд тодорхой арга хэмжээ авч нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

 Мөн гурван талт хэлэлцээрт санал бодлоо тусгаж, иргэдийнхээ дуу хоолойг уламжилж, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой аймгуудын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төлөөлөл иржээ. Нийт аймгаас Өмнөговь аймгийн иргэдийн амьдрал бага хэмжээгээр илүү байдаг гэсэн ойлголт бий.

Учир нь томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус аймгийн иргэд газрынхаа баялгаас хувь хүртдэг. Гэтэл тэнд иргэдийн амьдрал дордож, жагсаал хийхэд хүрсэн байна. Жагсаалд оролцсон 400 гаруй иргэн цалин, тэтгэвэр, тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй байна. Тиймээс хасах биш нэмэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Тус аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо тэдний хүсэлтийг хүлээн авч, өчигдөр Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.