Х.Амгаланбаатар: Аль салбарт, ямар албан тушаалыг цомхотгох нь тодорхой байх ёстой
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өчигдөр эхэллээ. Энэхүү хэлэлцээрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаархи хууль эрх зүйн орчин,цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эруүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн бүлэг асуудлыг хэлэлцэх юм. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Гурван талт хэлэлцээрийн зорилго юу вэ. Ямар асуудал голчлон авч хэлэлцэх вэ?
Нэгдүгээрт, эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах зорилготой. Энэ чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллана. Энэ тал дээр Үйлдвэрчний эвлэлийн холбоо тодорхой байр суурь, оролцоотойгоор хамтран ажиллана.
Уг хэлэлцээрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар хэзээнээс нэмэх, ажлын байрны баталгааны асуудлыг хэлэлцэнэ. Эдийн засгийн хямрал зөвхөн 2015 оноор дуусахгүй. Цаашдаа эрхзүйн орчныг сайжруулах ёстой.
Энэ үүднээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, Үнэ бүрдэлтийн тухай хуулийг ойрын үед Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулах ёстой. Энэ нь иргэдийн авч буй цалин орлогыг хамгаалах маш том бодлого, эрхзүйн орчин байх болно. Үүнд МҮЭХ ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна.
-Хэлэлцээрээр ажлын байрны баталгааны асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?
Төрийн албыг цомхон, чадварлаг ажилчидтай болгоно гэдгийг Үйлдвэрчний эвлэлийн холбоо дэмжиж байгаа. Гэхдээ аль салбарт, ямар албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг цомхотгох гэж байгаа нь тодорхой бус.
Тиймээс МҮЭХ цомхотгох ажил, албан тушаалынхаа жагсаалтыг өгөөч гэсэн саналыг хэлэлцээрийн хүрээнд явуулна. Ямар хүнийг цомхотгох гээд байгаа нь Үйлдвэрчний эвлэлийн холбоонд тодорхой байх ёстой гэсэн байр суурьтай байна.
-Тус хэлэлцээрээр хүссэн үр дүндээ хүрэхгүй бол яах вэ?
Хэлэлцээр үр дүнтэй байгуулагдвал улс орны эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэх боломж бий. Хэрвээ энэ хэлэлцээр ямар нэгэн байдлаар мухардалд орвол МҮЭХ хэлэлцээрийг эцэслэн батлах эрх үүргээсээ татгалзаж, хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлнэ.
-Өмнөх гурван талт хэлэлцээрийн үр дүн ямар байсан бэ?
2013-2014 оны хэлэлцээрийн биелэлт 81 хувьтай байна. Хууль эрхзүйн орчин, эдийн засгийн шийдэлтэй холбоотой зарим асуудал биеллээ олоогүй. Эдийн засгийн байдал хүнд байгаатай холбоотойгоор Засгийн газрын зүгээс анхаарал тавьж, хэрэгжүүлээгүй заалт бий.
Улсын гурван талт хэлэлцээр гэдэг нь тухайн хугацаанд хэлэлцээр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ- ны тус тусын хүлээсэн үүрэг, үйл ажиллагаагаар хэмжигдэх ёстой. МҮЭХ, МАОЭНХ өмнөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн.
Засгийн газрын хариуцсан ажил төдийлөн өндөр хувьтай гараагүй учраас хэлэлцээрийн биелэлт 81 хувьтай дүгнэгдсэн. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг сүүлийн хоёр жил нэмээгүй юм шиг мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ бодит амьдралтай нийцэх ёстой.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрт 235 тэрбумыг суулгаж чадсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны гурав болон есдүгээр сард эмнэлгийн салбарын ажилтнуудын цалинг 15-23 хувь нэмэх шийдвэр гарч байсан.
Долдугаар сард соёл урлагийн салбарт ажиллагсдын цалинг нэмсэн. Мөн цагаан сарын өмнөхөн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг Засгийн газар бие дааж гаргасан. Тэгэхээр өнгөрсөн онд улс орны эдийн засаг хүнд байсан хэдий ч цалин тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмэх арга хэмжээ авсан. Гэхдээ энэ нэмэгдэл санасан хэмжээнд хүртэл нэмэгдээгүй.
-Төрийн албан хаагчдын дундаж цал ин хэд байна вэ. Сум орон нутагт ажиллаж байгаа иргэд бага цалин авдаг гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Төрийн албан хаагчдын дундаж цалин Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар 788 мянган төгрөг байна. Гэхдээ өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 99 мянга гаруй аж ахуйн нэгжийн 90 мянга гаруй нь арав хүртэлх ажилчинтай жижиг аж ахуй нэгж байна.
Энэ 90 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилчдын дундаж цалин 500 мянган төгрөг. Тэгэхээр 788 мянган төгрөг, 500 мянган төгрөгийн хооронд бараг 300 мянган төгрөгийн зөрүү байна. Энэ тооцоолол дээр иргэдийн амьдралыг хэмжиж болохгүй. Өнөөдөр иргэдийн авч буй цалин 500 мянган төгрөгөөс ч доогуур байна. Алслагдсан сумдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинЖиж байгаа олон хүн байна.
-Та бүхний харж байгаагаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар нэмэх боломжтой вэ?
Манай холбооноос цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг өнгөрсөн онд хүргүүлсэн. Энэ санал хэвээрээ. Өнөөдөр эдийн засаг нэлээд хүнд байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ үүнийг хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн улс орны эдийн засгийн байдалтай уялдуулж ярих ёстой.