Нефтийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоож цалин, тэтгэвэр нэмнэ
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.01.15

Нефтийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоож цалин, тэтгэвэр нэмнэ

Энэ оны төсвийн тодотголоор цалин тэтгэвэр нэмэхгүй, хүүхэд, одонтой ээжүүдийн мөнгийг шалгууртай олгоно гэсэн маш их шүүмжлэл дагуулаад байсан.

Тиймээс Сангийн яам энэ онд цалин, тэтгэвэр нэмж, хүүхэд, одонтой ээжүүдийн мөнгийг хуучин журмаар өгөхөөр боллоо.

Харин хэдхэн хоногийн өмнө цалин тэтгэвэр өгөх ямар ч боломжгүй гэж мэдэгдэж байсан Засгийн газар, Сангийн яам ямар эх үүсвэрээс цалин, тэтгэвэр нэмэх болсон талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас тодруулахад “Нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байсан.

Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөөд нефтийн үнийг нэлээдгүй хугацаанд тогтвортой барьж чадсан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэлээд их хэмжээгээр буурсан. Хөтөлбөрөө зогсоогоод энэ бууралтыг он гартал ажиглаж үзье гэж шийдсэн. Хөтөлбөр хэрэгжүүлээд байвад алдагдал хүлээх эрсдэлтэй байсан.

Цаашдаа нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлал бага байгаа тул онцгой татварыг нэмэгдүүлэх хэлбэрээр цалин, тэтгэврийн нэмэгдэлийн санхүүжилтйг шийдэж болно гэж үзсэн. Өмнө нь нефтийн бүтээгдэхүүн хөтөлбөртэй байсан учраас энэ арга хэмжээг авах боломжгүй байсан” гэлээ.