Цусаа бэлэглэх өдөр сар бүрийн гурванд боллоо
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны удирдлагууд, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/- ийн захирал, Н.Эрдэнбаяр, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг/ МУЗН/ -ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож мэдээлэл өглөө.
Сайд Г.Шийлэгдамба хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод зөвхөн суурин байдлаар цус цуглуулах нэг төв байгаа нь ард иргэд донорын хөдөлгөөнд хамрагдахад хязгаарлалт тавьж байна. Иймд 2013 оноос эхлэн ЦССҮТ–ийн шинэ барилгыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд, ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Шинэ барилга ашиглалтад орсноор цусны албан үйл ажиллагаа олон улсын жишигт ойртож цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалах нөөц гурав дахин нэмэгдэх болно.
Сар бүрийн 03-ны өдрийг сонгож авсан бэлэгдлийн утгыг “Таны цуснаас 3 бүтээгдэхүүн бэлтгэж, 3 хүний амь нас авардаг. Мөн үүрд мөнх орших тулгын 3 чулуу, Монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбын дээрх 3 гал, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цаг зэргээс 3-ын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг тул сар бүрийн 3-ны өдрийг сонгосон” хэмээн сайд тайлбарласан юм.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд 2014 онд нийт 18875 донор цусаа бэлэглэсэн нь 2010 онтой харьцуулахад 4030 донороор буюу 1,4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь цусны хэрэглээ захиалга өндөр байгааг харуулж байна. Иймд Донорын байнгын тоог нэмэгдүүлэх, хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхээр Баянгол эрүүл мэндийн цогцолборт “Цус цуглуулах төв”-ийг нээсэн. Шинэ цус цуглуулах төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр цусаа бэлэглэгч доноруудад бидний үйлчилгээ ойртож, байнгын, идэвхтэн донорын тоо нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах боломжтой болсон гэж ЦССҮТ- ийн захирал Н.Эрдэнбаяр ярилаа.
Хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хүний алтан амийг аварна гэдэг нь эрхэм хүндтэй үүрэг учраас МУЗН-ээс цусны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр “Залуу донор клуб” байгуулан ажиллаж байгаа. Донорын хөдөлгөөнийг сурталчлах, залууст ач холбогдлыг ньтанин мэдүүлж ойлгуулахад бид онцгойлон анхаарч ажилладаг. Энэхүү ариун үйлсэд бүх нийтээрээ нэгдэхийг МУЗН-ээс энэ үеэр уриаллаа.
Ийнхүү энэ өдрийг ард иргэддээ уриалан тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэн, бүх нийтийн үйлс болгохоор зорьж, Эрүүл мэнд, спортын яамныхан цусаа бэлэглэн "Цусаа бэлэглэх өдөр"-ийг манлайлан эхлүүллээ. Сар бүрийн гуравны өдөр улс орон даяар иргэн бүр цусаа тогтмол бэлэглэдэг болсноор цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах боломжтой болох юм байна.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь тогтмол цусаа бэлэглэж байвал цус цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээгээ хангаж чадна гэж зөвлөдөг бол манай улсад энэ үзүүлэлт ердөө 0,8 хувьтай байна. Тиймээс ЦССҮТ МУ-ын нийт хүн амын 1,5 хувийг цусны донор болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс дэлгэрэх болтугай.