Хэн нь хэн бэ гэдгээ дөрвөн сарын хугацаанд харууллаа
2015.04.08

Хэн нь хэн бэ гэдгээ дөрвөн сарын хугацаанд харууллаа

Танхимынхаа олонхи сайдуудыг танихгүй байтал солигдчих вий

"ММ” энэ удаагийн дугаартаа Шийдлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил шийдэж, юу хийхээр эхлүүлэв гэсэн асуудлыг онцолж байна. Үнэндээ бол бид хэн нь юу хийж байгааг хэвлэлээс л харах боломжтой. Бусдаар мэдээлэл олж авах боломж бараг үгүй гэж хэлж болно. Арванхоёрдугаар сарын 10-нд Шийдлийн гэх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах тамгаа гардаж авснаас хойш яг дөрвөн сар өнгөрч байна. 

Асуудлаа харилцан ойлголцож, нэг ч хором амрахгүйгээр салбар салбартаа шийдэх асуудлаа шийдээд явна хэмээн амласан зарим сайд ажлаа хийдэг эсэхийг мэдэхгүй л дөрвөн сар өнгөрөв. Гүйцэтгэх засаглалын тэнхимийн тэргүүн нь наанаа хэчнээн сайхан зүйл ярилаа ч танхимд багтсан сайдууд нь ажлаа мэдэж, асуудлаа ойлгож ажиллахгүй бол хэн юу хийж байгааг ард түмэн тааж мэдэх аргагүй. 

Тэр дундаа дөрөв дэх засаглалын өмнө нүүрээ ч харуулахгүй, ичээндээ орчихсон, өдөр тутмын сонин хэвлэлээс өдрийн од шиг нэрийг нь олж уншиж байгаа сайдуудыг ажлаа сайн хийдэг, асуудлаа ойлгодог сайд гэж дүгнэх боломжгүй юм. Хэвлэл мэдээлэлд өөрийнхөө хийсэн ажлыг танилцуулж, бидний хийсэн ажил энэ шүү гэж гарт баригдах, нүдэнд харагдах ажлаа харуулахгүй л бол “би ийм ажил хийсэн” гэж мянга орилоод ч нэмэр байхгүй биз дээ. Яг л дөрвөн жил сурчихаад ангийнхаа багшид танигдахгүй төгсдөг оюутан шиг. Ийм сайд олон байна, энэ танхимд. Дөрвөн сарын хугацаанд ядахдаа нэрийг нь ч мэдэхгүй өнгөрч байна.

Цаашдаа ч энэ хэвээр байж мэдэх нь. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад жил гаруйхан хугацаа үлдчихээд байхад улс төрийн томилгоо хийж, дарга цэргээ халж солихоос өөр хийж гийгүүлсэн ажилгүй эрхэм сайдууд, нөгөө талаар богинохон хугацаанд хийх гэж зүтгэж байгаа сайдууд ч цөөнгүй байгаа учраас шийдлийн Засгийн газрын сайдууд 120 хоногийн хугацаанд юу шийдэж вэ гэдгийг салбар яам, сайд тус бүрээр нь тоймлон хүргэж тэдэнд ажлаа хийх цочроо өгөхийг чухалчиллаа. Цаашдаа энэ амжилт алдааг нь цэгнэсэн бичлэгээ та бүхэнд цувралаар хүргэх бөгөөд дэд сайд, яам агентлагийн дарга цэргээр үргэлжилнэ. 

Аялал жуулчлалын салбарыг хөл дээр нь босгов

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол

1990 оноос хойш байгуулагдсан 14 Засгийн газарт цөөхөн эмэгтэй сайд ажиллаж байсан. Тэр жишгээр өнөөгийн танхимд ч хоёрхон эмэгтэй сайд багтсан. Түүний нэг нь БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол. Энэ эмэгтэйг хэтэрхий хожуу сайд боллоо гэж дүгнэх хүмүүс цөөнгүй бий. Монголын төрд хамгийн олон удаа сонгогдож, олон ч салбарын хуульд өөрийн санал бодлоо нэмэрлэж, батлалцсан тэрбээр Монгол Улсын байгаль орчны салбар тэр дундаа аялал жуулчлалын салбарыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулах ажлыг хийж чадлаа. 

Энэ бол хэтийдсэн магтаал биш. Олон улсын аялал жуулчлалын томоохон компани, аялал жуулчлалаар улсаа хөгжүүлсэн лидерүүдийн цугладаг “ITB Berlin-2015”-д Монгол Улс анх удаа гол түншлэгч орноор оролцсон жишээ л хангалттай амжилттай удирдаж байгааг нь баталчихна. Монголын ч биш дэлхийн 180 гаруй улсын 1000 гаруй хэвлэл мэдээлэл зөвхөн Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчилсан. Тэр хэрээрээ ч бид уналтад ороод байгаа эдийн засгаа аялал жуулчлалд тулгуурлан хөгжүүлэх боломж нээгдэж байна. Эдийн засгийн чуулганы үеэр аялал жуулчлалын салбарт анхаарал хандуулж, тусдаа салбар чуулган болгон хэлэлцэж, аялал жуулчлалын салбарт анх удаа төр ингэж их анхаарал хандуулж эхэллээ.

Сайдын ажлаа авсан дөрвөн сарын хугацааных нь үр дүн энэ намраас гарч эхэлнэ. Аялж жуулчлах сонирхолтой улс орны талаар жуулчдаас авсан судалгаанд Монголыг сонирхсон гэдгээ нэгхэн сарын дотор гурван сая хүн илэрхийлсэн талаархи мэдээлэл дэлхийд түгж эхэлсэн нь яах аргагүй Д.Оюунхорол сайдын амжилт юм. Байгаль орчны асуудлыг нэн даруй гартаа оруулж, хулгайн мод, Туул голын бохирдол зэрэг асуудлаар тууштай ажил хийж эхлүүллээ, тэр. 

Хүүхэд нэг бүрийн хөгжилд анхаарагч

БСШУ-ы сайд Л.Гантөмөр 

Шинэчлэлийн Засгийн газрын танхимаас улирч үлдсэн хоёр сайдын нэг нь Л.Гантөмөр. Японд боловсрол эзэмшиж ирсэн АН-ын шилдэг боловсон хүчний нэг энэ залуу Н.Алтанхуягийн үед, Ч.Сайханбилэг удирдаж байх үед ч боловсролын салбарыг унагасангүй. Эмх замбараагүй их дээд сургуулийн асуудал өнгөрсөн гурван жилд эмхэндээ орлоо. 

Дээд сургуулийн боловсролыг сургалтын төлбөрөөр хэмждэг байсныг өөрчилж чадлаа.  Боловсролын салбарт хийсэн шинэчлэл бүхнийг нь тоочно гэвэл цаг багадаж, цаас ч их орох биз. Тэрбээр, Шийдлийн Засгийн газрын танхимд багтаснаасаа хойш нэг том ажлыг хийсэн нь сурагч нэг бүрийг хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь очиж танилцсан явдал. 

Чуулганы завсарлагаанаар тэрбээр нэлээдгүй олон аймаг, сумдаар орж “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтээс гадна орон нутагт ажиллаж байгаа багш нартай уулзаж нэг бүрийнх нь санал бодлыг сонсох ажлыг хийжээ. Энэ талаар ч хэвлэл мэдээллээр хангалттай гарсан. Алс холын Хөвсгөлд байгаа нэг багшийн амьдралд юу тулгамдаж байгааг сонсч, түүнийг нь хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг сайд байна гэдэг хамгийн чухал чанар. Хөрсөнд буугаагүй хууль баталчихаад түүнийгээ тулгадаг гэхээс илүү багш нэг бүрийн ур чадварт анхаарна гэдэг талархах ёстой ажлын нэг. 

Багшлах эрхийн ур чадварын шалгалтыг авдаг, тэнд тэнцсэн нь эрхээ авдаг шинэ жишгийг нэвтрүүлсэн нь Л.Гантөмөр сайдын амжилт. Хамгийн чухал нь сайдын эхлүүлсэн сурагч нэг бүрийн авьяасыг бага наснаас нь эхлэн хөгжүүлж, хүүхэд аль чиглэлд, ямар мэргэжлээр суралцах, мөн өөрийн нээж хөгжүүлж чадаагүй авьяасаа хөгжүүлэх боломжийг олгосон хөрсөн дээрээ зөв бууж чадсан эсэхийг энэ хөтөлбөр батлачихлаа. Нэг үгээр хэлбэл, нүдээ олсон ажил болжээ. 

Хүн бүхэн математикч болох албагүй. Тэр дунд урлагийн гоц авьяастан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх олон том шатрын их мастерууд байгаа. Тэр болгоны авьяасыг нээж илрүүлэх ажлыг эхлүүлснээр бид сүүлийн гурван жилд олон, олон бяцхан дэлхийн аваргуудыг угтан авлаа. Энэ эрчээрээ ч цаашаа ажиллах биз. Хамгийн чухал нь Монгол Улсын боловсролын салбар эхнээсээ эмхэндээ орж эхэлсэн нь том амжилт юм.