Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.04.10

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.04.10/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барив.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-нд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болсон юм.

Хэлэлцээрийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” зэрэг төслүүд хэрэгжих юм.

Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх бодитой шаардлага тулгарч байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах үндэслэлийг бий болгосон байна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.