Э.Бат-Үүл: Шидэт саваагаар дохичихмоор л санагддаг
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.04.15

Э.Бат-Үүл: Шидэт саваагаар дохичихмоор л санагддаг

“ЗГМ” сонин энэ удаагийн “Редакцын зочин” буландаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг урилаа. Түүнтэй “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт болон нийслэлийн хөгжлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

- “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнийг та нийслэлийнхний амьдралд чухал үйл явдал болно гэж онцолсон. Чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид нийлээд Улаанбаатарын худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулаад, анхныхаа чуулга уулзалтыг хийх гэж байгаа анхаарал татсан үйл явц боллоо. Энэ чуулга уулзалтаар Улаанбаатар хот хөгжлийнхөө төлөвлөгөө, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр болон 2015 оны төсвийн хөрөнгөөр худалдан авах үйл ажиллагааныхаа бүх мэдээ мэдээллийг танилцуулна. Учир нь цаашид Улаанбаатар хотын хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил байна.

2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг хэрэгтэй. Бидэнд төсвийн эх үүсвэр хомс тул энэ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Харин хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм бол тэд ийм боломжийг бүрдүүлж өгнө гэдгийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн Улаанбаатар хотын хөгжлийн үйл явц харуулсан. Жишээ нь, 2000-2012 онд нийслэлд барилга байгууламж хоёр дахин нэмэгдсэн нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Энэ бол хувийн хэвшлийн хүч чадлыг харуулсан үйл явц байлаа.

-Улаанбаатар хот үүцээ задалж, бэлэн байгаа төслүүдээ танилцуулна гэж байгаа. Тухайлбал, тэр дунд ямар чухал төслүүд байна вэ?

Улаанбаатар хот олон төвтэй болох, суурьшлын шинэ төвүүд, дагуул хотуудыг бий болгохоос эхлээд дэд бүтэц, замын бүтээн байгуулалтууд гээд олон төсөл байгаа. Хувийн хэвшлийнхэн ч нийслэлээс дэмжвэл санал болгох төслүүд байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэд мөн өөрсдийнхөө үүцийг дэлгэж, төслүүдээ санал болгоно. Тэгэхээр энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн чухал үйл явдал болж байгаа. Өөрөөр хэлбэл, аль аль нь төслөө харилцан санал болгосны дотроос хэрэгжиж болох төслүүдийг хамт боловсруулахаас эхлээд дуустал нь хамтран ажиллана.

-“Найрсаг Улаанбаатар” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилтыг Та тавьж, таван сая жуулчин ирдэг болгохоор төлөвлөөд байгаа. Энэ хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжинэ гэж харж байна вэ?

Нийслэлчүүд найрсаг байж чадвал энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой. 2020 он гэхэд хоёр сая, 2030 онд энэ тоог 2.5 дахин нэмэгдүүлэх тооцоолол хийж байгаа. Өнөөдрийн байдлаар бид үнэндээ 300 орчим мянган жуулчин л авдаг. Тийм болохоор дээрх зорилтыг шоолонгүй хүлээж авч буй хүн цөөнгүй бий. Гэхдээ энэ зорилт хэрэгжих боломжтой. Хамгийн гол нь бидэнд найрсаг байх шаардлага гарч ирж байна. Яагаад гэвэл жуулчид бол орлоготой, өөрийнхөө амьдралын асуудлыг шийдчихсэн, нэлээд чинээлэг хүмүүс. Тийм хүмүүс өөрт нь хүндэтгэлгүй, найрсаг бус хандахад маш эмзэг хүлээж авдаг. Тэртэй тэргүй жуулчдыг татах гэж дэлхийн бүх улс, хот өрсөлддөг тул жуулчид зүй ёсны хүндлэл шаарддаг. Хэрэв зүй бус, бүдүүлэг харилцаад эхэлбэл өөр сонголт зөндөө.

Хэрэв таван сая жуулчин ирдэг болбол Улаанбаатар хотын нэг өрхийн жилийн дундаж орлого 20 мянган ам.долларт хүрнэ гэсэн урьдчилгаа тооцоо гаргасан. Нэг ёсондоо жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлье, ажилгүйдэл, ядуурлыг бууруулая гэж 1990 оноос хойш яриад хийж чадахгүй байгаа бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл бид таван сая хүнийг хүнс хоол, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах хэрэгтэй болно.

Тухайлбал, Сөүл хотод 2013 онд өмнөд хөршийн гурван сая жуулчин очоод 11 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Бид энэ зорилтоо биелүүлж чадвал Улаанбаатар хотын айл өрх бүр бизнестэй, тогтвортой орлоготой болно гэсэн үг.

-Зөвхөн найрсаг байхаас гадна үзэж харуулах зүйл манайд хомс. Тэгэхээр найрсаг байх хангалтгүй юм биш үү?

Яг үнэндээ бидэнд үзүүлж харуулах юм их байдаг юм байна. Харин яаж хүргэхээ л мэддэггүй. Жишээ нь, өнөөдөр 400 морьтой хүүхэд гараад давхидаг уралдаан дэлхийд байхгүй. Тэр олон морьтой хүүхэд гараанаас гараад давхихад огшдоггүй хүн хаана ч байхгүй. Харамсалтай нь бид гарааг бус, бариаг нь харуулаад байдаг. Гэтэл бариан дээр уяачид л баярлана.

Занабазарын урлалыг гаргаад жуулчдад үзүүлэхэд л бид гайхуулна. Занабазар гэдэг чинь дэлхийд Чингисийн дараа ордог нэр байхгүй юу. Японууд Фүжи уулаа үзүүлээд бизнес хийж байхад Чингисийн Бурхан Халдун уулын барааг харах гэсэн жуулчин дэлхийгээр нэг байна шүү дээ. Энэ уулын нэр дэлхийн бүх түүхийн номд бий. Гэтэл сөхрүүлж суулгаад алан хядагч нар шиг авирлахаар хүмүүс үргээд байна шүү дээ. Магадгүй XIII зуунд Фүжи ууланд дураараа авирвал Японд ч гэсэн толгойг нь авдаг л байсан байх. Уучлаарай, өнөөдөр чинь XXI зуун, бизнесийн эрин шүү дээ.

Ирэх наймдугаар сарын 8-нд бид 220 жил хийж байгаад тасарсан даншиг наадмыг зохион байгуулах гэж байна. Буддын соёлын ийм том фестивал хаана ч байхгүй. Танайд наадмаас өөр үзүүлэх зүйл байхгүй юм гэж жуулчид хэлдэг. Тэгвэл энэ зун бид хагас, бүтэн сайнгүй л фестивал, жуулчдад зориулсан хөтөлбөр гаргахаар төлөвлөсөн.

-Таны хийсэн ажлуудаас авлигын эсрэг хийж буй санаачилгуудыг орхиж болохгүй байх. Ялангуяа, төрийн байгууллагууд дундаас энэ чиглэлээр хамгийн идэвх, санаачилгатай ажиллаж байгаа гэж АТГ үнэлсэн байсан?

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлээд байна. Зүгээр нэг шуналтай хүний төдий асуудал биш. Авлигаас болоод Монгол Улс цаашид тусгаар улс байж чадах уу, үгүй юү гэдэг дээрээ туллаа.

Тийм учраас авлигатай тэмцэх нь эх орныхоо төлөө тэмцэх тухай асуудал юм. Бид цаашид тусгаар улс байя, хөгжье гэж үзэж байгаа бол авлигатай тэмцэхээс өөр сонголт байхгүй. Том улсууд авлигад автахаараа эрх барьж байгаа бүлэг нь солигддог бол жижиг улс авлигад өргөн цар хүрээнд автах юм бол тэсдэггүй, мөхөж орхидог.

Бид түүхэндээ авлигын шинжтэй үйлдлээр тусгаар тогтнолоо угтсан байдаг. 1919 онд Дээд хурал нь хуралдаад өөрийнхөө улсыг устгах тухай тогтоол гаргаж байсан түүхтэй. Монгол Улсын автономит эрхийг устгасугай, бид Дундад иргэн улсын нэг хэсэг мөн гэсэн тогтоол гаргаж байсан. Тэр үед ийм шийдвэр гаргасных нь төлөө Богдод 27 мянган лан цалин пүнлүү амлаж байсан түүхтэй.

Тусгаар байна гэдэг бид улсын зэрэгтэй байна гэсэн үг. Бидний үеийнхэн өөрсдөө чөлөөт нийгэмд төрж өсчихөөд үр хүүхэддээ бусдын хязгаар нутагт байх хувь заяа ногдуулж яаж болох билээ.

-Авлигатай тэмцэх нь улс төрчдийн ч чин эрмэлзэл байх ёстой. Гэтэл сүүлийн үед АТГ-ыг татан буулгаж, гүйцэтгэх ажлыг нь тагнуулын байгууллагад өгье гэсэн яриа улс төрийн хүрээнийхнээс дуулдах болсон. Энэ талаар Та юу гэж бодож байна вэ?

АТГ-ыг хэрхэвч татан буулгаж болохгүй. Яагаад гэвэл авлига үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа энэ үед манаачтай байлгах хэрэгтэй. Би АТГ-ын зарим нэг үйл ажиллагааг шүүмжилдэг. Нотлох баримт, үндэслэл хангалтгүй байхад барьж, хорьж байгаа эргэлзээтэй үйл ажиллагаа явуулж буй нь шүүмжлэлтэй. Гэхдээ АТГ бий болсноос хойш авлига эрсдэлтэй зүйл болж хувирсан. Шуналтай улсууд эрсдэлтэй л байх хэрэгтэй. Ганц нэг хүний шуналаас болж үр хүүхэд, улс үндэстнээрээ хохирмооргүй байна шүү дээ.

Тусгаар улс байгаагийнхаа хүчинд бид зөв ч бай, буруу ч бай баялгийнхаа талаар өөрсдөө хэлэлцэж байна. Хэрэв тусгаар байгаагүй бол Тавантолгой, Оюутолгойг хэн ч биднээс асуухгүй байсан. 1990 оноос өмнө хэн ч Мардайг биднээс асуугаагүй шүү дээ. Тэр үед ямар нэгэн юмыг биднээс асуудаг ч үгүй байсан. Тэгж яривал Мардайн хашаа руу Монгол Улсын сайд дөхөх ч эрхгүй байсан. Тусгаар тогтнол бол улс төр, эдийн засаг гээд бүх зүйлийн капитал.

-Улаанбаатар хот дэлхийн бусад томоохон хоттой адилхан өөрийн гэсэн нэртэй академитэй болох гэж байгаа гэж сонссон. Үнэн үү?

Авлигатай тэмцэх академи байгуулах санаачилга гаргасан байгаа. Авлигатай тэмцэх гэдэг зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх төдий асуудал биш. Иргэдийнхээ оюун санаа руу, ялангуяа, үр хүүхдүүддээ авлигын хор уршгийг багаас нь ойлгуулж, авлигыг тэвчихгүй байх үзэл санаагаар хүмүүжүүлэх ёстой.

Авлигын тал дээр бид гэнэн хонгор хандаад байгаа юм биш. Өндөр хөгжилтэй орнуудад ч авлига байсаар, авлигач улстөрч гарсаар л байна. Ер нь төр байгаа цагт шуналтай улстөрч байсаар л байдаг аж. Гэхдээ өндөр хөгжилтэй улс орнуудад авлигачдад хариуцлага тооцдог, тэднээс салж холдож чаддаг бол манайд нүүрлээд буй гол аюул нь авлига нийтийн санаа бодол болчих гээд байна. Нийгмийн соёл, амьдрах арга болчих гээд байна. Авлигыг нийгмийн харилцааны гол арга болгож ерөөсөө болохгүй.

-Таныг хотын дарга болсноос хойш нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагуудаас хөрөнгө орлогын мэдүүлгээ ямар нэгэн байдлаар хоцроосон ч юм уу, эсвэл илт авлигын дуулиан шуугиантай хэрэгт холбогдсон тохиолдол байгаа юу?

Сүүлд л гэхэд Газрын албаны хоёр ч ажилтан АТГ-т дуудагдаж, хоригдоход хүрсэн, зарим нэг хүнийг шалгах тухай дуулдаж байна. Тийм учраас бид илүү сайн ажиллах шаардлагатай. Авлигатай тэмцэхийн тулд асуудалд бодитой хандах хэрэгтэй. Амьдралд боломжийг нь хангаад өгвөл хүн нэр төртэй байхыг л хичээдэг. Гэтэл манай төрийн захиргааны ажилтнуудын 50 хувь нь өөрийн гэсэн орон сууцгүй, айлын халаасны өрөөнд, хашаанд амьдарч байна. Амьдралынх нь баталгаа хангалтгүй.

Хүүхдүүдтэйгээ айлын халаасны өрөөнд амьдарч байгаа хүнд очоод хэн нэгэн нь байрны түлхүүр гардуулах авлига санал болгоход тэр хүн өөрийнхөө нэр төрийг хамгаалах үнэндээ амаргүй. Энэ хүн шуналтайдаа авлига аваад байгаа юм биш, амьдралынхаа хэрэгцээнээс болоод гарцаагүй байдалд түлхэгдэж байна. Тиймээс авлигатай тэмцье гэвэл ажил олгогчийн хувиар амьдрал, нийгмийн асуудлаа шийдэхэд нь хүмүүсээ дэмжих ажлыг эхлүүлж байгаа.

-Боломжийг нь хангаж өгөөд байхад авлига аваад байдаг хүмүүсийг яах вэ?

Нэр төрөл тоодоггүй, хэрэгцээ нь ханадаггүй хүмүүс бас байна. Гэхдээ олонх нь нэр төртэй байх боломж гарвал шуналаасаа татгалзаж чаддаг. Үнэхээр шуналаасаа татгалздаггүй улстай хайр найргүй тэмцэхээс өөр аргагүй. Тэмцэхийн тулд бүх зүйлээ шилэн болгох хэрэгтэй байна. Уулзалтаа, дансаа шилэн болгох хэрэгтэй. Үгүй бол авлигаас хол байж чадахгүй.

-Хотын дарга болоод хийе гэж хүссэн ажлууд тань хэр гүйцэлдэж байна вэ. Санасан хэмжээд тань хүрч чадаж байна уу?

Мэдээж хийх ажил маш их байсан. Их ч байгаа. Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол хүүхдүүдийн асуулт. “Манай хот хэзээ гоё, цэвэрхэн болох юм бэ” гээд асуухаар амаргүй байдаг. Гэхдээ чадлаараа л үзэж байна. Үнэнийг хэлэхэд сэтгэл ханах зүйл ерөөсөө алга. Болдог бол шидэт саваагаар дохичихмоор л санагддаг. “Токио шиг гоё хот болог” гээд дохичихмоор л байна. Тийм шидэт саваа байхгүй болохоор үзэж тарж л байна.

-Нийслэлийг удирдах бүрэн эрхийн хугацааны тань талаас илүү нь өнгөрчихсөн. Үлдсэн жил гаруйн хугацаанд хийчих юмсан гэж зорьж буй ажлууд байгаа байх?

Гурван ажлыг онцгой анхаарч байна. Нэгдүгээрт, гэр хорооллын хашааны газрыг барьцаалж зээл өгдөг тогтолцоог бий болгомоор байна. Гэр хорооллын хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг яаравчилмаар байна. Яагаад гэвэл 1990 оноос хойш ардчиллын үйл явц замаасаа нэлээд гажих хандлагатай болсон. Ардчилал, чөлөөт эдийн засгийн өгөөж улам бүр цөөхөн хүнд наалдаж, нийгмийн олонход хүртээлгүй болж эхэлж байна. Нийгмийн олонх нь хашааны гадна гарчихаад, ардчиллын үр өгөөжийг хүртэж чадахгүй боллоо.

Уг нь хашааны газар бол маш үнэ цэнэтэй хөрөнгө. Тийм үнэ цэнэтэй хөрөнгөтэй хэрнээ банкнаас зээл авахаар очиход зүс царайг нь хараад гаргаж байна шүү дээ. Сайн анзаарвал манай банк санхүүгийн байгууллага зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг гаднаас нь сонжиж, үнэлэх хандлагатай байгаа юм. Яг үнэндээ өндөр хөгжилтэй улс орнуудад хүнийг харж бус, хөрөнгийг нь үнэлж зээл өгдөг. Жишээ нь, Швейцарьт амьдардаг миний үеийн хоёр монгол хүн 100 жилээр зээл авсан байсан. Энэ тухай иргэддээ яаж ойлгуулахаа мэдэхгүй байна. Тэрийг сонсоод “Яагаад та нарт 100 жилээр өгч байгаа юм бэ? 100 жилийн дараа та нар байхгүй шүү дээ” гэсэн чинь бидэнд биш, бидний газарт зээл өгсөн юм гэж хариулсан. Ийм л боломж байх ёстой.

Ийм тогтолцоонд шилжих эхлэлийг бид тавих гэж байна л даа. Арван айл хашааны газраа барьцаалаад зээл авчихаг. Авсан зээлээрээ газар дээрээ 30 айлын таун хаус нягтруулаад барьчих. Яагаад гэвэл хот газар ашиглалтаа сайжруулмаар байна. Тэгээд арван хауст нь өөрсдөө ороод үлдсэн 20 байшингаа моргейжийн зээлд өгчихнө. Бид моргейжээр иргэд худалдан авахад нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид гэр хорооллынхоо айл бүрийг бизнестэй, мөнгөтэй болгох зүйлийг санал болгох гэж байна.

Ингэвэл Улаанбаатар маш хурдан хөгжинө. Фернандо Дэ Сатогоос эхлээд хөгжлийн эдийн засагчид ч ингэж зөвлөдөг. Тэр хүн Улаанбаатарт ирээд судалгаа хийснийхээ дараа “Танай гэр хорооллын газрын актив 7.2 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүнийгээ эргэлтэд оруулаач. Тэгж чадвал та нар хөгжлөө” гэж байсан. Тиймээс эхний ээлжинд энэ ажлыг хиймээр байна.

Хоёр дахь гол ажил бол нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах. Манай иргэд хувийн унаанаас илүү нийтийн тээвэрт хошуурдаг болмоор байна. Хотоо Лондон шиг болгомоор байна. Лондон хотын оршин суугчдын 92 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг.

Харин гурав дахь нь дээр ярьсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр. Манжуур хоттой жуулчдынхаа тоогоор өрсөлдмөөр байна. Манжуур 2013 онд зургаа, 2014 онд долоон сая жуулчин хүлээн авсан байна. Тэгвэл бид ядахдаа таван сая хүн авчирмаар байна шүү дээ.

-Улаанбаатар хотыг муухай харагдуулдаг зүйл бол хотын иргэдийн хандлага. Гудамжид шүлсээ хаяж, бие засахаас эхлээд байж боломжгүй үйлдэл гаргадаг. Ийм үйлдэл гаргасан хүмүүст тооцох хариуцлагыг чангатгаж болдоггүй юм уу?

Хариуцлага тооцож, арга хэмжээ авах бол зөвхөн нэг л тал нь. Нөгөө талаас бид эсрэгээрээ сайн зүйл хийж байгаа хүмүүсээ урамшуулмаар байна. Ахуй амьдралыг нь хурдан өөрчилмөөр байна. Өөрөөр хэлбэл, тохилог орон сууцанд амьдраад, гадаа бие засдаггүй, гал түлдэггүй л болчихвол үүнийг дагаад аяндаа хотын соёл бий болно.

Хоёрдугаарт, хог хаягдлын үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй. Хэрэв нөхцөл байдлыг бодитоор харвал манай нийслэлчүүд байгаа нөхцөл боломждоо харин ч илүү цэвэр цэмцгэр байгаа шүү. Хүн амын 50 хувь нь гэр хороололд амьдардаг, нутаг дэвсгэрийн 78 хувь нь гэр хороолол байгаа ийм нөхцөлд харьцангуй цэвэр байгаа гэдгийг онцгойлон хэлмээр байна. Яг манайхтай ижил нөхцөл байдалтай хот, улсад очоод үзвэл манайхнаас арав дахин бохир байгаа шүү.

Нэмж хэлэхэд Улаанбаатар хот дүрэмтэй болж байгаа. Хотын иргэн болж байгаа л бол дүрэмтэй танилцаж, дүрэм биелүүлнэ. Тэгснээр таныг Улаанбаатарын оршин суугч хэмээн бүртгэж авдаг журам руу шилжинэ. Тэр дүрэмдээ хог хаяглдлын талаар нэлээд сайн тусгана.