Улсын эмнэлгүүдийг төрөөс хараат бус болгоно
2015.04.15

Улсын эмнэлгүүдийг төрөөс хараат бус болгоно

Манай улсын эмнэлэгийн тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун байх хүн ховор. Наанадаж эмнэлгийн хүрэлцээ түүнийгээ дагаад эмч мэргэжилтний ажлын ачаалал тэдний зан харилцаа гээд олон зүйлийг тоочих болно.

Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбар цэгцрэхгүй өнөөг хүртэл маргаан дагуулж байгаа. Бусад бүх салбар зах зээлийн харилцаанд аль хэдийнэ шилжиж төлбөрөө төлөөд түүндээ тохирсон үйлчилгээ авч байгаа. Эрүүл мэндийн салбар үеийн үед улсын гар хардаг. Иймээс улсын эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангуулж энэ байгууллага нь ашгийн биш юмаа гэхэд менежментийн байгууллага байх ёстой юм. ЭМСЯ-ны дэргэдэх 16 эмнэлэгийн чанар хүртээмжийн үр дүн сайн харагдахгүй байна. Тиймээс эмнэлэгүүдийнх нь бие даасан байдлыг нь хангуулаад хариуцлагыг өөрсдөөр нь үүрүүлээд явах юм.

Ингэснээр эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ хүртээмж сайжирна гэдгийг салбарынхан онцолж байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат "Монгол Улс зах зээлийн харилцаанд ороод 25 жил болж байна. Гэтэл эрүүл мэндийн салбар энэ харилцаанаас гадна үлдсэн. Тиймээс үйлчилгээний чанар, хүртээмж нь дээр үеийнх шиг байдлаараа яваа. Энэ салбарын зарим хэсэг нь тухайлбал эм хангалт нь 100 хувь хувьчлагдсан. Эмийн салбар сонголт ихтэй, хүртээмж өндөр болсон. Хувийн хэвшлийн байгууллага нь ашгийн төлөө байдаг.

Төрийн байгууллагууд нь орж ирсэн мөнгийг тараадаг тогтолцоо бий болсон. Ямар нэгэн менежментгүй. Иймээс үүнийг сайжруулахын тулд менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх боломж бий. Эрүүл мэндийн салбар гурван шатлалаар эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Анхан, дунд, гурав дахь. Анхан шатны үйлчилгээг хувийн хэвшлийнхэн гэрээгээр гүйцэтгэж байгаа. Энэ байдлаараа 15 жил явсан юм чинь дэлхийн жишгээр хувь руу хандах ёстой" гэв.

Эмнэлэгүүдийг бие даасан байдалтай болгож удирдах зөвлөл ажиллуулснаар тухайн байгууллага бодлого төлөвлөгөө санхүүжилт, хүний нөөцийн асуудлаа бие даан боловсруулж шийдвэр гарган ажиллах боломжтой болох юм.

Энэ нь улсын эмнэлгүүдийг хувьчилна гэсэн үг биш. Харин эмнэлгүүдийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын төлөөлөл есөн хүнээс бүрдсэн удирдах зөвлөлтэй болгох аж. Үүний үр дүнд засаг солигдох бүр халаа сэлгээ хийгдэж байдаг эмнэлгийн даргыг тухайн салбарын сайд нь улс төрийн томилгоо байдлаар биш шударга зарчмаар томилох боломж бүрдэнэ гэж үзжээ. Энэ талаар Эрүүл мэнд спортын сайд Т.Шийлэгдамба "Өмч нь улсынх.

Менежмент нь хувьд очих юм. МҮОНРТ-ийн менежменттэй төстэй гэсэн үг. Эмнэлэг Удирдах зөвлөлтэй байна. Яамнаас биш Удирдах зөвлөл нь эмнэлгийн дарга, гүйцэтгэх зөвлөлөө томилдог болох юм. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ингэхийн тулд Эрүүл мэндийн тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ бол амаргүй ажил. Гэхдээ ингэж байж улсын эмнэлгүүдийн хөгжлийн гарц нээгдэнэ" хэмээн ярьсан юм.