Томоохон төслүүдэд Засгийн газар баталгаа гаргана
УИХ-ын гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.04.24

Томоохон төслүүдэд Засгийн газар баталгаа гаргана

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр 14 хоногийн өмнө өргөн мэдуүлсэн.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэв. Тус хуулийн 6.2 дахь заалт буюу “... Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсвэл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй” гэсэн заалтад эрчим хүч, төмөр замын салбарыг нэмж тусгах төсөл боловсруулсан юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үүнийг хэлэлцэж, дээр дурдсан салбаруудын хөгжлийг дэмжих, эрчимжүүлэх зорилгоор шаардлагатай төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын зээл болон баталгааны эх үүсвэрээс санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар ийм хууль баталснаар улсын өрийн хэмжээ нэмэгдэж, ирээдүйд өрийн дарамтад орох эрсдэлтэйн дээр эдийн засгийн үндсэн үзүүлэлт алдагдах тул илүү хариуцлагатай хандах ёстой хэмээн эсэргүүцсэн. Тухайлбал, Ч.Улаан гишүүн “Эдийн засгийн талаасаа зөв ч хэлбэр нь буруу байна. Гэвч томоохон төслүүд хэрэгжүүлэхээс өөр арга алга. Тэгэхээр өрийн таазыг зохиомлоор нэг тоонд барьж болдоггүй гэж гишүүд санал нэгдэж буй нь олзуурхууштай” гэж байлаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Хуульд ингэж нэмэлт оруулснаар Засгийн газар дураараа өр тавих эрх үүсэхгүй. Нэмж авах зээл, төсөл, хөтөлбөр бүрийг ТЭЗҮ-ийн хамт УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ. Үүгээр үр ашигтай, томоохон төслүүдийг санхүүжүүлнэ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 44 хувьтай тэнцэж байна” гэж байлаа. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ бол хэн нэг сайд, аль нэг улс төрийн хүчний байр суурь биш. Улсын хэмжээний асуудал ярьж байна. Монгол Улс нэг ч хоног хоцрохгүй зээлээ төлж байгаа. Хөгжлөө томоор харах цаг болсон. Үүнийг баталснаар үр ашигтай төслүүдэд санхүүжилт авах бололцоо бий болно. Гишүүд буруу ойлголттой байх шиг байна.

Төмөр зам, эрчим хүчний салбарын томоохон төслийг УИХ хэлэлцэж, Засгийн газар баталгаа гаргаж өгснөөр цааш явуулах боломж бүрдэнэ" хэмээн тайлбарласан. Үүнийг дэмжиж Д.Ганхуяг гишүүн ‘Төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа мөнгөн дүн нэг тэрбум ам.доллар л байна. Бид эдийн засгаа тэлж, төмөр зам, цахилгаан станцаа баримаар байна. Үүнд ул суурьтай хандах ёстой. Энд бид ямар нэг зээл шийдэх гээд байгаа юм биш. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар баталгаа гаргах эрх зүйн орчин л бий болгох гэж байна” гэж онцолсон.Ийнхүү санал хураалт явуулахад 59.3 хувь нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.