Бидний эцсийн зорилт зээлийн хүүг тэглэх
Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан
2015.04.30

Бидний эцсийн зорилт зээлийн хүүг тэглэх

Монголын чөлөөт ахмадын холбоо тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг зургаан жил хөөцөлдөж байгаа аж. Тус холбооны тэргүүн Г.БААСАНГААС дээрх сэдвээр цөөн асуултад хариулт авлаа.

-Танай холбоо ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлыг өрнүүлээд удлаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

Бид энэ асуудлыг олон жил хөөцөлдөж байна. Холбооны зүгээс 21 аймгийн ахмадуудтай уулзаж, тэтгэврийн зээлийн хүүгийн судалгааг нарийвчлан хийсэн. Өнгөрсөн жил Засгийн газар, нийгмийн даатгал болон арилжааны банкуудтай уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн УИХ-ын бүх гишүүн өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцүүлгээ өгсөн. Түүгээр ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлээч гэдэг асуудлыг тавьсан. Ингээд байдал нэлээд нааштайгаар эргэж ирсэн. Гэвч ахмадуудын саналаар тэнд суугаа 76 гишүүний зөвхөн долоо нь л дэмжиж ажиллана гэдэг хариу ирүүлсэн байгаа. Бусад нь сонсоогүй мэт өнгөрсөн. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд л дэмжихэд болох байсан юм.

-Дэмжиж ажиллана гэдэг хариу ирүүлсэн гишүүдийн дунд одоо энэ сэдвийг хамгийн ярьж байгаа МАН- ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр байсан уу?

Г.Баярсайхан, Су.Батболд, З.Баянсэлэнгэ,  О.Баасанхүү, Д.Эрдэнэбат зэрэг долоон гишүүн хариу ирүүлсэн. Дээр нь Хүний эрхийн үндэсний комисс хариу өгсөн. Тэр дунд Н.Номтойбаяр гишүүн огт байгаагүй. Гэхдээ одоо ингэж ахмадуудын төлөө дуугарч байгаа нь сайн байна.

-Танай холбоог АН-ын талыг баримтлагч гэдэг шүү дээ. Гэтэл МАН-ын гишүүдээс тэтгэврийн зээлийн хүүг буруулах асуудлыг гаргаж тавьж байна. Тэгвэл энэ асуудлыг дэмжсэн хэвээр байх уу?

Манайх аль нэг намын харьяа байгууллага биш. Хэн нэгэн улстөрч гэж явдаггүй. Гэхдээ зорилгодоо хүрч байвал, чөтгөртэй ч нөхцөнө гэдэг байх аа. Би ганц л зүйлээс айж байна. Энэ олон ахмадын сэтгэлээр битгий улс төрийн шоу хийгээсэй. 'Одоо харж байхад, сонгуулийн өнгө аяс ороод байх шиг. Хэрэв хий хоосон улстөржилт болчихвол энэ асуудал ахмадуудын төлөө бус бүр ч хортой үр дагавар авчирна.

-Танай холбооны зүгээс тэтгэврийн хүүг бууруулах зорилго тавиад олон жил ажиллаж байгаа. Одоо үйлчилж байгаа жилийн 18 хувийн хүүг хэд болгох эцсийн зорилго байгаа вэ?

Бид эцсийн дүнд тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний эцсийн зорилт зээлийн хүүг тэглэх

-Улстөрчид тогтоолын төсөл ярьж эхэллээ. Харин танай холбооноос тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг хэрхэн харж байгаа вэ?

Мөн тэтгэврийн зээлийн хүү өндөр байгааг зөвхөн арилжааны банкуудын буруу гэж болохгүй. Тэтгэвэр олгоход банкуудыг ижил тэгш оролцуулах зохицуулалтыг төрөөс хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хэдэн банк монополь эрх эдэлж байна. Энэ нь өөрөө банкны цэвэр эрсдэл болчихсон.

Улмаар банкууд асуудалд хатуу хандаад байна. Үүнийг төр бодлогоор зохицуулах ёстой. Монгол Улсад төрийн батлан даалтын сан гэж байгаа. Тэр санг одоогийн ахмадуудын залуу халуун насаар л байгуулсан. Тэгээд одоо төр ахмадуудын төлөө батлан даалт гаргахад л хүү буурах боломжтой. Энэ мэт олох арга байна.