Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн хүрээнд хийх ажлаа 99 жилийн ойн энэ өдөр эхэллээ
2010.12.30

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн хүрээнд хийх ажлаа 99 жилийн ойн энэ өдөр эхэллээ

Монголын тусгаар тогтнолын түүхэн их тохиол 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2010 оны 7 сарын 7-ны өдөр 180 дугаар тогтоол гаргаж тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахалж буй.

 

Богд хааны ордон музейд болсон Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн нээлтэд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаагаар туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны үйл ажиллагаа өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 99 жилийн ойн өдрөөр албан ёсоор эхэллээ.

Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Засгийн газрын гишүүн, ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга М.Энхболд болон УИХ-ын зарим гишүүд, түүхч, эрдэмтэн судлаачид оролцлоо.

 Энэ жилийн хүрээнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Улсын Их хурлын хүндэтгэлийн хуралдаан хийх, ойд зориулсан дурсгалын марк хэвлүүлэх, Монгол улсын Богд эзэн хааны тамгануудын хуулбарыг үйлдэн Богдын музейд залах, Богд хааны ордон музейд засвар тохижилтыг хийх, ард түмний дунд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эссэ бичлэгийн уралдаан, тайзны бүтээл туурвих, тусгаар тогтнолын голомт нутгаар танилцах аялал, тусгаар тогтнолын ойг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг ажлыг ойн комисс зохион байгуулах юм байна.

 Мөн олон улсын Монголч эрдэмтдийн 10 дугаар их хурлыг зохион байгуулах, судалгаа шинжилгээний 10 орчим ном бүтээлүүдийг хэвлүүлэн нийтлүүлэх ажлыг Шинжлэх Ухааны академитай хамтран хийх ажээ.

 

УИХ, Засгийн газрын гишүүн, ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга М.Энхболд тус хуралд “Монгол Улсын сэргэн мандалтын эхэн ба Үндэсний хувьсгалийн 100 жил” гэсэн илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Одоогоос 99 жилийн тэртээ, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний баасан гаригт та бидний цуглаад буй энэ сайхан ордонд Монголын тусгаар тогтнолын төлөө чин сэтгэлээр хичээн зүтгэсэн, хүсэн мөрөөдсөн олон Монголчууд цугларан туурга тусгаар монгол төрөө сэргээн мандуулж, эзэн хаанаа сэнтийд нь залж, таван яам байгуулж, төрийн их ёслол үйлдэж, түмэн олондоо тунхаглан зарлаж, дэлхийн олон улсад туурга тусгаар Монгол улсыг тунхагласан түүхэн үйл явдал болж байсан юм.

 

Энэ ой бол Монгол түмний төрт ёсны хувьд хүндэтгэн дээдэлж, түүхийн ололт амжилт, алдаа онооны гашуун сургамжийг ойлгон танин мэдэхэд нэн чухал юм. Тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэндээ үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэ ойн гол агуулга орших болно” гэлээ. Монголын төрийн голомт болж байсан Ар Монголын нутагт шашин, төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр Монголын төр сэргэсэн нь монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт, хувьсгалт эргэлт мөн байлаа. Учир ийм тул бид бүхэн 1911 оны энэ үйл явдлыг үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт хэмээн үзэж, түүхэн энэ ойн 100 жилийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх их ажлыг эхлүүлээд байна гэж тэмдэглэлээ.

 

Аливаа хувьсгалын гол асуудал бол засгийн эрхийг авах явдал байдаг. Тэгвэл Их Хүрээнд байсан Манжийн захиргааг хөөн зайлуулж, Монголын төр, засгийн газрыг байгуулсан нь үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалт мөн. Энэ бол нийгмийн хувьсгал биш учраас оршин байгаа нийгмийн байгууллыг устгаж, шинэ нийгэм байгуулах зорилт тавиагүй. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эн тэргүүний зорилт бол харийн ноёрхлыг устгаж, үндэсний тусгаар тогтнолоо олох явдал байдаг тул тэр л зорилгоо биелүүлж чадсан түүхэн үйл явдал болсон юм” гэж Шадар сайд онцоллоо.

 

Мөн тэрбээр 1911 оны энэ хувьсгал Монгол үндэстний төр улсыг сэргээн тунхагласнаараа хэл, шашин шүтлэг, материаллаг соёлын нэгдэл бүхий монгол туургатны дотор үндэсний үзлийг бадрааж, Их Хүрээг тойрон нэгдсэн Монгол улсыг байгуулах эрмэлзэл өрнүүлж чадсан төдийгүй нийт Монгол туургатныг нэгтгэхийн төлөө тэдний хүсэл сонирхлын галыг бадраасан ХХ зууны Монголын түүхэнд гарсан маш том үйл явц байсан” гэж илтгэлдээ дурдлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.