76:13 буюу Барилгын салбарыг хөл дээр нь босгосон сайд асан
76:?” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Баярсайханг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалтын наймдугаарт бичигдэж, УИХ-д сонгогдсон билээ.
АМЛАЛТ
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан жагсаалтад бичигдэж, парламентад сонгогдсон болохоор намын мөрийн хөтөлбөрийг барьж сонгуульд оролцсон. Тойргоос сонгогдоогүй учраас тухайн бүсийн хүмүүст зориулсан хувийн мөрийн хөтөлбөр боловсруулах шаардлага байгаагүй. Ерөнхийдөө жагсаалтаар сонгогдсон хүмүүст нэг том давуу тал байсан нь энэ шүү дээ.
Харин амлалт биелсэн үү гэдэг тал дээр их зүйлийг бичиж болно. Ардчилсан нам 2012 оны сонгуулиар “Эрх чөлөөтэй”, “Эрдэм боловсролтой”, “Эрүүл чийрэг”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй орчинтой” монгол хүн гэсэн таван багц зорилтыг дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мэдээж дотроо олон зорилт болж задарна. “Ажилтай орлоготой монгол хүн” гэсэн хэсэгт Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана.Төсөв, санхүү, боловсон хүчний томилгоотой холбоотой орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулна.Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгож буй зээлийн олон эх үүсвэрүүдийг нэгтгэн зангидаж, үйл ажиллагааг нь үр дүнтэй болгоно гэх мэтээр маш олон амлалтыг өгсөн.Мөн Үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр
Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлана. Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг төрөөс татварын бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотын хэрэгцээг хангах зорилгоор V цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулна. Энэ мэтээр маш олон чиглэлд тодорхой амлалтуудыг өгсөн.
Мэдээж бүгдийг нь дөрвөн жилийн хугацаанд биелүүлнэ, хэрэгжүүлнэ гэж юу байх билээ. Гэхдээ АН эрх барьж байгаа гэдэг утгаараа хэрэгжүүлэхийг зорьсон ажлуудаа тодорхой хэмжээнд хийгээд явж байна. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж, 4-5 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холболоо. Мөн барилгажилт, орон сууцжуулах хөтөлбөрийг гол чиглэл болгон ажиллаж, маш олон ажил хийлээ.
Яг барилга руу чиглэсэн, залуу гэр бүлийг орон сууцжуулах чиглэлээр ажил хэрэгжүүлж байх үед Ц.Баярсайхан гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Тэр утгаар нь аваад үзвэл түүний мөрийн хөтөлбөрийн биелэлтийг боломжийн гэж үзэж болно.
АН-ын гэдэг талаас нь аваад үзсэн ч тэд өнгөрсөн хугацаанд хийх зүйлээ хийсэн. Зарим нэг зүйлийг засах гэж хичээж явна. Өнөөдөр байдал жигтэйхэн сайхан байгаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ нам дотор яам толгойлоод, тухайн салбартаа сайн ажиллаад, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангаад явж байгаа.
Тэгж ажиллаж байсан хүмүүс олон бий. Түүний нэг нь Ц.Баярсайхан гишүүн. Өнөөдөр найман хувийн орон сууцны зээлд хамрагдаад, орон байртай болоод, тохь тухтай амьдарч байгаа олон залуус Ц.Баярсайхан гишүүнийг амлалтаа биелүүлээгүй гэж лав хэлэхгүй байх. Тэгэхээр амлалтаа биелүүлсэн гишүүдийн нэг нь гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.
АМЖИЛТ
2012 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам олонхи болж, Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Улмаар “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар бүрдэхэд Ц.Баярсайхан гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар очиж ажилласан юм. Ерөнхийдөө улс орны хамгийн чухал, том салбар. Нэг талаараа хэцүү гэж тодотгож болохоор салбар шүү дээ, барилга гэдэг чинь. Өнөөдөр олон залуус тохилог орон сууцтай болохыг хүсч байгаа.
Гэтэл Монгол Улсад залуучуудыг орон сууцжуулах тогтвортой, зөв бодлоготой хөтөлбөр дутмаг байсан нь үнэн. Өмнө нь МАН төр барьж байхдаа жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг боловсруулж гаргасан. Үндсэндээ сонгуулийн өмнөхөн. Судалгаа муутай, зөвхөн сонгуульд зориулж гаргасан хөтөлбөр учраас хэрэгжихэд тун хүнд гэж тухайн үед эдийн засагчид үзэж байлаа.
Харин Ардчилсан нам ялж, “Шинэчлэлийн” Засгийн газар бүрдсэн даруйд жилийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг гаргаж ирж, хуучин зүйлийг шинэчилсэн. Ингэснээр илүү найдвартай, тогтвортой, судалгаатай, зөв хөтөлбөр гарч ирсэн гэж дүгнэж болно. Тэр хөтөлбөрийг Ц.Баярсайхан гишүүн сайд байхдаа салбар яамныхантайгаа нийлж, холбогдох байгууллагатай нь хамтарч хэрэгжүүлсэн.
Ердөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь түүний хамгийн том амжилт байсан. Өнөөдөр энэ хөтөлбөрийн буянаар хүссэн байраа авсан залуучууд олон байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед 80 ам.метрээс илүүгүй хэмжээтэй байр байна гэж зааж, хязгаар тогтоож өгсөн. Гэхдээ хэн хэдэн ам.метр байр авсандаа биш. Олон залуу гэр бүл орон сууцанд орж, тухлаг амьдарч эхэлсэнд л гол учир байгаа юм.
Энэ хөтөлбөрт өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжилж л байгаа. Яахав эдийн засгийн хямралтай холбоотойгоор банкууд зээл олголтоо бага зэрэг хумиад байгаа ч гэсэн залуу гэр бүл, барилгын компанийг дэмжсэн ганц зөв бодлого учраас ямар нэг байдлаар урагшилж байна.
Яваандаа нөхцөл байдалдаа уялдуулаад, өөрчлөх байх. Өөрчлөлт хийж ч байгаа. Ер нь бол Ц.Баярсайхан гишүүний хийсэн ажлуудыг бүгдийг нь дурьдаад, нуршаад байх хэрэггүй. Ердөө л найман хувийн зээлийг л дурьдахад хангалттай. Тийм учраас энэ тал дээр илүү ач холбогдол өгөөд байгаа хэрэг. Өгөхгүй гээд ч яах билээ. Бод л доо, 40, 50 мянган өрх таван ханатай гэр болон гал түлдэг байшингаа орон сууцаар сольчихлоо шүү дээ.
Өмнө банкнаас маш өндөр хувийн хүүтэй орон сууцны зээл авч, зөвхөн хүүг нь төлөхийн төлөө хамаг хөдөлмөрөө “соруулж” байсан 18 мянган өрх найман хувийн зээл рүү зээлээ шилжүүлснээр сэтгэл амар аж төрж байна. Эхнээсээ өрнөөсөө гарчихсан болох уу. Ийм ажлыг удирдаад, зохион байгуулаад, хэрэгжүүлчихсэн хүнийг амжилт гаргасан гэхгүй өөр юу гэх юм. Ядахын мууд л жилийн 20 гаруй хувийн хүү төлж, хамаг мөнгөө банкинд өгч байсан 18 мянган өрх гэр түүнд болоод хамтарч ажиллаж байсан багийнханд нь талархаад, баярлаад сууж байгаа.
Энэ бол зөвхөн найман хувийн зээлтэй холбоотой жижигхэн л жишээ. Өнөөдөр эдийн засгийн хямралтай үед барилгын салбар хэцүү байдалд орчихолгүй явж байна. Монголбанкнаас гаргасан тоон мэдээллээр 2013 онд зээлийн өсөлт 54 хувь хүрсэн байгаа юм. Үүний 37 нэгж буюу 70 гаруй хувийг барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл, орон сууцны ипотекийн зээл бүрдүүлсэн байгаа юм.
Дээр ипотекийн зээлтэй холбоотой, хэчнээн залуу гэр бүл зорилготой болж, сайн сайхан амьдралын төлөө зүтгэж явааг дурьдсан. Одоо барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл гэдэг дээр зарим зүйлийг дурьдмаар байна. Хэдхэн жилийн өмнө монголчууд барилгын материал гэж ширхэг хадаас ч үйлдвэрлэдэггүй байсан.
Цөөн хэдэн тонн цемент үйлдвэрлэж байсныг хойш тавьбал шүү дээ. Гэтэл өнөөдөр барилгын материалын үйлдвэрлэл тодорхой хэмжээнд хөгжиж, дэвжиж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж, нээлтээ хийсэн.
МАК компани ч гэсэн жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгаа. Засгийн газраас хөрөнгө оруулалтад нь туслах асуудлыг ярьж байсан. Элдэв модон, үртсэн хавтангуудыг үйлдвэрлэж эхэллээ. Явган хүний зам тавьдаг чулуун хавтангууд, дээврийн төмөр, хадаас гээд үйлдвэрлэхгүй юмгүй л боллоо. Энэ байдлаараа үргэлжилбэл барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл улам хөгжинө.
Энэ бүхний эхлэлийг хэн тавив. Ц.Баярсайхан сайдын үед Барилга хот байгуулалтын яамны хэрэгжүүлсэн зөв бодлогын үр дүн шүү дээ. Энэ бол түүний бас нэгэн том амжилт. Барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл хөгжихийн хэрээр орон сууцны компаниуд тогтвортой ажиллаж, барилгаа барьж байгаа. Барилга олон баригдахын хэрээр төдий хэмжээнд залуу гэр бүлүүд орон сууцтай болж байна шүү дээ. Цаашлаад хөөсөрсөн гэгдээд байгаа орон сууцны үнэ ч буурах нөхцөл бүрдээд байгаа юм. Түүний хийсэн ажил, амжилтын зах зухаас дурьдахад ийм байна.
АЛДАА, ТЭНЭГЛЭЛ
Ц.Баярсайхан гэдэг хүн зарим гишүүд шиг зурагтаар гарах гэж хаа хамаагүй очоод, гүйгээд, нүүрээ харуулах гээд яваад байдаг хүн биш. Хийх ажлаа хийгээд, хэрэгжүүлээд явж байдаг хүн. Тийм болохоор алдаа гаргаад, тэнэг үйлдэл хийгээд байдаггүй гэхэд болно.
Харин түүний гаргаж байгаа нэг алдаа нь хийсэн ажлаа яриад, сурталчлаад байдаггүйд байна. Энд нэг л тоо дурьдая. Монгол банкнаас гаргасан судалгаагаар 2011 онд зээлийн өсөлт 78.3 хувьд хүрч байж. Хамгийн гол нь ердөө л хэрэглээний зээл маш ихээр гарч байсан болохоор ийм өндөр хувьд хүрсэн хэрэг. Хэрэглээний зээл гэдэг бол банкнаас авсан мөнгөөрөө ойр зуурын зүйлээ л авч, өр тавьж байсан гэсэн үг шүү дээ.
Харин 2012 онд 24 хувь хүртлээ унаж байсан байгаа юм. Тэгвэл 2013 онд 54 хувь болж өссөн төдийгүй түүний 70 гаруй хувийг барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл, орон сууцны ипотекийн зээл эзэлсэн байна. Тэгэхээр хүмүүс ердөө л хэрэглээний зээлийг тултал авахаа больж, илүү том зүйл рүү зүтгэж, зорилготой амьдардаг болсон гэсэн үг. Ердөө л энэ ажлаа сурталчлаад, хэвлэлээр ярихад түүнийг ямар мундаг бодлого барьж, хэрэгжүүлж ажилласан сайд байсан юм бэ гэдгийг хүмүүс илүү сайн ойлгоно.
Өнөөдөр залуу гэр бүлүүд орон сууцны зээлд хамрагдаад, зорилготой амьдарч байгаадаа баярладаг байж таарна. Төр засгаас хэрэгжүүлсэн зөв бодлогын үр дүн байгааг ч мэддэг байх. Харин тэр бодлогыг аль яам, хэн гэдэг сайдын үед гаргаад, хэрэгжүүлээд, суурийг тавиад явсныг тэр болгон мэдээ ч үү, үгүй ч үү. Тэгэхээр хийсэн ажилтай юм чинь жаахан бардам ярьдаг, хүмүүст таниулдаг баймаар байна. Хэвлэлээр бага ярьж байгаа нь түүний алдаа байж мэдэх юм шүү.
ИРЭЭДҮЙ
Ц.Баярсайхан гишүүн 2016 оны сонгуулиар төрөлх Өмнөговь аймагтаа нэр дэвших нь бараг тодорхой ажээ. Учир нь өмнөх сонгуулиар Өмнөговь аймагт өрсөлдсөн Д.Бат-Эрдэнэ гишүүн энэ удаад жагсаалтад орох магадлал өндөр байгаа. Харин Ц.Баярсайхан гишүүн өмнө нь жагсаалтаар орж ирсэн учраас энэ удаад тойрог руу явна. Тэгэхээр Өмнөговь аймгаас өөр тойрогт очиж өрсөлдөхгүй нь тодорхой.
Тэгээд ч түүний энэ дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй их. Нэр хүнд ч сайтай байгаа. Нөгөө талаар Өмнөговь аймагтаа нэр хүндээрээ Д.Бат-Эрдэнэ гишүүнээс дутаад байх юм юу байх билээ. Тэгэхээр 2016 онд түүнийг сонгогдоод парламентад ороод ирэхийг үгүй гэх газар огт байхгүй. Ямар ч байсан түүний ирээдүй тийм ч хар биш байна.