Би уурлаж хийсэн үйлдэл шийдвэрээсээ нэг ч ялалт мэдрээгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.04.27

Би уурлаж хийсэн үйлдэл шийдвэрээсээ нэг ч ялалт мэдрээгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зочноор урьж ярилцлаа. 

-Өнөөдөр (өнгөрөгч баасан гариг) гишүүд улбар шар өнгөтэй зангиа, алчуураар ижилсжээ. Чухам юу илэрхийлэх гэсэн юм бол?

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад уриалж байгаа юм. Би ч бас дэмжиж байна.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл хэлэлцэх үеэр та цэцэрлэг ажиллуулж байсан бололтой ярьж байсан. Магадгүй гэр бүлийн хүн тань цэцэрлэг ажиллуулдаг юм болов уу гэж бодож байлаа.

Яг ч цэцэрлэг биш л дээ. Тэр тусмаа манай гэр бүлийн бизнес гэж бүр ч ойлгож болохгүй. Одоогоос 10-аад жилийн өмнө дөнгөж төрсөн хоёр нярайг Эх нялхсын ойролцоох хогийн саванд хаясан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан даа. Ес эхэлчихсэн, маш хүйтэн байсан болохоор нэг нь тэсээгүй, нөгөөгийнх нь хурууг тайрсан.

Үүнээс болж тухайн  үед би америк   найз эмэгтэйдээ хандсан юм. Тэр найз маань Монголд ирж, тэр хүүхдийг өргөж авсан. Үүнээс улбаалж бид нярай хүүхдийн асрамжийн газар байгуулсан юм.    

Би мэргэжлээрээ хууль, эрх зүйн чиглэлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, америк найз маань санхүү, зохион байгуулалтын ажлаа хариуцан ажилласан. Ихэр хүүхдийн улсын асрамжийн газар гэж байсан нь эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд авдаг газар болж, ачааллаа дийлэхээ байсан үе шүү дээ.

Ер нь тэр үед нялх хүүхдийг хаяж, орхиж явах тохиолдол маш их гарч байсан юм шиг ээ. Уг нь бид хүүхдүүдээ гурван нас хүртэл асраад төрийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан ч тэдэндээ дэндүү дасчихсан байсан. Дээрээс нь үнэндээ өгье ч гэсэн хүүхдүүдийг маань авах газар олдоогүй. Энэ асрамжийн газар одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би боломжоороо л тусалдаг юм. Одоо нөгөө хүү том, сайхан залуу болсон.

-Тийм ээ, та нээлттэй хүн. Заримдаа хэт нээлттэй юм шиг ч санагддаг. Тиймээс ч та энэ удаагийн парламентад хамгийн их ярьдаг, асуудаг гишүүн.

Хуульчид бид илүү хариуцлагатай байх ёстой. Биднийг ард түмнийг төлөөл, ярь гэж УИХ-д сонгосон. Түүнээс биш биднийг төлөөлж хурлаа тасла, архи уу, зурагтаар согтуу харагд, бие биенийхээ өөдөөс салаавч гарга гэж энд суулгаагүй. Тиймээс ч миний бие хуралдааны танхимаас согтуу гишүүнийг албадан гаргадаг зохицуулалттай болгох хуулийн төсөл санаачилж байгаа. Үүгээр гишүүний архи уухыг нь хориглож байгаа юм биш.

Нэгэнт энэчлэн гишүүдийг хариуцлагатай байлгах хууль санаачлаад явж байгаа юм чинь өөрөө үлгэр жишээ байхаас аргагүй биш үү. Тэгэхээр их ярьдаг нь миний хүслээс илүүтэй үүрэг юм.

Болдогсон бол гурван сая иргэн энд суугаад үгээ хэлж, асуумаар л байгаа шүү дээ. Тэднийг төлөөлж байгаа юм чинь хуралдаандаа аль болох идэвхтэй оролцох нь зүйтэй.

-УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргын хувьд бус, хувь хүнийхээ үүднээс хэн нэгэнд тусалж байв уу ?

Японы Элчин сайдын яаманд өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм. Нэг удаа цалингаа авчихаад явж байлаа. Хавар байсан ч гар даарахаар жихүүн өдөр байсан. "Сарны титэм" худалдааны төвийн хажуугаар өнгөрч яваад мөнгө гуйсан хүүхэдтэй тааралддаг юм байна. Бээлий өмсөхөөр хүйтэнд тэр жаал дан цагаан цамцтай байсан.

Эхэндээ олон юм бодолгүй 500 төгрөг өгчихөөд, тэгтлээ холдоогүй байтал нөгөө хүүхэд эхэр татаад уйлаад байх юм. "Яав, юу болов, мөнгийг чинь хүн булаачихсан уу" гэтэл "Хүмүүс намайг битгий жүжиглээд бай, хувцсаа өмс гэж загнаад байна" гэв.

Би ч бас тэр зуур "Гадуур хувцсаа өмсөөч" гэж хэлээд амжсан. Тэгсэн чинь "Ээжийнхээ авч өгсөн куртикийг дээрэмдүүлчихсэн. Би яаж гэртээ харих юм бэ" гэхээр нь би түүнд дэлгүүрээс куртик авч өгсөн юм. Тэр хүүхдийн баярлаж байгаа нь өгөх сэтгэл ямар сайхан болохыг надад мэдрүүлсэн  . Би тийм олон хүүхдэд куртик авч өгч чадахгүй ч тэр мэдрэмж үнэхээр сайхан. Түүнээс хойш өчүүхэн ч гэсэн бололцоо байвал нэг ч болов хүнийг баярлуулж, нүдэнд нь оч гялалзуулах юмсан гэж бодох болсон. УИХ-ын гишүүн гэхээс илүү бусдыг баярлуулснаар минь дурсвал сайхан.

-Таныг намын бүлгээс тань Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхэд хүлээн зөвшөөрч томилохгүй нэлээд удсан шүү дээ. Тэр үед та өөрөө татгалзчихаж болоогүй юм уу?

Би даргаас татгалзаад тайван амьдарч болох л байсан. 40 мянган өргөдөл ирдэг энэ Байнгын хорооны дарга болсноор миний гэр бүлдээ зарцуулах цаг улам л багасч байна. Хувь хүний хувьд нэр хүндээ өсгөх нь зорилго биш. Байнгын хорооны дарга байна гэдэг нэр хүнд, хариуцлага, хамгийн гол нь том боломж. Боломж гэдгийг хийх гэсэн зүйлдээ хүрэх эрх мэдэл гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, надад өргөдлөө ирүүлдэг хүмүүсийн дуу хоолойг хүргэж боломж юм. Би энэ Байнгын хороог удирдсанаараа ажлыг нь унагаасан гэж хэлүүлмээргүй байна. Зарим тохиолдолд хүн өөрийнхөө төлөө бус, бусдыг бодож шийдвэр гаргадаг. Тухайн үед би бусдын төлөө шийдвэр гаргасан. Үнэндээ гишүүн болохдоо ч би өөрийгөө бодоогүй.

-Та яаж тайвширдаг вэ ?

Уур, бухимдал аливаа хүний ухааныг алдуулдаг  нь үнэн. Уурлаж, бухимдмаар олон зүйлтэй таарах юм. Уурлахгүй, уйлахгүй хүн гэж хаана байх вэ. Гэхдээ би уурлаж хийсэн үйлдэл, шийдвэрээсээ нэг ч ялалт мэдрээгүй. Хүн сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэй. Ялангуяа олны өмнө байгаа хүн зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Би намайг уурлуулах тухайн үйл явдлыг аль болох мартахыг хичээж, дараа нь анализ хийдэг.

-Уучлаарай, таныг багадаа их бие муутай байсан гэж сонссон юм байна

Аав, ээж хоёр маань нормын ажилчид байсан. Ажилчин ангийнхны хөдөлмөр хүнд учраас үр хүүхдэдээ анхаарал халамж тавих нь учир дутагдалтай байсан биз. Тиймээс ч тэр үү рахиттай байсан тухайгаа ярьсан удаа бий. Түүнээс биш бие муутай байсан гэх нь ч юу юм бэ.

-Та Улаанбаатарын унаган иргэн үү?

Би хотод төрж, өссөн. Аав, ээж маань залуудаа хотод орж ирсэн хүмүүс. Аав Дундговь, ээж Архангайнх.

-Таны амьдралд эргэлт хийсэн гэмээр хамгийн сайхан үе тань хэзээ байсан бол?

Их сургуульд орсон үеэ хамгийн гайхалтай гэж боддог. Элсэлтийн шалгалтад орсон 300 гаруй хүүхдээс би аравдугаар байр эзэлсэн юм. Харамсалтай нь эхний гурван хүүхэд л Хууль зүйн сургуульд орох эрхтэй байсан. Үүнээс гадна дараагийн таван хүүхдийг өргөдөл, хүсэлт, өөр бусад шалтгаанаар сургуульд авчихав. Багшаас нь гуйсан чинь халгаах шинжгүй, "Проректороос цохолт аваад ирвэл сургуульд оруулъя" гэдэг юм байна. Ингээд проректортой нь уулзтал "Түр авъя" гээд л орхичихлоо.

Зуны хэдэн сар хийх юмгүй, яахаа мэдэхгүй суухдаа цэрэгт явдаг юм билүү гэж байтал ээж бэлтгэж байгаад дараа жил дахиж шалгалт өг гээд зөвшөөрөөгүй. Наймдугаар сард сургууль цуглах дөхчихсөн байхад найзтайгаа 19 дүгээр хороололд самар зараад байж байтал элсэлтийн шалгалтад 40-д жагссан хүүхэдтэй таарах нь тэр. Бид шалгалтын үеэр танилцсан юм. "Надтай адилхан сургуульгүй л яваа байх даа" гэж бодон юу хийж байгааг нь сонирхтол МУИС-ийн Хууль зүйн сургуульд дөнгөж сая бүртгүүллээ гэдэг байгаа.

Яагаад миний ард, 40-д байсан хүүхэд сургуульд орчихдог билээ гээд дотор хачин болоод явчихдаг юм билээ. Тэгэхээр нь намайг авахгүй гээд байсан багш дээрээ очтол "Яг одоо сургалтын төлбөр болох 24700 төгрөгөө аваад ирвэл бүртгэнэ" гэснээр сая нэг сургуультай болсон түүхтэй.

Аав ээжийнхээ миний төлбөрт гэж цуглуулж, хадгалсан нэг, гурав, тавтын дэвсгэрт голдуу уут дүүрэн мөнгө тэвэрч очиж, сургуульдаа бүртгүүлж байснаа ер мартдаггүй юм. Эмээ маань "Сайн сур. Мөнгөтэй хүний толгой ажилладаггүй юм. Мөнгөгүй байгаадаа баярла" гэдэг байж билээ  .

-Их сургуульд ороогүй бол та өнөөдөр юу хийж байгаа бол?

Ёстой төөргөөрөө л болох байсан биз. Их сургуульд орсны дараахан бас нэг сонин зүйл болсон юм. Намайг ээж эмч, аав эдийн засагч бол гэдэг байсан юм. Би өөрөө хуульч гээд зүтгэчихсэн. Тэр үед сургуулийн хуваариа чөлөөтэй сольчихдог, жаахан замбараагүй байсан юм шиг байгаа юм. Анагаахын сургуулиас нэг оюутан "Чи эмч болсон ч яах вэ гэж боддог хүүхэд мөн үү. Хоёулаа хуваариа солъё. Бичиг баримтыг нь манай аав, ээж зохицуулчихна. Надад хуваариа солих хүүхэд хэрэгтэй байна" гэсээр намайг сураглаад ирэв. Бас жаахан эргэлзэнгүй яах тухайгаа бодож явтал судас болгоныг нь орос, англиар цээжилдэг гэдгийг дуулаад шууд больсон. Ер нь хүний амьдралд их олон зүйл тохиолдоно. Зөв л явж байхад учиртай.

-Хүний хувь тавилан гээч урьдаас зурагдчихсан байдаг гэдэгт итгэдэг үү?

Хүн өөрөө л түүхээ бичнэ. Миний түүхийг хэн ч бичихгүй. Би хувь тавиланд итгэдэг. Бурханы зохиосон хувь тавиланг өөрчлөх боломж үгүй. Бурхан хүн бүрд маш сайхан хувь тавилан бэлдсэн байдаг. Гагцхүү хүн үүнийг нь өөрчлөх гэж байгаад л буруу тийшээ явдаг.

-Амьдрал сонголтоор дүүрэн байдаг. Сонголт хийхэд оюун дүгнэлтээс гадна мэдрэмж, зөн билэг тусалдаг гэдэгтэй санал нийлэх үү?

Бурхан сонголт хийх эрхийг нээлттэй үлдээсэн. Буруу сонголт хийвэл бурхны хүсээгүй замаар явдаг. Харин нэгэнт сонголтоо хийсэн бол харамсах хэрэггүй. Буруу сонгосон гэж бодож байгаа бол бушуухан засаад явах ёстой.