Дөрвөн толгойн ээлжид мэдэгдлүүд
Долоо хоног бүрийн даваа гаригт нам, эвслийн бүлэг болон бие даагчид мэдээлэл хийдэг. Эдгээр мэдэгдлүүдийг тоймлон хүргэж байна.
“Стэнд бай” хөтөлбөрөөс өөр сонголтгүй
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгддэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ээлжит мэдээллээ Төрийн ордонд хийлээ. Түүний хувьд сүүлийн үед танхимынхаа гишүүдээр нэлээдгүй зэмлүүлж байгаа. Учир нь түүний хэлж байгаа үгс бодит мэдээлэлтэй хол хэмээн бусад гишүүд үзэж ард түмнийг битгий төөрөлдүүл гэдэг.
Харин энэ удаа хамтран зүтгэгч хоёр шадар цэрэг нь энэ удаад орон нутагт томилолттой байгаа аж. Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Өрийг өрөөр дарах нь. Монголчууд бид 19.5 тэрбум ам.долларын өртэй байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь гадуур мөнгө хайгаад явж байна. Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд гурван зүйлийг баримталж байгаа нь буруу.
Хамгийн эхэнд Оюутолгой, Тавантолгойн ордоо золиосолж алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна. Тодруулбал, тус хоёр ордыг цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт баригдсан олз хайсан хүмүүст зориулж өгөөд Монголын эрх ашгийг үгүй хийх гэж байна. Монголчууд 19.5 тэрбум ам. долларын өрөнд орчихсон байгаа.
Харин энэ өрийг өрөөр дарж нэмж зээл авахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч гадуур гуйлга гуйж явна. Өрийг өрийг дармааргүй байна. Дээрх өрөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг чухалчилж байна. Энэ нь улсынхаа хяналтыг тодорхой нөхцөлтэйгээр Олон улсын валютын санд өгөх гэсэн үг юм” гэлээ.
Тэрээр энэ үгээ өнгөрөгч баасан гаригийн чуулганд үг хэлэхдээ хавчуулсан санагдаж байна. Ямартай тэрээр эдгээр бодлогуудыг эсэргүүцэж байгаа аж. Мөн бие даагчдын зөвлөлөөс нийт үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниуд, жижиг дунд болон аж, ахуй нэгжүүдтэйгээ хэлэлцээрт орж асуудлыг шийдэх ёстой гэсэн саналыг дэвшүүлж буй юм.
Хотын татварыг дэмжихгүй
УИХ дахь МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцээд ирэх зургадугаар сард багтаан тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэж үзжээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан эвслийн бүлгээс Монгол Улс бүхлээрээ нэг тойрог, нэр дэвшигчээ нэг хуудсанд багтаан бичээд, сонгогч дэмжиж байгаа нэр дэвшигчийнхээ өмнөх дугаарыг дугуйлснаар намд мөн давхар санал ирдэг байх, ингэхдээ нам бус ард түмэн сонголтоо хийх өргөн боломжийг олгосон байдлаар сонгуулийн хуулийг батлах ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа бүлгийн дарга Н.Батцэрэг онцоллоо.
Мөн УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг гишүүд хүлээж авалгүй унасан тул дахин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг тус байнгын хороо руу буцаасан.
Энэхүү татвартай холбоотой хуулийн төсөлд бүлэг ямар байр суурь барьж байгаа талаар тодруулахад бүлгийн дарга Н.Батцэрэг “Нийслэл татвартай болох нь зөв боловч ресторанд 1 хувийн татвар ногдуулах нь эдийн засгийн хямралтай үед зохицохгүй. Бизнес эрхлэгчдээ татвараар боомилсон хэрэг болно. Үүний оронд архи, тамхины татвараа нэмэх ёстой.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс “Улаанбаатар хотод ирэх гадаадын иргэдээс авах татвар, өөрийн иргэдэд хамааралгүй гэж байгаа ч тэгж харагдахгүй байгаа. Дээр нь татварыг хураах үйл явц ойлгомжгүй, хэд нь гадаадын иргэн байсан бэ гэдгийг нягтлахаас эхлээд асуудал үүснэ гэлээ.
Харин бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжих боломжгүй байгаа. Яагаад гэвэл архи, тамхинд татвар ногдуулна гэчихээд “Бөөнөөр нь архи тамхи авбал татваргүй, жижиглэнгээр авбал татвартай гэж байгаа нь энэ талын хэрэглээг улам нэмье гэсэн логиктой холбогдож байгаа. Дээр нь энэ төрлийн татвар нь хүн амын төвлөрлийг сааруулах үндсэн агуулгатай холбогдохгүй байгаа” гэсэн тайлбаруудыг өгсөн.
Эдийн засгийн өршөөлийн хуулийг яаравчлуулна гэв
АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэх шатанд яваа 44 хуулийн төсөл байгааг ярилцсан байна.
Тодруулбал, ойрын хугацаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргийн тухай хуулийн төслүүд болон татварын багц хуулиудыг УИХ-ын чуулганд яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.
Мөн Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох хуулийн төслүүд дээр санал солилцож, анхны хэлэлцүүлэгт оруулахаар тогтжээ. Энэ үеэр бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Нийслэлийн албан татварын тухай хуулийг байнгын хороо руу эргүүлэн татсан байгаа. АН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэж батлахыг дэмжиж байгаа.
Хуулийг нийтэд танилцуулах мэдээлэл түгээх асуудал доголдолтой байх шиг байна. Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр улс төрийн шинж агуулаад байгаа. Түүнчлэн бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Өнөөдөр бол хуулийн төслийг ерөнхийд нь хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн.
Засгийн газар хуулийн төслөө оруулаад ирэхээр заалт нэг бүрийг авч үзнэ. Өмнөх бүлгийн хуралдааны үеэр шударга бус байдал бий болох, цаг тухайд нь татвараа тасралтгүй төлсөн байгууллагууд нь хохироод үлдэх нь гэдэг асуудал яригдсан. Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарахыг Засгийн газарт үүрэг болгосон.
Засгийн газар анхаарч хуулиа оруулж ирэх байх” хэмээн хэлсэн. Гэхдээ нэг зүйл хачирхалтай байгаа юм. Уг Ерөнхий сайд татварын бодлогын талаар чуулганд үг хэлэхдээ “Өршөөлийн хуулийг хүлээгээд хэрэггүй.Татвараа төл” гэсэн. Гэтэл үүнийг намын бүлэг яаралтай шийдвэрлүүлнэ гэсэн нь байр суурийн зөрчлийг үүсгэж магадгүй харагдлаа.
Бүлэг сонгуулийн тогтолцоог ярилцжээ
Сүүлийн үед МАН-ын бүлгийн зүгээс сонгуулийн тогтолцоог буцаад 100 хувь мажоратор системээр явуулах саналыг нэлээд хүчтэй гаргаж байгаа билээ. Энэ удаад ч гэсэн бүлгийн хуралдаанаар сонгуулийн тогтолцооны талаар хэлэлцжээ. Удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг пропорциональ буюу 28:48 гэсэн хувилбараар явуулахаар тусгаад байгаа юм.
Харин МАН-ын бүлгийн хувьд сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд АН-ын бүлгээс шийдвэр гарахыг хүлээзнэж байгаа бололтой.
Мөн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэргийн хүрээнд Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Ирэх долдугаар сард 2015 оны төсвийн тодотгол орж ирэх магадлалтайучир одооноос Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон байна.