Хүн төрөлхтний түүхэн дэх 5 хэт гүрэн
Монголчуудын байлдан дагуулал.
2015.05.12

Хүн төрөлхтний түүхэн дэх 5 хэт гүрэн

Хүн төрөлхтний түүхэнд нилээд хэдэн их гүрэн байсан. Гэхдээ хэт гүрнүүдийн жагсаалтыг гаргавал цөөн хэд нь энэхүү ангилалд багтана. Яагаад гэвэл хэт гүрэн бүх өрсөлдөгчөөсөө давуу байх ёстой.

“Хэт гүрэн” гэдэг ангилал нь хэдийгээр маргаантай ч маргахын аргагүй зүйлс бий. Тухайлбал Ромын эзэнт гүрэн сонгодог утгаараа хэт гүрэн байсан, харин Испаний Габсбургийн гүрэн, эсвэл Ахеменидуудын Персийн эзэнт гүрэн хэт гүрэн болох дөхсөн гэдэгтэй маргах хүн цөөн. 

Америкийн National Interest сонины газраас 5 хэт гүрний жагсаалтыг гаргажээ.

Ромын эзэнт гүрэн

Ромчууд

Ромын эзэнт гүрний сэргэн мандалт МЭ 2 дугаар зуунд тохиож дараачийн хэдэн зууны туршид дундад эртний голлох хүч байсаар иржээ.  Ромчууд Дорно зүгт гүн нэвтэрч Энэтхэг, Хятадад хүрээгүй ч Европ, Ойрхи Дорнодод ноёрхож тэр үедээ цэцэглэж байсан Грек, Египет, Левант, Карфаген, Анатоли, Италийн соёл иргэншлийг өөртөө багтааж байв.

Хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Ромын эзэнт гүрэн 60 сая хүн амтай байсан нь тэр үеийн дэлхийн хүн амын багагүй хэсэг нь байжээ.

Газар нутгийн хувьд асар том талбайг эзэлж бусад улсуудтай худалдаа хийх шаардлагагүй болох хэмжээнд очжээ. Гаднаас зөвхөн тансаг эд зүйл авдаг байв.

Ромын эзэнт гүрний гол давуу тал нь цэргийн хүч. Персүүд зарим талаар армийн хувьд Ромчуудтай өрсөлдөж болох ч хоёр гүрнийг харьцуулашгүй байв. Персүүд Ром руу довтлох талаар мөрөөдөж байхад Ромчууд Персийн газар нутагт цөмөрч нийслэл рүү нь дайрч байсан нь хичнээн хүчтэй байсныг харуулна.

Ромын эзэнт гүрний хүчтэй байсны өөр нэг баталгаа нь энэ гүрэн дайсанд ялагдаж бус, харин иргэний дайн, эдийн засгийн хямрал зэрэг дотоод асуудлаас болж мөхжээ.

Монголын эзэнт гүрэн

Монголчууд загалмайтнуудтай нүүр тулав

Чингис хааны 13 дугаар зуунд байгуулсан хэт гүрэн газар нутгаараа нэгдүгээрт ордог.  Сая хүрэхгүй монголчууд тийм том гүрнийг байгуулсан явдал нь түүхэнд цорын ганц тохиолдол юм. Харин эзлэгдсэн улсуудын хүн ам хэдэн арав, зуу дахин их байв.  Монголчуудын амжилтын гол нууц нь гарамгай тактик, хурд, эзлэгдсэн ард түмний ололт амжилт, технологийг зөв ашиглаж чадсанд оршино.

Тэмүүжин 1206 онд 44 насандаа Их Монгол улсыг байгуулжээ. Дараа нь Умард Хятад, Төв Ази, Ираныг эрхэндээ оруулав.

Тэр үеийн түүхчид голдуу Монголчуудын аян дайнд үрэгдсэн хүмүүсийн тоог 15-20 сая гэж хэтрүүлж бичсэн байдаг. Гэхдээ хэдэн зуун мянга, цаашлаад сая хүн үхсэн гэдэг нь маргашгүй.

Эзэнт гүрний мөхөл Ромын адил гадны аюултай холбоогүй, эрх мэдлийн төлөөх дотоодын тэмцлээс үүдэлтэй. 

Монголчуудын ноёрхлыг батлах нэг баримт бол эдүгээ дэлхийн эрэгтэйчүүдийн 8 хувь нь Чингисийн үр хойч байдаг явдал юм.

Британы эзэнт гүрэн

Британий арми

Британий эзэнт гүрэн 18 дугаар зуунд колонийн болон худалдааны бодлогын ачаар үүсчээ. 20 дугаар зууны эхэн үе гэхэд манай гаригийн газар нутгийн дөрөвний нэгийг эзэлсэн хэт гүрэн болж хувирав. Британий эзэнт гүрний газар нутаг британичуудын ярьдгаар тэдний толгой дээр хэзээ ч нар жаргахааргүй том болжээ. Хөгжил цэцэглэлтийн оргил үед Британы Эзэнт гүрэнд Дэлхийн 5 хүн тутмын нэг нь амьдарч байв. 

Өмнөх хэт гүрнүүдээс ялгаатай нь амжилтын гол нууц нь тэнгисийн цэргийн хүч.  Британичууд үүнийхээ ачаар далайгаар чөлөөтэй зорчиж далайн дээрэм, боолын худалдааг хянаж чаддаг байв. Тэд Суэц, Аден, Малакка, Ормуз, Гибралтар зэрэг стратегийн цэгүүдийг авч чадсан нь худалдааны хэт гүрэн болоход гол нөлөө үзүүлжээ.

Британы эзэмшил бүх тивд байлаа. Энэ гүрэн эдийн засаг, соёлын хувьд дотроо олон янз байсан учир удаан оршин тогтнож чадаагүй. Дэлхийн хоёр том дайнаар Британы эзэнт гүрэн гэж байхаа больсон.

Зөвлөлт Холбоот Улс

Улаан талбай дээрх парад

Хэт гүрний жагсаалт гаргагсад ЗХУ улс шиг том газар нутагтай, нөөцтэй улс хэт гүрэн байх ёстой гэж үзэж байна.  ЗХУ нь Хаант Оросын газар нутгийн ихэнх хэсгийг өвлөн авч,  Зүүн Европыг нөлөөллийнхөө хүрээнд оруулж чаджээ.  Амжилтын гол нууц нь түүний газар нутгийн хэмжээ.  Ийм том улсыг ялахад хэцүү гэдгийг Гитлер хүртэл хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Америкийн Нэгдсэн Улс

АНУ-ын цэргийн цуваа

АНУ Дэлхийн хоёрдугаар дайны дараа хэт гүрэн болов. Дайн дуусахын үед Америкчууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэж байв. Энэ рекордыг ямар ч улс хэзээ ч эвдэж байсангүй. 

ЗХУ Америктай 40 жил өрсөлдсөн ч эдийн засгийн хувьд эн тэнцэхээргүй байлаа.

АНУ өмнөх хэт гүрнүүдээс олон зүйлийг өвлөж авсан гэж судлаачид үздэг. АНУ нь ЗХУ-тай адил тивийн хэмжээний газар нутагтай, баялаг нөөцтэй, Чингисийн арми шиг цэргийн хүчтэй.  Америкчууд Их Британий жишгээр худалдааны сүлжээг хянаж, дэлхийн хамгийн хүчтэй тэнгисийн хүчийг бүрдүүлж чаджээ.