Чанарын шаардлага хангасан усны саваар гэр хорооллын иргэдийг хангана
Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн оны есдүгээр сард хуралдсан хуралдаанаар “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг баталсан.
Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн энгийн болон эрүүл ахуй, онцгой дэглэмийн бүсэд хяналт хийж, хашаа хайс, харуул хамгаалалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах болсон. Мөн ундны усны эх үүсвэрийн барилга байгууламж барьж, айл өрх дур мэдэн эх үүсвэр дээр буухыг зогсоож, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй газруудад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дахин явуулах болсон юм.
Түүнчлэн Туул голын сав газарт хууль зөрчин ашигт малтмал хайсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авах юм. Улмаар ундны усны эх үүсвэрийг гаднын халдлагад өртөх, санаатай болон санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллөөр бохирдохоос сэргийлэх зорилгоор хяналтын сүлжээг бүрэн автомат системд шилжүүлснээр мэдээлэл удирдлагын шуурхай байдлыг хангах гэдгийг хөтөлбөрийг батлах үед албаны хүмүүс онцолж байсан.
Үүнээс гадна гадаргын болон газрын доорхи усанд аюулгүй байдлын шинжилгээ судалгаа хийн нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож нэгдсэн үнэлгээтэй болгон байгаль орчныг хамгаалах хөтөлбөртэй уялдуулна гэдгийг ч хэлж байсан юм. Ийнхүү ундны усыг олборлох, боловсруулах, нөөцлөх, түгээх шат дамжлагад гарч буй зардлыг тооцон гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авснаар хэрэглэгчдийг усаар гачигдахаас хамгаалах зэрэг олон ажлыг хийх боломж бүрдэх юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг байгуулах зураг төсвийг хийн, гэр хорооллын айлуудад хүргэж буй ундны усны чанар, хүртээмж, аюулгүй байдалд үнэлгээ хийхээр төлөвлөсөн.
Цаашлаад хүрэлцээг нэмэгдүүлэн, чанар аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэн, ус дамжуулах, түгээх шугам хоолой, хадгалах савны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, угаалгын чанарыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэснээр хэрэглэгчдэд хүрэх ундны усны чанар сайжирч, нөөц бүрдэн хүн амын эрүүл аюулгүй амьдрах эрх хангагдана гэдгийг нийслэлийн ИТХ-ын хуралдааны үеэр онцолж байлаа.
Тэгвэл өчигдөр тус хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллагууд оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр хотын Ерөнхий менежер хэрэглэгчдэд очих ундны усны чанар, аюулгүй байдал, хүртээмжид анхаарах цаг болсныг онцолсон. Мөн тэрээр “Хүн амын ундны усны эрүүл ахуйг хангахын тулд ариутгах татуургыг шинэчлэх, хуучин шугамыг шинээр доторлож, газар доорхи шугам сүлжээний насжилтыг уртасгах нь чухал.
Түүнчлэн хүн амыг аюулгүй, найдвартай усаар хангахад учирч болзошгүй эрсдэлийг нэг бүрчлэн тооцох, ундны усны эх үүсвэрт айл өрх бууж, энгийн хамгаалалтын дэглэм алдагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн цацрагийн шинжилгээ хийхэд ч анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Мөн энэ үеэр Ус сувгийн удирдах газраас хийж байгаа зарим ажлаа дурдлаа.
Тухайлбал, тус газраас ундны чанарт ихээхэн анхаардгаа хэлсэн. Гэвч гэр хорооллын иргэдийн хэрэглэж буй ус зөөдөг сав нь с химийн бодис хийдэг зориулалттай 5 аж. Тиймээс цаашид усны чанарт нөлөөлөхгүй, чанарын шаардлага хангасан усны саваар гэр хорооллын иргэдийг хангах гэнэ. Мөн усны машины шланканд бохирдол үүсдэг учраас усаа саванд хийж зөөвөрлөн хүргээд, шланкаар татаж түгээдэг систем шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Ингээд хэлэлцүүлэгт оролцогчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал, зөвлөмжийн дагуу хийгдсэн уг хөтөлбөрийг нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой хөтөлбөр гэдэгт санал нэгдсэн юм. Тиймээс нийслэлийн ус хангамжийн системд техник, технологийн шинэчлэл хийж, хүн амын ундны усны нөөц, чанар аюулгүй байдалд хяналт тавихаар боллоо. Мөн цаашид авах арга хэмжээний санал боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулахаар боллоо.
Хэлэлцсэн асуудлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үсан хангамж, ариутгах татуурга хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэлээс дараахь тодруулгыг авлаа.
-Хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ. Хөтөлбөрийг батлуулахдаа нэлээд зорилт тавьж гарч ирсэн?
Өнөөдөр /өчигдөр/ болсон хурлын үеэр байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьсан. Ус сувгийн удирдах газрын дарга хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан юм. Тус илтгэлд 178 ажил, үйлчилгээ хийхээр тусгасан байгаа хэдий ч 36 арга хэмжээ нь тааруу байна гэсэн дүгнэлт гарч байсан. Харин бусад арга хэмжээ нь хэвийн байгаа гэсэн.
-Улаанбаатар хотын ундны усны чанар өнөөдөр ямар байгаа бол?
Нийслэлийн ундны усны аюулгүй байдал харьцангуй хангагдсан. Гэх- дээ хот усны дийлэнх хэрэгцээгээ гүний уснаас хангадаг шүү дээ. Гэвч гэр хороололд байгаа аж ахуйн нэгж, иргэд булаг шандын ус хэрэглэх, хувиараа худаг гаргадаг. Тэгэхээр энэ асуудал санаа зовоосон нэг асуудал болоод байгаа юм.
-Яагаад?
Айл өрхийн хашаандаа гаргасан худгийн ус эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаж байгаа эсэх нь худгийн гүн, байршил зэрэг олон зүйлээс хамаардаг юм.
-Туул голын сав газарт зөвхөн ашигт малтмал хайх биш барилга барьж эхэллээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
Мөн энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр Туул голын сав газрын захиргаанаас илтгэл тавьсан. Уг нь ашигт малтмалын асуудалд оролцож чаддаггүй байсан шүү дээ. Харин 2013 оноос хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулж, дэвшил гаргасан гэсэн. Энэ асуудлыг сав газрын захиргаа хариуцаж байгаа. Тиймээс тус захиргаанаас мэдээлэл авах нь бодитой болох байх.
-Цаашид авах арга хэмжээг нийслэлийн удирдлагуудад танилцуулахаар боллоо?
Авч хэрэгжүүлж байгаа арга хэм- жээ болон хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхаар болж байгаа.