Д.Оюунхорол сайд Туул голын бохирдлыг бууруулах захирамж гаргав
Туул гол
2015.02.05

Д.Оюунхорол сайд Туул голын бохирдлыг бууруулах захирамж гаргав

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг нь сэргээх чиглэлээр захирамж гаргалаа. Энэ талаар өчигдөр тус яамны дэд сайд М.Хүрэлсүх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, усны төвшин багассан, хог .хаягдалдаа дарагдсан хэмээн олон жил ярьсан ч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байгаа. Тиймээс БОНХАЖ-ын сайдын тушаал гарснаар олон үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон” хэмээв.

Тэд хамгийн эхлээд хог хаягдлын асуудлыг шийдэж, сар шинийн баярын өмнө голын эрэг дагуух хогийг цэвэрлэхээр болсон байна. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд оролцож Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл цэвэрлэх ажээ.

Цагагаар харьцангуй дулаан байгаа учраас голын эрэг дагуу зугаалах, харзны усанд орох нэрийдлээр иргэд орчныг бохирдуулах нь ихэссэн ажээ. Тиймээс цэвэрлэгээ зохион байгуулах нь хамгийн эхний хийх ажил мөн гэдгийг албаныхан хэлж байна.

Түүний дараа БОНХАЖЯ-ны зүгээс Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэх, бохирдлын гол эх үүсвэр болсон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах зэрэгт анхаарч ажиллана гэлээ.

Уг нь арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх шийдвэр гарсан ч одоог хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Яамны зүгээс энэ асуудлыг гацаанаас гаргах тал дээр мөн анхаарч ажиллана гэлээ. Хурлын үеэр Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Туул голын бохирдлын асуудал жил бүр яригддаг. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байх юм. Танай зүгээс ямар ажил хийгдэж байна вэ?

Бохирдлын эх үүсвэр юу вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Арьс ширний үйлдвэрүүд болон хотын цэвэрлэх байгууламжаас болж Туул гол маань туульдаж байна. Түүнээс биш хэн нэгэн хүний буруутай үйлдэл биш юм.

Шийдвэрээ хэрэгжүүлэх л асуудал байгаа юм. Шинэ цэвэрлэх байгууламжтай болчихвол хоногт цутгадаг 180 мянган куб бохир уснаас Туул гол ангижрах боломжтой. Мөн арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгээд өгвөл нуруун дээрх ачаагаа аваад хаялаа л гэсэн үг. Даанч одоогоор манайд тийм орчин нөхцөл нь бүрдээгүй байна.

-Засгийн газраас хоёр ч тогтоол гарсан байдаг. Хэрэгжилт ямар байна вэ?

Өнөөдөр Туул гол бохирдлын хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна. Гэтэл түүнд санаа зовж байгаа юм алга. Тогтоол шийдвэр гаргалаа гээд хэрэгжилт, эрх зүйн үндэс, санхүүгийн эх үүсвэр ч. алга. Яагаад хэрэгждэггүй гэхээр нөгөө л санхүүгийн асуудалтай холбоотой.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газрын тогтоол гарсан. ,Үүнд үйлдвэрүүдийг Эмээлт, Шар хөвийн хоолой рүү гаргана гэсэн байдаг. Гэтэл нөхцөл нь бүрдэж байж, үйлдвэр эрхлэгчид тийшээ нүүнэ. Гэтэл тийм зүйл ч алга. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ- ын төвшинд шийдэж өгөх л чухал болоод байна.

-Туул голын эрэг дагуу хяналтын камер байрлуулсан нь хэр үр дүнтэй болов?

Бид өнгөрсөн онуудад Туул гол руу байнга эргүүлд явдаг байлаа. Тэгээд ажлын үр дүн ч муу байсан. Бид техник, технологийн хөгжлийг ашиглан Туул голыг камержуулах ажлыг эхлүүлээд байна. Камерыг эхний ээлжинд шөнийн цагаар хог хаяад байгаа долоон км орчим газарт тавьсан. Камерийн хувьд үнэ өртөг өндөр байдаг. Бид үүнийг тавиад эхэлсний дараа зөрчил гаргаад байсан компаниуд хариуцлагатай болж ирсэн.