М.Алей: Туул голын дагуу барилга барих нь нийслэлийн усны эх үүсвэрийг бохирдуулах аюултай
ШУТИС-ийн гидрогеолог-Геоэкологийн профессорын багийн ахлагч, Тэргүүлэх профессор, Доктор Мустафа Алей
2014.10.20

М.Алей: Туул голын дагуу барилга барих нь нийслэлийн усны эх үүсвэрийг бохирдуулах аюултай

ШУТИС-ийн гидрогеолог-Геоэкологийн профессорын багийн ахлагч, Тэргүүлэх профессор, Доктор Мустафа Алейтай ярилцлаа.

- Монголд гидрогеологи, инженер геологийн судалгаа хэр хөгжиж байна вэ? Эдийн засгийн амьдралд хэрхэн ашигладаг вэ?

Уг хоёр шинжлэх ухаан салшгүй холбоотой. Социализмын үед энэ салбар тодорхой төлөвлөгөөний дагуу хөгждөг байсан. Харин зах зээл гарснаар судалгаа бараг зогсонги байдалд орсон гэж хэлж болно. Харин сүүлийн жилүүдэд  идэвхтэй судалгаа хийж байна. Монголын усны нөөцийн 90 орчим хувийг газар доорхи ус эзэлдэг учраас усны хэрэглээний шаардлагаас урган гарсан судалгаанууд хийх болсон.

1966 оны их үер

Нөгөө талаас уул уурхай гидрогеологийн судалгаагүйгээр боломжгүй. Учир нь зарим ордод олборлолт хийж ухах явцад ус шүүрдэг. Тиймээс тэр усыг зайлуулах асуудал нэг номерынх. Багануур, Шарын голд ийм явдал тулгарч байсан. Оюу-Толгой, Таван толгойд ч тулгарна.

Зарим компаниуд үүнийг ойлгож гидрогеологийн мэргэжилтний орон тоо гаргаад ажиллуулж эхэлсэн. Харин ойлгоогүй хэсэгт амьдрал өөрөө хэлээд өгнө. Ордыг хэрхэн ашиглах бизнес төлөвлөгөөнөөс илүүтэй хаанаас  усаа авах вэ гэдэг нь чухал шүү дээ.

Инженер геологийн хувьд манай барилгын салбар эрчимтэй хөгжиж буй учир эдийн засгийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ төрлийн судалгаа хийхгүйгээр барилга, зам, гүүр, төмөр зам барих боломжгүй.

- Тэгвэл Туул голын ойролцоо баригдсан хотхонуудын талаар та юу хэлэх вэ?

Эндээс хоёр талын дүгнэлт гаргаж болно. Нийслэл хотыг усаар хангаж буй тэрхүү усны нөөц Туул голын хөндийд байдаг. Тэгэхээр Туул голын хөндийд барилга баривал усны нөөцийн сангаа бохирдуулна гэсэн үг. Хоёрдугаарт голын дагуу барилга барина гэдэг тун эрсдэлтэй. Яагаад гэвэл Туул голын орчмын хөрс тогтворгүй, гулгамтгай, газар хөдлөлтэй хамгийн түрүүнд өртдөг. Усанд автах аюул ч бий. Хэрэв 1966 оных шиг үер болвол яах вэ гэдэг асуудал гарна. Бид тэнд барилга барьж болохгүй гэж өчнөөн хэлдэг ч тоодоггүй.

- Монгол орон гидрогеологийн ямар онцлогтой вэ? Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад газар зүйн хувьд бусад орноос юугаараа ялгаатай вэ?

Гидрогеологийн хувьд нэлээд хүндрэлтэй орны тоонд ордог. Яагаад гэвэл Монгол орон тектоник хөдөлгөөний идэвхтэй бүсэд оршдог. Хорьдугаар зуунд болсон Говь-Алтай, Могодын газар хөдлөлтөөс харахад илэрхий байна. Өөрөөр хэлбэл бидний хөлийн доорхи хөрс байнгын хөдөлгөөнд оршдог гэсэн үг. Монгол орон хавтангийн улс биш, газар нутаг маань атираажилтад их орсон байдаг.

1957 оны Говь-Алтайн газар хөдлөлт

Түүнээс гадна Монгол орны усны нөөц хойд хэсэгтээ байдаг ч баялаг ордууд нь говийн бүсэд оршдог. Тэгэхээр усны нөөцийн хувиарлалт маш тэнцвэргүй гэсэн үг. Энэ онцлогт суурилсан уул уурхайг хөгжүүлэх нь чухал.

- Танай салбарт хөрөнгө оруулалт хэр ордог вэ?

Инженер геологийн хувьд төрөөс мөнгө өгсөн юм байхгүй. Хувийн хэвшил нуруундаа үүрдэг. Гидрогеологийн судалгаанд хангалттай хөрөнгө оруулдаггүй. Өмнө нь ШУА-д тусагй хүрээлэн байсан ч татан буугдсан.