Боловсрол шинжлэх ухаанд зарж байгаа мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй
БСШУ ны сайд Л.Гантөмөр
2015.05.14

Боловсрол шинжлэх ухаанд зарж байгаа мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй

Өчигдөр өглөө төрийн ордны их танхимд БСШУЯ-аас зохион байгуулж буй Инновацийн долоо хоногийн хүрээнд "Инновацийн үндэсний форум" болсон. Форумд БСШУ ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын зарим гишүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн өмчийн их сургуулиуд оролцож санал солилцон Үндэсний инновацийн бодлогоо тодорхойлон ярилцсан юм.

Дэлхий нийтээрээ “Инновацийн хөгжил” гэж ярьж байгаа энэ цаг үед Монгол Улс ч эдийн засгаа шинжлэх ухаанчаар залж, газрын доорх баялгаа ухаж биш, хүнийхээ толгойд байгаа баялгийг нээн хөгжүүлэх замаар урагшлан хөгжих учиртайг БСШУЯ, түүнийг тэргүүлж буй сайд Л.Гантөмөр олж харж, энэ талаар дорвитой ажиллаж байгаа нь олзуурхууштай. Форумын үеэр Л.Гантөмөр сайдтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монголд янз бүрийн форум, чуулга уул­­залт ихэдсэн үү гэхээс багад­аагүй. Жиш­­ээл­­бэл өнөөд­рийн “Инновац­ийн үндэсний форум”-аас бидэнд юу үлдэх вэ. Гол зохион байгуулагчийн хувьд та юу хэлэх вэ?

Асуудлаа харилцан ярилцаж, зөв шийдлээ тодорхойлоход муу зүйл байхгүй. Энэ удаагийн форумаар бизнес эрхэлж байгаа, санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа хүмүүстэй уулзаж өөрсдөдөө байгаа мэдээл­­лүүдээ харилцан солилцох, танилцуулах, мөн түүнчлэн инновацийн бодлогын хэлэл­цүүлэг хийгдэж байна. Инновацийг бий болгох, мэдлэгийг нийгэмд түгээхэд ямар үе шаттай, ямар цаг хугацаатай, тухайлсан ямар ажлуудыг бид хийж хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг олон талаас нь санал гаргаад хэлэлцүүлэг явуулахад нэлээн хугацаа орохоор байгаа юм.

Нөгөө талдаа өнөөдөр ямар бүтээгдэхүүнүүд Монгол эрдэмтдийн гараас гарч байна вэ гэдгийг бизнес эрхэлж байгаа болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, нэг үгээр хэлбэл мөнгөтэй болон ухаантай бүлгүүдийг уулзуулж, асуудлаа ярилцахад ганц удаагийн форум үнэндээ багадаж байна. 

Товчхондоо ганц удаагийн уулзалтаар бизнес санхүүгийнхэн болон эрдэмтэн судлаачдын харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах гэж бидний хүсээд байгаа үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр долоо хоногт хамтран санал бодлоо солилцъё, бүгдээрээндээ байгаа бүх хүч, нөөц бололцоогоо мэдье, мөнгөтэй болон мэдлэгтэй байгаа хэсгүүд нягт хамтран ажиллавал ямар шинэ технологи, ямар үнэ тогтоосон бараа бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гаргаж болох вэ гэдэг тодорхой шийдлүүд гарна гэдэгт БСШУ-ны сайдын хувьд итгэлтэй байгаа. 

Нөгөөтэйгүүр цаашдаа урт хугацаанд эдгээр хүмүүсийн хамтын ажиллагаа яаж явах юм бэ, боловсролын байгууллага, төрийн байгууллага, бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа шинжлэх ухааны парк дээр яаж орж ирэх юм, яаж буух юм, түүнийг ямар хугацаанд хийх юм гэдэг тодорхой шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна. 

-Та сая шинжлэх ухааны парк гэлээ. Шинжлэх ухааны академийг тэгж нэрлээд байна уу, аль эсвэл өөр ойлголт яваад байна уу?

Шинжлэх ухааны парк гэдэг маань санхүүгийн чадавхитай хүмүүс, дэлхийн хэмжээнд шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниуд, тэгээд эрдэм судалгааны байгууллагуудын нэгдлийг томьёолсон ойлголт гэж болно. Жишээлбэл Монголд “Самсунг” , “Тоёото” компаниуд орж ирэхгүй байна. Гэтэл зөвхөн “Тоёото” компани л гэхэд жилийн 17 тэрбум ам. долларын ашигтай ажиллаж байгаагаас 30 хувийг нь зөвхөн судалгааны ажилд зарцуулдаг байх жишээтэй. 

Ер нь тэргүүлэх технологитой том компаниуд олж байгаа мөнгөнийхөө 30-50 хувийг дандаа эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулж байгаа юм. Тэгэхээр эдгээр том компаниуд Монголд орж ирж, манай их дээд сургуулиудтай хамтран ажиллах тэр ойрын ирээдүйг л шинжлэх ухааны парк гэж нэрлээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл шинэ технологийн араас явж байгаа хөрөнгө оруулагчид, технологид хөрөнгө оруулалт хийдэг, мэдлэгт хөрөнгө оруулалт хийдэг хэсэг, мэдлэг үйлдвэрлэж байгаа хэсэг, мэдлэгт суралцаж байгаа хэсэг гэсэн гурван талыг нэг газарт цуглуулах, нэг зорилгын төлөө амьдрах тэр орчныг нь бүрдүүлэхийг шинжлэх ухааны парк гэж ойлгож болно. 

Тэр талын хуулийн төсөл бэлэн болчихсон, удахгүй Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барина. Тэр хуульд ч ялгаагүй эцсийн санал дүгнэлтийг авч байгаа. Мөн шинжлэх ухааны хот байгуулах ажлыг концессоор шийдэж, ажил хэрэг болгохоор тогтсон. Одоо тэр талын сонгон шалгаруулалтаа зарлана. Дээр нь шинжлэх ухааны хотод хөрөнгө оруулсан газар ямар ашигтай вэ гэдэг нь энэ удаагийн долоо хоногийн ажлын үеэр маш олон санал, санаачлага болж гарах байх гэж хүлээж байна. Мэдээж олон орны туршлага яригдана. Ялангуяа Олон улсын хурал дээр шинжлэх ухааны дараагийн шат хаана ирэв, энд мөнгө санхүү нь хэрхэн цугларч, оюуны өмч нь хэрхэн баталгаажиж байна вэ, түүнийгээ хэрхэн яаж дэлхийд бүртгүүлэх вэ гэдэг олон асуултын хариулт гарна гэж тооцоолж байна. 

-“Инновацийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” гэж хангалттай их ярьж байгаа. Таныхаар ямар нэгэн эерэг үр дүн мэдрэгдэж эхэлсэн үү?

Ер нь бол цаашдаа шинжлэх ухаан болон боловсролд зарж байгаа мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл боловсрол, шинжлэх ухаанд зарцуулаад ирсэн мөнгөний ихэнхийг урсгал зардал гэж харж, тооцсоор ирсэн юм. Урсгал зардал гэж хараад явахаар санхүүжилтийнх нь хэмжээ нэмэгдэхгүй байна. 

Харин хөрөнгө оруулалт гэж хараад жишээлбэл 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг жил болгон тогтвортой өгөөд байх юм бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг байнга 7-10 хувьд тогтвортой бариад байх бүрэн боломжтой. Нэг үгээр хэлбэл дэлхийд өрсөлдөж чаддаг, үнэ тогтоодог бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадамжийг тэр хөрөнгө оруулалт бий болгож байгаа юм. Нөгөөтэйгүүр тэрхүү чадамжтай ард түмнийг төрүүлдэг механизм нь ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа, их дээд сургуулиудын үйл ажиллагаа юм.

Шийдвэр гаргаж чаддаг, өөрөөр сэтгэдэг, баялаг бүтээж чаддаг хүмүүсийг бэлтгэн гаргаж ирснээр тухайн улсын эдийн засагт асар өндөр өгөөжийг өгдөг өндөр хөгжилтэй орнуудын бэлээхэн туршлага байж л байна. Маш олон орон нийт төсвийн хөрөнгө оруулалтынхаа 5-6 хувийг энэ талд зарцуулснаар эдийн засгийн өсөлтөө хамгийн дээд тал нь 17 хувьтай гаргаж байсан жишээ бий. Хамгийн багадаа 7-8 хувийн тогтвортой, урт хугацааны өсөлт авч ирдэг нь амьдралаар батлагдсан.

Тийм учраас бид энэ хэлэлцүүлгийн үед ч гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж, Олон улсын зах зээл дээр зарснаар компаниудын хувьд ямар өсөлт авч ирсэн бэ гэдэг талаар ч манай тодорхой компаниуд бодит туршлагаа ярих байх гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол бид зах зээл дээр өрсөлдөх хэмжээний биш, гүйлгээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх юм бол дампуурал ойрхон байна гэдгийг л байнга санаж явдаг болмоор байна.

Харин өрсөлдөгчгүй буюу өөр хүн бодож олж чадаагүй, өөр хүн хийж чадахгүй байгаа тэр зүйлийг үйлдвэрлээд зарж байгаа хүмүүс маш их ашиг олж, тэр нь хөрөнгийн бирж дээр өдрөөс өдөрт үнэ цэнтэй болж байдгийг л хамгийн гол анхааралдаа авах цаг болсон. Товчхондоо бизнес утгаараа шинжлэх ухаан гэдэг нь ямар их ач холбогдолтой, үр өгөөжтэй юм бэ гэдгийг нэгд нэгэнгүй ярихад долоо хоног ч багадахаар л байгаа юм. Цаашдаа хуралдаж, уулзалт хийж тодорхой зохион байгуулалттайгаар эдгээр хүмүүсийг уядаг биш, энэ хүмүүс маш ойлгомжтой бүтцээр хоорондоо нэгддэг, уялддаг байх л шаардлагатай юм. 

-Монгол бол мал аж ахуйн орон. Тэндээс гардаг нэг гол түүхий эд, баялаг бол ноос, ноолуур гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ тэр талын шинжлэх ухааны ололтыг ашиглах явдал тун хангалтгүй байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид шинжлэх ухааны инноваци, мэдлэгийн энэхүү хуралд маш идэвхтэй оролцож, хамтын ажиллагаа явж байна. Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг бол үйлдвэрлэсэн бараагаа ахиухан борлуулж, илүү их ашиг орлого олохын төлөө л байдаг шүү дээ. Олноор зарагдах буюу өөрийн гэсэн үнэ тогтоосон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ямар ч үйлдвэрлэгчдийн туйлын зорилго болох ёстой юм л даа. 

Тийм бараа, бүтээгдэхүүн гаргаж ирэхийн тулд гарцаагүй шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, байнгын туршилт хийж өөр хүнд байхгүй мэдлэг, чадварыг бараа бүтээгдэхүүндээ шингээсэн байх ёстой. Жишээлбэл ноосны боловсруулалт дээр бусдыг дуурайж ноосоо боловсруулсан болоод чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал нөгөөх нь зарагдахгүй, тэгээд удахгүй үйлдвэрийнхээ хаалгыг барихаас өөр аргагүй болно. Гаргаж байгаа ноосон бүтээгдэхүүн нь бусад орны бүтээгдэхүүнүүдийг бут цохиж, шинэ үнэ тогтоохын тулд гарцаагүй хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. 

Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаад яавал ноосыг ноолуур шиг болгох вэ, яавал ноосыг илүү хөнгөхөн, уян хатан болгох вэ гэдэг зорилгоо тавиад технолгийн бүх шат дамжлагыг давахын тулд мэдлэгт суурилсан маш их ажиллагаа орно. Өнөөдөр гадны үйлдвэрлэгчдийн бэлэн туршлагыг оруулж ирээд үйлдвэрлэл явуулаад сүйдтэй амжилт олох нөхцөл улам бүр хумигдаж байна. Тэгэхээр үйлдвэрлэгч өөрөө шинжлэх ухаан технологийн дэвшилд суралцаж, сурсан мэдлэгээ баялаг болгох цаг үе ирчихээд байна. Үүнийг л мэдлэгийн эдийн засаг гээд байгаа юм. 

-Эдийн засгийн хүндрэлтэй одоогийн нөхцөлд шинжлэх ухаанд нийт төсвийнхөө таваас зургаан хувийг зарцуулах нь шал дэмий үрэлгэн зардал гэх хүмүүс олон байгаа. Ер нь шинжлэх ухаанд зайлшгүй мөнгө зарцуулах цаг мөн үү, зайлшгүй хийгдэх ёстой ажил мөн үү?

Ёстой байлгүй яадаг юм бэ. Эдийн засаг хүндрэх тусам шинжлэх ухаандаа улам их мөнгө зарцуулах ёстой. Тэгвэл түр зуурын хүндрэлээс улам л амархан гарна. Хүнд байна гээд мөнгөө өөр юманд цацаад байвал улсын эдийн засаг улам л илүү сэргэхгүйгээр хурдан доройтно. 

-Инновацийг хөг­жүүлж байг­­аа хувийн сек­торыг төрийн бодлогоор дэмжих ажил аль хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа бол?

Инновацийн төрийн бодлого бол шинэ технологид судалгаа хийж байгаа мөнгө, зардлыг нь л татварын бодлогоор дэмжихийг хэлнэ л дээ. Дээр нь судалгаанд зарцуулж байгаа мөнгийг ч гэсэн татварын хөнгөлөлтөөр чөлөөлөх учиртай. Нөгөө талаар шинэ бүтээгдэхүүн үйлвэрлэж, тэр нь үнэ тогтоон экспортод гарч байгаа бол ямар ч татваргүйгээр эхний таван жил ажилладаг тэр орчныг л яаралтай бүрдүүлэх ёстой юм. 

Энэ бүхнийг л бид бодлого болгоод таван жил үү, гурван жил үү гэдгийг шийдэж Засгийн газар экспортын худалдаан дээр нь яаж дэмжих юм, гадаадад байгаа Элчин сайдын яамдыг яаж татан оролцуулах юм гээд шийдэх асуудал байна. Үнэ тогтоосон бараа гэдэгт энд нэг ам. доллараар үйлдвэрлээд гадагшаа гараад 100 ам. доллараар зарагдах барааг л хэлээд байгаа юм шүү дээ. 

Ийм нэмүү өртөг шингэсэн бараа үйлдвэрлэдэг, түүнийг нь цаад газар нь хүлээн зөвшөөрдөг байхыг л хэлээд байгаа юм. Жишээлбэл гар утасны үйлдвэрлэл гэхэд түүхий эдийнх нь үндсэн зардал таван ам. доллар хүрэхгүй шүү дээ. Гэтэл бид 500-1000 ам. доллараар гар утас худалдаж авсаар л байгаа. Тэгэхээр тийм хэмжээний ач холбогдол өгсөн бараа үйлдвэрлэх юм бол экспортын татваргүй болгож, таван жил хүртэл мөрдөх талаар энэ форумаар хэлэлцээд тодорхой түвшинд хүрснийг нь дээш уламжилж, тодорхой шийдэл гаргана гэдэгтээ итгэлтэй байна. 

-Өндөр хөгжилтэй орнууд инженерийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгосны хүчинд өнөөдрийн амжилтад хүрсэн байдаг. Монгол Улсад инженерийн бодлого ямар түвшинд хөгжиж байна?

Бид эхний ээлжинд 1000 инженер Японд бэлтгэх ажлаа эхлүүлээд явж байна. Тэдний 300 гаруй багш нар байгаа юм. Яагаад 300 багш Японд бэлтгэж байна вэ гэхээр Японы инженерийн боловсролд өөрийн гэсэн тусгай ухаан яваад байгаа юм. Өндөр түвшний инженер бэлтгэх тэр ухааны түвшинд манай ШУТИС, МУИС-ийн инженерийн хөтөлбөр хүрнэ гэсэн зорилтын хүрээнд багш нараа бэлтгэж эхэлж байна. Хоёрдугаарт АНУ-ын Массачусеттын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил ид өрнөж, хоёр талаасаа баг гарган ажиллуулж байгаа. Нэг үгээр хэлбэл дэлхийн хэмжээний инженерийн боловсролын шинэчилсэн хөтөлбөрт Монгол Улс нэгдэн орж байна. 

ШУТИС өнгөрсөн сард гишүүн нь болж бүртгүүлсэн. Одоо бид яаж цахилгааны инженерийн хөтөлбөрөө шинэчлэх вэ, хэзээ элекроникийн инженерийн хөтөлбөрийг шинэчлэх вэ, хэзээ уул уурхайгаа шинэчлэх вэ гэсэн үе шаттай хамтын хөтөлбөрөө нөгөө талтайгаа тохиролцсоны үндсэн дээр тэд тодорхой хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нь шийдээд цаашаа явна. 

Нэг үгээр хэлбэл Монголын инженерүүд чаддаг хүмүүс болж төгсөнө. Өнөөдөр бүх улс орон инженерүүддээ тийм л болзол, шаардлага тавьж байгаа шүү дээ. Чи мэдээллийн технологийн инженер бол программ зохиож чаддаг байх ёстой. Электроникийн инженер бол телевизор угсарч чаддаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь мэддэг байхаас илүү чаддаг байх ёстой. 

Товчхондоо хийж чаддаг инженер төгсгөн гаргахын тулд олон сургууль хөтөлбөрөө цоо шинэ болгон өөрчилж байна. Жишээлбэл МУБИС-ын хөтөлбөрийн 75 хувь нь лекц байсан бол одоо 20 хувь нь лекц, 80 хувь нь дадлагын ажил болсон байх жишээтэй. Хийх явцдаа суралцаад төгсөн гарч байгаа инженерүүд бол ХХI зуунд Монгол Улсыг авч явна. Дүгнээд хэлэхэд Япон, Герман,АНУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа инженерийн гурван төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа инженерийн тогтолцоог эрс өөрчилж чадна.