Хоймор өнжих нар олон ангит кино нээлтээ хийлээ
2015.05.12

Хоймор өнжих нар олон ангит кино нээлтээ хийлээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил" болгон зарласан билээ.

Энэ хүрээнд гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Үүний  нэг нь Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран "Хоймор өнжих нар" олон ангит уран сайхны киног бүтээсэн.  Гэр бүлийн бат бэх харилцаа, гэр бүлийн гишүүдийн харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ чухам юунд оршиж байгаа болон гэр бүлийн амьдралын эргэн тойронд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн зөв зохицуулж, аз жаргалтай гэр бүлийг бий болгох боломжийн талаар өгүүлэх  Хоймор өнжих нар  киноны албан ёсны нээлт 2015 оны 5 дугаар сарын 11-ны өдөр боллоо.    

Хоймор өнжих нар олон ангит кино гэр бүлийн амьдралд тохиолдож буй жаргал, зовлон, хүүхдийн хүмүүжил, ахмад буурлууд, хөршийн харилцаа, анд нөхдийн холбоо гээд  бидний эргэн тойронд оршин буй, өдөр тутам тулгарч байдаг амьдралын үнэнийг тольдон буулгаж, ялангуяа залуу гэр бүлд сургамж, үлгэр дууриал  болохуйц уран бүтээл болсон байна.   

Тус киноны зохиолыг  Д.Энхболд бичиж, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал найруулсан байна.  Нийт 50 анги үргэлжлэх Хоймор өнжих нар киног бүх насныхан үзэх боломжтой бөгөөд   2015 оны 5 дугаар сарын 11-ээс  эхлэн Даваа-Баасан гарагт  МҮОНТ-ээр гарч,  үзэгчдийн хүртээл болох юм.