Уугуул иргэдийн байгаль хамгааллын тогтолцоо нэг алхам урагшлав
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган
2015.05.18

Уугуул иргэдийн байгаль хамгааллын тогтолцоо нэг алхам урагшлав

БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран энэ сарын 14,15-нд Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” уриан дор зохион байгууллаа.

Чуулганы эхний өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт “Нөхөрлөлүүдийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, 21 аймгийн нөхөрлөлийн 250 төлөөлөгч, хувийн хэвшлийн 170 гаруй хүн, ТББ болон ард иргэд оролцож өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ сур­талчилсан. 

Харин чуулганы хоёр дахь өдөр буюу баасан га­рагт Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй байгаль хам­гаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч, олон улсын байгууллагын тө­сөл хэрэгжүүлэгчид төрийн болон төрийн бус байгууллагын тө­лөөлөл  нэг  өдрийн турш нөхөрлөл үүсч хөгжсөн өнгөрсөн 15 жи­лийн хугацаан дахь  ололт амжилт, туршлага, тулгамдаж буй асууд­луудаа хамтдаа хэлэлцлээ.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний  чуулганыг нээж хэлсэн үгэндээ, байгаль орчныг дан ганц төрийн албан хаагчдын хүчээр хам­гаалах боломжгүй гэдэг нь амьдралаар нотлогдож, нутгийн уугуул иргэдийн идэвхтэй оролцоо, үйл ажиллагаагаар хамгаалдаг шалгарсан арга олон улсын хэмжээнд нэвтэрч байна. 

Тиймээс өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай, хүн ам цөөнтэй манай орны хувьд байгалиа нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулж, байгалийн нөөцөө давуу эрхээр ашиглаж, амьдрал ахуйгаа сайжруулдаг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ менежментийг нэвтрүүлэх тухай холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгаагаа дурдсан. 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн чуулганд тавьсан илтгэлдээ, “нутгийн уугуул иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах нөхөрлөл нь  нэг газар нутагт амьдардаг, нэгнийх асуудал нөгөөд нь хамааралтай байдаг, итгэл үнэмшил, хүсэл сонирхол, эрх ашиг, үнэт зүйлсээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл” хэмээн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, ахуй амьдралаа авч явахад өвөрмөц менежмент хэрэгтэйг үйл ажлаараа харуулж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд талархал илэрхийлсэн юм.

Салбарын сайдын илтгэлд дурьдсанаар, Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэс суурь анх 1990-ээд оны сүүлчээр Сэлэнгэ, Архангай аймгийн  зарим сумдад ой хамгаалах чиглэлээр хамтлагууд байгуулагдсанаар тавигджээ. Үүнээс хойш байгалиа  хамгаалах хүсэл, зорилготой нутгийн уугуул иргэд нэгдэж нөхөрлөл байгуулах болсноор өдгөө улсын хэмжээнд 1629 нөхөрлөл 8.2 сая га талбайг хариуцан хамгаалж  байгаа аж.  

Нутгийн уугуул иргэд нэгдэн нөхөрлөл байгуулахын хэрээр байгаль орчинд учрах сөрөг нөлөөлөл багассан нь өнгөрсөн хугацаанд нөхөрлөлүүдийн  олсон ололт амжилт хэмээн Үндэсний чуулганы үеэр дүгнэсэн юм. 

Үүнээс гадна мод  үржүүлэг, жимсний болон зөгийн аж ахуйн, бэлчээрийн, усаа хамгаалах, уул  уурхайгаас үүдэлтэй  эвдэрсэн газрыг  нөхөн сэргээх гэсэн чиглэлүүдээр орон нутгийн иргэд нэгдэн нөхөрлөл байгуулж ажиллаж байгаа нь байгаль хамгаалах талаасаа ч, ард иргэдийн амьжиргаа талаасаа ч ихээхэн тустай нь амьдралд батлагдсаар байгаа аж. 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд илгээлт ирүүлжээ

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон бөгөөд чуулганд ирүүлсэн илгээлтдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бай­галийн нөөцийн хамтын менежмэнтийг бүх талаар дэмжиж, үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг чуулганд ирүүлсэн илгээлтдээ, чуулганыг санаачлан зохион бай­гуулж байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюун­хоролд  талархал илэрхийлж, байгаль хамгаалах уламжлалт соёлд суурилж орчин үеийн дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлсэн байгаль хамгаалах өөрсдийн өвөрмөц арга ухааныг нөхөрлөлүүд  буй болгох, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийн эсрэг тэмцэлд иргэдийн санаачилгаар бүрдсэн бүлгүүдийн манлайллыг Засгийн газар хүлээн зөвшөөрч мэргэжил арга зүйн сургалтаар хангах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, мод тарьдаг, арчилдаг нөхөрлөлүүдийг үндэсний ногоон баялаг бүтээгч хэмээн тооцож урамшуулдаг урамшууллын системийг бий болгосноор нөхөрлөлүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудалд цаашид анхаарч ажиллахыг илгээлтдээ өгүүлжээ. 

УИХ-ын БОХХАА-ын байн­гын хорооны дарга Су.Батболд чуул­ганы төлөөлөгчдөд хандаж үг хэлэхдээ, холбогдох хуульд байгалийн баялгаа ашиглаад олсон орлогоо эргүүлээд байгалиа хамгаалахад зарцуулна гэж заасан байдаг ч  орон нутагт төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлаар УИХ-ын тогтоол гаргаж, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгнө гэлээ.

Нөхөрлөлийн гишүүд байгаль хамгаалагчтай дүйх эрх мэдэл хүсэв 

Чуулганы төлөөлөгчид салбарын яамандаа хандан хэд хэдэн асуудлыг тавьсан юм. Тэд нөхөрлөлийн гишүүнд байгаль хамгаалагчтай дүйх хэмжээний эрх мэдэл олгохыг хүсч байв. Өөрөөр хэлбэл, хууль бус модны хулгайчид болон ан агнахыг завдсан иргэнд  газар дээр нь торгууль ногдуулдаг эрхтэй болгохыг хүссэн юм. Ингэхгүй бол нөхөрлөлийн гишүүн хууль бус үйлдэлтэй таарлаа гэхэд байгаль хамгаалагчийг дуудаж ирүүлэх гэсээр байтал цаг алддаг хэмээн тайлбарлаж байлаа. 

Мөн тэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг байгаль нөхөн сэргээхэд зарцуулахгүй байна, хууль  журам нь бодит байдалд хэрэгждэггүй зэрэг асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Чуулганы төгсгөлд Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганы төлөөлөгчдөөс төр засаг, олон улсын байгууллага, ТББ, орон нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд хандаж зөвлөмж гаргав.

Уг зөвлөмжид Байгаль орчны багц хуулиудад нэмэлт, өөрчлөлторуулж нөхөр­лө­лийг дэмжих орон нутгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сан­хүү­гийн тогтвортой механизмыг бий болгох зэрэг чиглэлээр нөхөрлөлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн нөөц ашигласан төлбөрийн орлогын тодорхой хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мод тарьж ургуулдаг, арчилж торддог иргэд, нөхөрлөлийг урамшуулж, сурталчлах зэргийг тусгажээ.