Төмөрлөгийнхөн сайн, муугаа салбарын сайддаа дуулгажээ
2015.05.20

Төмөрлөгийнхөн сайн, муугаа салбарын сайддаа дуулгажээ

Олборлож баяжуулсан төм­рийн баяжмалаа хэр­хэн яаж эдийн засгийн эр­гэл­­тэд оруулах ухаанаа олох­гүй мунгинаж яваа бизнес эрхлэгч­дэд Уул уурхайн сайдын өгсөн  зөв­лөгөө энэ. Хэдэн арваар хэм­жигдэх тэрбум төгрөгөө овоол­го болчихоод санаа алдан суух тэдэнд  энэхүү мэдээлэл  он удаан жилийн гацаанаас гарах  гарц, боломж нь байж ч мэднэ. 

Ийм шийдэлд хүрэх зам тийм ч дардан байгаагүй. Тиймийн тулд Р.Жигжид сайд өргөн Сэ­лэнгийг өгсч уруудан 1800 км зам туулан төмөрлөгийн сал­­ба­рынхны үгийг, са­­наа бодлыг нь сонсох  гэж мэрийсэн хэ­рэг. Гэхдээ сайд эл са­наагаа хэ­дийнэ тархиндаа боловсруул­чихаад хүдэр ол­борлог­чид, баяжуулагчид, боловсруулагчдад таатай  байхуйц хууль, эрх  зүйн орчныг бий болгохын төлөө су­далгаа хийж явсан юм билээ, нэг талаар.

Хан Хэнтийн нуруунаас эх авсан Ерөөгийн сав газар дагуух төмрийн хүд­рийн хамгийн том ордуудыг эзэм­­шиж буй Болдтөмөр Ерөө гол компанийн Баянгол, “Ин­фи­нит” компанийн Хандгайт, Дар­ханы төмөрлөгийн үйлдвэр бо­­лон “Эрдэс”  групп компанийн эзэм­­шиж буй Төмөртэйн ор­дын үйл ажиллагаа, ордыг ашигла­хаар бүтээн босгосон дэд бүтэц, бай­галь орчинд нөлөөлөх бай­далтай газар дээр нь танилцсан юм. Нөгөөтэйгүүр, шулуухан хэ­лэхэд, хүнд үйлдвэрийн сал­барынхан саяхныг хүртэл  хяз­гаар­лагдмал зах зээлээ бу­лаа­цал­дан, шинээр  хөл тавьж буй нэгнийгээ ад үзэх маягаар явж иржээ, Монголын Тө­мөр­лөг Үйлдвэрлэгчдийн Хол­боо”, “Монгол Ган Нэгдэл” бай­­гуулагдан нэгдсэн зо­хион бай­гуулалтад орох хүрт­лээ. 

Эл замналын дүнд төм­рийн баяж­малын жижиг бизнес эрх­­лэгчид доншуур наймаач­дын олз болж, Хятадын зах зээлд Монголын түүхий эдийн үнэ унах үндэс суурийг тавьсан  байхыг үгүйсгэх аргагүй юм. Ийм зовлон нүүрлээд удаж бай­гаа талаар дээрх хоёр том ком­­панийн удирдлагууд сай­дад  гомдол мэдүүлцгээх. Энэ бүхний эцэст  тэд бие биедээ хүндэтгэлтэй хандах, жи­жиг аж ахуйн нэгжүүд нь өөр хоо­рондоо нэгдэн нийлж, до­тоо­дын зах зээлдээ эзэн  суух,  бү­­тээгдэхүүнээ түүхийгээр нь экс­портлохгүй байх,  өртөг шин­гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын зарим тө­мөр эд­лэлийг хилээр оруулахгүй, оруу­­­­лах аваас өндөр татвар төл­дөг бо­лох  зарчим дээр нэгдэж чад­сан нь сайшаалтай.

Монголын анхны  хувийн хэвшлийн төмөр замаар 

Засгийн газрын 2007 оны 134-р тогтоол гарсны дагуу “Болд­төмөр Ерөө гол” ХХК  Мон­гол Улсын түүхэнд анх удаа өргөн царигийн төмөр за­мын дэд бүтцийг иж бүрнээр нь барьж байгуулах ажлыг эхэлсэн түүх­тэй юм байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө су­мын Баянголын уурхайд хөл та­вихын тулд  Сэлэнгэ аймгийн Шаа­мар сумын Дулаанхаанд бай­гуулагдсан Баянгол төмөр за­мын “Цагаан хаалга” өртөөг зо­рих хэрэгтэй юм билээ.  Уур­хай хүртэл автомашинаар зор­чиж болох ч төмөр зам ашиг­лалтад орох хүртэл аж ахуйн нэг­­жүүд сайжруулсан шо­роон за­маар төмрийн хүд­рээ зөөдөг байс­ны улмаас зам муу­даж нид­рүүлэг аятай бол­сон аж. Хүнд даа­цын ачаа­ны ма­шинууд 30-40 тонн төм­рийн хүдэр ачиж, өдөртөө олон рейс хийдэг байсан гэхээр байгаль орчинд сө­­рөг нөлөөтөй байсан нь  ойл­гомж­­той. Нөгөөтэйгүүр, тэр олон тээврийн хэрэгслийн ша­та­хууны зарцуулалтад аж ахуйн нэгж байдгаа барж таар­на. 

Энэ бүхнийг эдийн засгийн ашиг­тай хувилбарт шилжүүлэх ший­дэл  мэдээж төмөр замын тээврийг ашиглах явдал.  “Болд­төмөр Ерөө гол” ХХК өөрийн хө­рөнгөөр гол зам нь 83.7 км  урт төмөр замын дэд бүтцийг 2009 оноос эхлэн төмөр за­мын тээвэрт ашиглаж, улсын ко­мисст 2012 онд хүлээлгэн өг­чээ. Хэдийгээр замын урт бо­гинохон ч гэлээ сэлгээний гур­ван илчит тэрэг, гол за­мын зориулалттай 12  илчит тэ­­рэг, 3003  ширхэг ачааны  ва­гон, дохиолол, холбоо, ха­гас автомат хориглолын ком­­пьюте­рийн удирдлага бү­хий  иж бүрэн системийг өөрийн хө­рөнгө оруулалтаар барьж бай­гуулж чадсан нь гайхамшигтай санагдаж байлаа. 

Нөгөө­тэй­гүүр, нэг км төмөр зам тавихад өр­төг зардал нь ямар өндөр тоо гардаг билээ, 83 км урттай ор­чин үеийн техник технологи бо­лох модуль-компьютерийн удирд­­лагын системтэй төмөр за­мыг иж бүрэн суурь бүтцээр нь барьж ашиглалтад оруулж, зүт­гүүр вагоноо ОХУ болон Хя­та­даас  импортолсон гэхээр тэр­бум гэх тоон үзүүлэлтийн   ард да­­хиад  хэдэн тэг  нэмэгдэж таарна. Ийм хэмжээний өргөн ца­­ригийн  төмөр замын суурь бүтэц ма­най улсын төмөр замын бүтээн байгуулалтын түүхэнд сүүлийн 40 жилд анх удаа ашиглалтад орсон нь энэ.

Хүний нөө­цийн асууд­­лаа ч Улаанбаатар тө­мөр за­­мын тэтгэвэрт гарсан “ал­тан” ахмадуудын  зөв­лөлгөөгөөр  шийд­жээ. Баянгол төмөр замд ажилладаг, замын аж ахуй вагон, зүтгүүр, хө­дөлгөөний удирдлага, дохиолол хол­бооны албанд нийт 280 гаруй  тө­мөр замчид ажилладаг юм байна. Төмөр замын өртөөнд юу байх ёстой тэр бүхэн Цагаан хаалганд байна лээ.  

Өртөөний ажилчид УБТЗ-ын  тө­мөр замчидтай адилхан  хагас цэр­гийн зохион байгуулалтад дор ажил­ладаг нь хөдөлгөөний аюулгүй байд­лыг хангахад чухал хөшүүрэг бол­дог гэж “Баянгол” төмөр зам ха­риуцсан дэд захирал М.Сүхбаатар Уул уурхайн сайдад өртөөний   ажил байд­лааа танилцуулаад уурхай хүр­тэл явах галт тэрэгний зүтгүүрт суун аялахыг урьсан. Дашрамд өгүү­лэхэд, тус төмөр замын суурь бүт­цийг бүрэн утгаар нь ашиглалтад оруу­лахын төлөө “Болдтөмөр Ерөө гол” ХХК есөн жилийг зарцуулжээ.

Төмөр замын барилга бай­гууламж,  зам тавих ажил ийм олон жил үргэлжилсэн юм биш. Төмөр замын тухай хууль 2007 онд батлагдсаныг үндэслэн  өр­гөн царигийн  зүтгүүр, вагоныг  ул­­сын стандартын дагуу, өргөн тө­мөр замын техникийн нөхцөлд ний­цүү­лэн хувийн компани зүтгүүр, ва­гон оруулж ирэн 70 жил төмөр зам дээр монопольдсон  УБТЗ-ын   суурь бүтцээр хуульд заасанчлан   ва­гон, зүтгүүрээ тээвэрт явуулахад зарцуулсан цаг.

Сүхбаатар захир­лын тайлбарласанчлан одоогоор зөвхөн вагоныг гол замаар явуул­даг, ху­вийн компанийн битгий хэл Мон­гол Ул­сын 100 хувь төрийн өмчийн зүт­гүүр  ч  гол замаар эсэ­хийг хамтарсан өмчтөй ком­панийн захирлын зөвлөл бо­лох УБТЗ-ын ерөнхий хорооны хур­лын шийдвэр мэдэх хэрэг гэнэ. Нөгөөтэйгүүр, УБТЗ Монгол-Оро­сын хувь нийлүүлсэн нийгэмлэг тул өргөн царигийн  стандартаар Хятад ул­сад  үйлдвэрлэгдсэн зүтгүүрийг өөрийн зам дээр явуулахах со­нирхолгүй аж.

 “Баянгол” төмөр за­маар  өдөрт 70-100 вагон буюу 19 сая тонн  ачаа тээвэрлэж байгаа нь нийт хүчин чадлынаа дөнгөж 15 ху­вийг ашиглаж буй гэв. Эл мэдээллийг сонссон сайд Сүхбаатар за­хирлаас “Төмөр зам хэзээ ашгаа өгөх талаар та бүхний хийсэн эдийн засгийн тооцоог эхлээд  со­нирхмоор байна. Мөн энэ замыг орон нутаг ашиглах боломжтой юу ” гэхэд “Яахав, ачаа эргэлт жилээс жилд нэмэгдэж л байна. Одоо бай­гаа ачаа эргэлтийг 10 дахин нэм­сэн цагт. Тодруулж хэлбэл, 20 жи­лийн дараа ашгаа өгөх учиртай. Сэ­­лэнгэ-Дарханы бүс нутгийн  уул уурхайн компаниуд өсч өндийхөөс ихээ­хэн хамаарна. Энэ мэтээр бага ачаа­­тай бол 70 жил ч болж мэднэ. Тө­мөр замын тухай хуулийн дагуу орон нутагт төмөр замын тээврийг  ашиг­лах боломж бүрэн нээлттэй. Ма­най ерөөгийнхөн нүүрс түлж мэд­дэггүй шахам. Сүүлийн хэдэн жил л Байгаль орчны хуульд  за­хирагдан уулаас мод бэлтгэхээ больж, нүүрс түлж сураад байгаа. Үүн­тэй уялдаад өвөл нь нүүрс, на­мар нь үр тариа, төмс хүнсний ногоогоо хямд өрт­гөөр төмөр замаар саадгүй тээ­вэр­лэдэг болсон” хэмээсэн. 

Өр­төө­ний техник тоног төхөөрөмж  бо­лом­жийн бололтойдог. Ялангуяа до­хиол­лын компьютерийн удирд­лагатай шилэн кабель бүхий  ший­дэл  зарим талаараа УБТЗ-ынхаас ч илүү юм билээ. Ямартай ч бид­ний зорч­сон зүтгүүр  хурдтай, хүчтэй  гэж ярихын аргагүй. Бусдын ту­хайд суух байтугай хаалганых нь ба­риулаас атгаж үзсэн биш дээ. Ийн аял­саар төгсгөлийн өртөө болох Ханд­гайтад хөл тавьсан. Баянгол  тө­мөр замаас олзуурхаж харсан зүйл гэвэл бүх үйл ажил­лагаа цахимд шилжсэн байдал. Төгсгөлийн өртөөн дахь гаалийн хя­налтын бүсэд бүрдүүлэлтийн асууд­­лыг Гаалийн ерөнхий газар иж бүрэн цахимжуулан онлайнд шил­­жүүлснээр цаас гэгч үнэт баял­­­гийг хэмнэж чадсан явдал. Хя­нал­тын систем, ачаа тээшийн аюул­гүй байдлыг энэ өртөөнөөс хил давтал нь замын турш өртөө зан­гилаа бүхэн дээр хянах бо­ломж­той гэсэн. 

Гаалийн ерөнхий га­зар, Дар­хан дахь гаалийн газар   Улаан­­баатар, Дархан дахь төв офис­соосоо гааль болон төмр зам, уур­хайн бүх үйл ажиллагааг нэвт шувт хянаж ажилладаг юм байна, Газ­рын мухар уулын аманд суугаа  гаа­лийн ажилтан Бат, өртөөний ажилтан Дорж  хоёр ажлын байраа ор­хин тамхилж  орхивол дэлгэцнээ суудал  тань  онгойж харлаад дэр даруй баригдана гэж мэд. Мөн үүнд ачилтын талбай хийгээд ачаатай вагон машин пүүлэх ажиллагаа ч онлайн болчихож. “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төгсгөлийн өр­төөн дээр ачаатай вагоноо пүүлэх  тех­нологи ажиллагааг энгийн атлаа маш эвтэйхэнээр шийдсэн байсныг УБТЗ гол замдаа нэвтрүүлсэн байна. Хэрхэн яаж монгол аргаар ашиг­тайгаар шийдсэнийг М.Сүхбаатар за­хирал хэлээд өгөмж, та нарт. Ханд­гайт өртөө  их тохилог.  Вагон ирээ­гүй үед тэнд орчлонгийн амар ам­галан ноёлдог байх гэмээр ажин түжин. 

Бас нэг сайхан мэдээ бол төрийн өмчийн Дарханы төмөрлөгийн үйлд­­­вэрийн хамт олон Хандгайт өр­­­төөнөөс цааш Төмөртэйн уурхай хүр­­тэл мөн л Засгийн газрын шийд­вэ­рээр өргөн царигийн 23.4 км төмөр замын суурь бүтцийг барих ажлаа гялалзуулж байна. Ийнхүү  хойд бүсэд төмөр за­мын тээврийн цогц бүрэлдэн  Баян­гол төмөр зам бас нэг дүүтэй болж, төмөр замын ах дүү гурав  нэг нэгээ ад үзэхгүй, шахаж хав­чих­гүй шударгаар өр­сөлдвөл бүгд ор­­логотой, ачаатай байж тэр хэрээр улсын эдийн зас­гийн хөг­жилд чухал нөлөө үзүүлэх нь дам­жиггүй.      

Баянголын хөндийг нөмөрсөн Цагаан тоос 

Хандгайт өртөөнөөс баруун тийш давхиад “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын аман дахь ил уурхай дээр ирсэн. Зам да­гуу байс хийгээд 110 кВ-ын хоёр хэл­хээ өндөр хүчдэлийн шугам таа­рал­дах нь нэлээн том орд газрыг ашиг­­лаж буйг гэрчилнэ. Уурхайн ашиг­лал­тын талбай мянга илүүтэй га тал­байг хамардаг аж. Ямартай ч Хан Хэнтий нурууны салбар уулсын хоёр нь хүчит техникийн савар дор тээрэмдэгдэн шороо болон  ачигдан  алга болсон нь илт байлаа. 

Хорь ша­хам жилийн өм­нөх фото зургийг ха­рахад дуу алдам хүглэгэр ногоон тай­га байж, хөөрхий. Зулзаган ца­гаан хус, нарсан ой дундуур дав­хи­саар Хүдэр сум руу хүрдэг байсан та­лаар  бидэнтэй явсан албаны хүн өгүүлсэн. Тийм цаг эдүгээ үл­гэр адил сонсогдох болж дээ.  Нө­хөн сэр­гээлтэд л най­дахаас биш. Ма­ши­ны цон­хоор хангайн сайхныг бах­­дан шүүрс алдан давхин энэ мэтчилэнг хуучилсаар уурхайн ол­­борлолтын талбайд хүрэлцэн ир­лээ. Бидэнд замчилсан  тус ком­панийн дэд захирал Д.Отгон­баяр захирлын танилцуулснаар Баянгол уурхайн зүүн хэсэгт ирсэн аж. 

Зүүн биетийн байдлыг шулуухан хэлэхэд, төмрийн хүдрээ сорчлон олборлоо юу даа  гэх дүр зураг харагдсан. Уурхай ерөнхийдөө технологийн бус го­римоор ашиглагдаж байна уу даа гэ­мээр. Уг нь стандарт, го­рим гэж бай­маар л юм. Ерөн­хий­дөө замбараа муутай. Эсвэл би мэргэжлийн бус уч­раас бу­руу нү­дээр харсан байж ма­гадгүй. Төмөртэйн орд­той харьцуулсанаа ч нуугаад яахав.   Бас нэг бухимдсан зүйл гэ­вэл хуурай аргын  баяжуулах үйлд­вэр. Цагаан тоос тэнгэрт  босоод хэ­рэг алга. 

Хэдэн км яваад агаарт замхардгийг бурхан л мэ­дэх хэрэг. Хан Хэнтий  энэ  янзаар 30 жил болоход да­хин сэр­гэх­гүйгээр доройтож мэд­нэ шүү. Уг нь ус шүршдэг ма­шин ажилладаг сураг дуулдсан. Бид­нийг тэнд бай­сан 45 минутад ус шүр­шин ца­гаан тоосыг нам дарж буй машин зөрж өнгөрөөгүй. Баян­голын аманд долоон тийм  хуу­рай аргаар баяжуулдаг үйлдвэр ажил­лаж байна гээд төсөөл дөө. Баруун хэсэгт яг тийм үйлд­вэр хоёр байгаа гэсэн. Усны машин ажилладаг юм уу гэж Д.Отгонбаяр захирлаас асуутал “Ажиллахгүй яадаг юм. Цаг тутамд хөрсийг норгож шүршдэг. Нэмэргүй шүү дээ” хэ­мээн бухимдангуйгаар өн­гөөр өгүүлэхдээ “хэрэгт дур­тай юм” гэх аястай  байгаа нь илт. 

Хуурай баяжуу­лах үйлдвэрийн ажил­тан ажил байд­лаа сайдад “Хуу­рай баяжуулах үйлд­вэрүүд хо­ногт 22 мянган тонн хү­дэр баяжуул­даг. Үйлдвэрийн хү­чин чадал өөр өөр. Зарим нь хо­ногт 250 байхад зарим нь 190 гаруй тонныг баяжуулдаг. Олборлолтоос ирж бай­гаа хүдэр бүрээс дээж авна. Үйлд­вэрийн тех­нологи нь анхдагч хүд­рийн агуу­ламжийг 50-60 хувь хүр­тэл баяжуулдаг” гэв. Тэндээсээ өг­сөөд Баянголын ордын баруун биетийн талбайг зорьсон. Зүүн та­лаа бодвол уурхайн төв хэсэг  гэж нэрлэж болно. Ажилчдын кэмп нүднээ ил харагдахаас авахуулаад уурхайн ерөнхий байдлыг эндэхийн өндөрлөг дээ­рээс мэдэж болохоор. Ба­руун биетийн төмрийн хүдрийн  нөөц 24 сая тонн  гэнэ. 

Оргил үед өдөрт 7000 шоо метр уулын ажил явуулж байж. Уур­хайн ерөнхий бай­дал зүүн биет­тэй адил. Сайд уур­хайн ерөнхий байдалтай танилц­саны дараа  байгаль орчны нөхөн сэр­гээлттэй танилцахыг хүссэн ч бай­галь орчин хариуцсан ажилтан  ашиг­лалтын дараахь нөхөн сэр­гээсэн талбайгаа бус түймэрт шат­сан талбайг хэрхэн ойжуулж байгааг, өөрөөр хэлбэл, дүйцүүлсэн нөхөн сэргээлтийн ажлаа үзүүлсэн нь тийм ч цаг үеэ олсон тайлбар биш байлаа. Шатсан, олборлосон талбайг нөхөн сэргээнэ гэдэг хоёр өөр зүйл байл­тай. Ашигласан талбайгаа тийн нарс модоор нөхөн сэргээж бай­гаа бол сайн хэрэг. Харамсалтай нь төмрийн хүдрийг олборлох тех­нологи нь өөрөө газрын гүнийх бай­даг учраас түүнийг нөхөн сэргээх ту­хай асуудал байдаггүй тул дүй­цүүлэх байдлаар шийддэг аж.  

Хүнийг хөгжүүлж, хүмүүжүүлж буй та нарыг сайн гэж магтая 

Компанийн үйл ажиллагааг ганц­хан уурхайн олборлолтын тал­байгаар хэмжих нь өрөөсгөл ойл­­голт нь мэдээж. Хүний төлөө, ажил­лаж амьдрах орчныг бүрдүүлж ча­дах аваас нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарлаж буйн шинж. Ямартай ч Болдтөмөр Ерөө голынхон ирсэн зочдоо сай­хан хоолоор дайлаад гаргах гал то­гоотой юм билээ. 

Гал тогооны то­ноглол, тогооч нарын тухайд ирсэн зочин бүхэн магтаж, сэтгэл хангалуун буцдаг  биз ээ. Зөвхөн гал тогоо гэхэд баруун, зүүн биет, автобааз, төв гал тогоо гээд хэд хэд хуваагдах жишээний. Ажилчдын кэмпээр хальт ороход,  бүх төрлийн сүлжээ бүхий  үүрэн телефон,  интернет, тав тухтай орчин бүрдсэн харагдсан.Зам зуур Д.Отгонбаяр захирал нутгийн ир­гэдийг хэрхэн хүмүүжүүлж, ажил­тан шиг ажилтан болгосон тухайгаа жи­шээ татаад л хуучилсанУурхай ашиглалтад орсон эхний нэг хоёр жилд хүмүүжилгүй ажилчдын ухамсаргүй үйлдлээс ажил зогсч байсан удаа­тай гэнэ. 

Одоо тус  уур­хайн хотхонд архи уудаг хүн­гүй болсны дээр тамхинаас гарах аян өрнөжээ. Залуус ажиллаж хөдөл­мөрлөхийн зэрэгцээ хотхоноо то­хи­жуулах, гоё сайхан орчин бүр­дүүлэхийн төлөө ухаанаа урал­дуулж байгааг энд онцлох нь зөв байх. Гэр бүлээрээ амьдрах сонирхол бүхий залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж буйд компанийн удирдлагууд сэтгэл өндөр байдаг бололтой. Тэдний хүүхдүүдэд зориулсан тоглоомын тал­байг мөн бий болгожээ. Бас арав хоног тутамд цэнгээнт бүжиг, ур­лаг спортын  арга хэмжээг зохион байгуулж заншсан нь залуус тогт­вортой ажиллахын  үндэс буй за.  Бас “Хаан банк” тэнд хаалгаа нээсэн бай­на лээ.  Ийм орчинд, ийм хамт олны дунд хөл тавих хүсэл нутгийн залуус төрүүлэх нь компанийн зорил­го мөн бөгөөд зорилгодоо хү­рэ­хийн төлөө, орж ирсэн нэгнийг хүмүүжүүлж авахын төлөө тэд үнэ­хээр зүтгэж байгаа та нарыг сайн байна гэж магтахаас яахав.   

Уурхай хаагдахын цагт...

Дэлхийн технологийн дэвшлийн хурд жилээс жилд ахиж буй бо­лохоор Баянголын хөндийн нөөц нэ­­мэгдэх л байх. Гэхдээ дуусах өдөр бий. Барагдахгүй баялаг гэж үгүй. Харин тэр үед та бид хойч  үедээ хараалгүй байх  нь юу юунаас илүү чухал. “Болдтөмөр Ерөө гол” ХХК хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалтыг хийжээ, тэнд. 

Ажилчдын орон сууц шил даран сүндэрлэж бай­хыг харлаа. Орон сууц бол төв суу­рин газрынхны хувьд үнэт ка­пи­тал. Уурхайн тосгоны бүтээн бай­гуулалтад зориулан тоосгоны үйлд­вэр хүртэл ашиглалтад оруулж. Гэ­тэл  одоо байгаа хүчин чадлаар 30 жил ажиллах хэмжээний нөөц­тэй гэж байдаг.

Жилд 19 сая тонн төмрийн хүдэр олборлодог гээд тооцохоор дэлхийн бусад ордтой харьцуулахад дээгүүр давхих магадлал тааруу.Дээр нь зах зээл нь хязгаарлагдмал. Хөрш хоёр орон маань дэлхийтэй өрсөлдөнө гэж үздэг. Тиймээс бид нэг талаар ялан­гуяа төмрийн баямал болоод төмөр­лөг үйлдвэрлэлийн салбарт бусдаас ангид цоо шинэ технологи нэвтрүүлж чадахгүйгээс хойш өөрийн бодлогоор  явах ёстой ч юм шиг. 

Энэ үгийг Болдтөмөр Ерөө голынхонд хандаж хэлэх гээд байна л даа. Учир нь хэдхэн сая тонн төмрийн хүдэр олборлохын төлөө байгаль дэлхийгээ сүйтгэх хэрэг байна уу даа гэж. Хөрөнгө оруулалт хийн сүндэрлүүлээд байгаа орон сууцыг хожим юунд ашиглах юм бол. Сүнстэй байшин гэдэг шиг л уулын аманд байшингийн араг яс хэвтэж байх вий дээ. Үнэхээр хөрөнгө оруулалт хийе гэж байгаа бол Ерөө эс бөгөөс Хүдэр сумын төвд тэр орон сууцаа барьсансан бол хожмын өдөр багш нарын, сурагчдын дотуур байр адаглаад сумын ахуйн үйлчилгээ болгочихгүй юу. Төмөр замын тухайд ч хэлэх зүйл байх л юм. Суудлын галт тэ­рэг аялах боломж олдохгүй л байх. Тиймээс зориулалт нь мэдээж ачаа тээвэр. 

Өнөөдрийн байдлаар “Болд­төмөр Ерөө гол” ХХК компани дан­гаар ашиглаж буй. Хаяа дэрлэн ор­ших уурхайнууд Хандгайт өр­төөнөөс цааш үргэлжлүүлэн зам та­вих төлөвлөгөөтэй юм болов уу даа. Их бага гэлтгүй бүгд л тө­мөр зам тавих тухай ярьцгаах. Тэгж чадвал уурхайгаас өөрийн төмөр замаар тээвэрлээд Хандгайт өртөөн дээрээс Болдтөмөр Ерөө голын төмөр замаар  дамжин МТЗ дээр гарах учиртай. Дундаас нь Болд­тө­мөр Ерөө голынхон зам ашиг­луул­сныхаа төлбөрийг авна. Эдний хувьд  зарим талаар болоод явчихаж бай­гаа юм. Бусдын тухайд цаг ямагт зарлагатайгаа зууралдана. Энэ хэтийн асуудал байж мэдэх ч мөн л уурхай хаагдахын цагт уурхай, баяжуулах үйлдвэр болон бу­сад барилга байгууламжийг буул­гаж зөөж болно. 

Төмөр замын дэр бе­тон, рейс төмрөө төмрийн хог хаяг­­дал руу тушааж орхино. Харин бай­галь доройтсон хэвээр үлдэнэ. Иймд нэгэнт тавьсан төмөр замаа хөршүүдтэйгээ айл хүний амь нэг гэдгээр хамтдаа ашиглавал яасан юм. Тэднийх ва­гон өгнө гэчихээд хуурсан гэх гом­дол хэд хэдэн захирлын амнаас уна­­сан. Эцсийн дүнд бидэнд төмөр зам, барилга байшин, баяжуулах  үйлд­­вэр  бус эх дэлхий минь онгон дагшнаараа үлдэх нь чухал ч байж мэднэ. 

Элгээ эвхэж, гутлынхаа улыг шагайсан “Эрдэс холдинг” 

“Эрдэс холдинг” компанийн хэ­рэг­жүүлж буй “Төмөртэйн гол” төс­лийн өнөөгийн  байгаа байдлыг хүн­тэй зүйрлэх аваас ийм л дүр төрх харагдсан. Уурхайн талбай руу нь зорьж очиход үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдалтай. Хуу­­рай баяжуулах үйлдвэрийн тал­байдаа  баяжуулсан баяжмалаа овоол­чи­хож. Өнгөрсөн жил Бэрэнгийн ган­­гын үйлдвэрт 10 мянган тонн баяж­­мал нийлүүлснээс өөрөөр гүйл­гээ хийгээгүй гэнэ. “Төмөртэйн гол”  төсөл хэрэгжүүлэх талбайн нөөц 16.4 сая тонн аж. 

Одоогийн байд­лаар 900 мянган тонн төмрийн хү­дэр олборлож, 500 мянган тонн баяж­мал гаргаж авчээ. Лицензэт талбай нь  362 мянган га ч уул геологийн ажил явуулах нь ердөө 80 га. Үүнээс 65 га талбайг ашиглаад эхэлжээ. Тө­сөл 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 65 га талбайг дан нарсаар ойжуулсан гэж “Эрдэнэс холдинг”-ийн захирал Л.На­цагдорж компанийнхаа үйл ажиллагааг ерөнхийд нь танилцуул­сан. Эднийх хуурай аргаар баяжуу­лах хоёр үйлдвэртэй. 

Хэрэв төсөл нь зогсоогүйсэн бол жилд сая тонн хүдэр баяжуулах хүчин чадал бү­хий нойтон баяжуулах үйлдвэр оруулж ирэх төлөвлөгөөтэй бай­сан тухайгаа тэрбээр нэмж хэл­сэн.  Тус компани улсад 1.5 тэр­бум төгрөгийн татвар төлсөн бай­на. Үйл ажиллагаагаа бүрэн зог­соосон байдлаа “Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ эрс уна­сан явдал гол шалтгаан болсны дээр тээврийн зардлаа нөхөж ча­дах­гүй байгаа байдал нэрмээс болж. Мөн Чингис бон­дод хан­даж үзсэн нь нэмэр бо­лоогүй та­лаараа Нацагдорж захи­рал  сай­дад дуулгаж байв. Үйл ажил­лагаа нь эхэлбэл 200 гаруй хүн аж­лын байртай болох аж. 

Соронзон хад­наас холгүйхэн байрлах кэм­пийн­хээ гадаа хамаг л техник тоног тө­хөө­рөмжөө хураасан харагдана.  Уул уурхайн сайд Р.Жигжид  эрдэс баял­гийн биржтэй болж гэмээнэ “Эр­дэнэс холдинг” шиг жижиг аж ахуйн нэгжид ашигтай талаар өөрийн саналыг хэлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй бол­гоход таны санал хэрэгтэй байна.

Тиймээс та саналаа ойрын үед бидэнд ирүүлээрэй хэмээхэд На­цагдорж захирал баяртайгаар хү­лээн авч буйгаа илэрхийлсэн. Үнэн хэ­рэгтээ Эрдэс баялгийн бирж бай­гуулагдаж гэмээнэ гадаадын  им­порт­логч компаниуд өөрийн тө­лөө­лөгчөө илгээн газар дээрээс нь  тухайн орны зах зээлийн үнээр ху­далдан авахаас гадна тээврийнхээ зард­лыг өөрсдөө даах нь монгол ком­паниудын хувьд ашигтай байх ху­вилбар юм.    

Шинэ удирдлага, шинэ менежмент & Төмөртэйн  орд

Сүүлийн хоёр жил шүүхээс шүүх дам­жин хамаг цагаа барсан Дар­­ханы төмөрлөгийн үйлдвэр өн­дийж мэдэхээр болсон байна лээ. Ийн дүгнэхийн учир Төмөртэйн стра­­тегийн ордыг ашиглахаар зэ­хэж буй байдал. Хуучин эздийн сор­чилж бужигнуулсан талбайгаа цэгцлэн,  уурхайн гольдролд оруулж чадсаныг сайд ихэд олзуурхаж хү­лээж авсан. Удирдлагыг гартаа авсан залуус өвдөг сөхрөөд байсан үйлдвэрээ шинэ менежментийн да­гуу хөгжүүлэхээр биенес төлөвлөгөөгөө ч гаргаад амжиж. 

Хө­рөнгө оруулагч компанийн хувьд 200 тэрбум төгрөгийн  тоног төхөөрөмж худалдан  авч өгсний дээр  хамгийн сүүлийн технологи бүхий хуурай аргаар баяжуулах үйлд­вэрийг оруулж ирснийг монгол инженерүүд угсарсан байв. Кноп да­рахад л ажиллах гэнэ.  Агаарт тоос дэг­дэхээс хамгаалж чадах эсэхийг Р.Жигжид сайд ихэд сонирхон жолооч хүн машинаа дээгүүр доо­гуургүй шалгадаг шиг үйл ажиллагааны бүхий л процессийг нь нэгд нэггүй хэлүүлж авсан. Хүчин чад­лыг нь ч сонирхохоо мартаагүй.  Нө­гөөтэйгүүр, Уул уурхайн сайдын ахалсан  ажлын хэсэг орон нутагт ажиллан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцахад ганцхан эднийх  хөдөлмөр хам­гаалал, аюулгүй ажиллагааны заа­­вар­чилгаа өгсөн нь олон хүнд таа­­лагд­сан. 

Бусдынх тухайд шууд л хамгаалалтын малгай, хан­тааз өмс­­гөснөөс биш аюулгүй ажилла­гаа­ны зааварчилгаа өгөөгүй юм. Өөд­лөх айлын  өнгө өчүүхэн мэт санагдах ажлаас  эхэлдэг байж ч мэднэ. Уурхайн ерөнхий бай­далтай танилцсаны дараа Дар­ханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, санаа бод­лыг нь сонсч  Эрдэс баялгийн бирж байгуулах тухай яамны бод­логыг тэдэнд танилцуулсан. 

Энд нэгэн зүйлийг онцолж хэлэхэд, сай­дын санаж төлөвснөөр Дарханы тө­мөрлөгийн үйлдвэр дээр ажил­ласныхаа дараа Төмөрлөг үйлд­вэрлэгчидтэй хамтдаа ши­рээний ард суух ёстой байсан байх. Харамсалтай нь тэд бие биеийнхээ  хаалгыг татахаас айдаг бо­лолтой. Тиймээс уулзалтыг Улаан­баатарт гэж  товлоо болов уу. Энэ нь чухамдаа Төмөрлөгийн үйлд­вэ­рийнхэнд олз болж, хагас өдрийн турш өөрсдийн санаж сэдэж буй зүй­­лийнхээ талаар, төрөөс юу хүсч, төр юун дээр анхаарвал зохиолтой та­­лаар өөрсдийн байр суурийг илэр­хийл­сэн. Ингээд тэдний байр суу­рийг товч хүргэе. 

Д.Батжавхлан: Манайх экспортоос илүүтэй дотоодын зах зээлийг чухалчилна

/Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал /

Төмөрлөгийнхний жаргал зов­лонг Уул уурхайн яам ойлгохыг хи­чээн бодит байдалтай газар дээр нь танилцаж буйд компанийн хамт олон баяртай байна. Гангын төсөл бол эрсдэл ихтэй. Тиймээс төрийн дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй.  Улстөрчид тэнд тийм нөөц бү­хий орд бий гэхээс тус нэмэр бол­доггүй.  Засгийн газар жижиг, дунд үйлд­вэрийг хөгжүүлнэ гэж 20 гаруй жил  зогсолтгүй ярилаа. 

Үнэн хэрэгтээ том нь түрүүлж хөгжөөгүй л бол жижиг нь хөгждөггүй юм байна. Бидний тухайд экспорт гэхээс илүүтэй дотоодын хэрэгцээг хангах бодлого баримталж буй. Гадаад зах зээл хямарснаас  Монголд ганц байх Төмөрлөгийн үйлдвэр  хаалгаа  барихад хүрээд байна. Үнэндээ ма­найх нэг жил хоёр сар тэссэн. Өнөөдөр чөлөө олгохыг хүссэн ажилчиддаа дуртайяа чөлөөг нь олгож байна. 

Үйлдвэрт нийт 1200 ажил­ладгаас 800 хүн гурван ээл­жээр ажиллаж буй. Үйлдвэрлэлийн гол процесс шөнө явагддаг. Учир нь эр­чим хүчний шөнийн тариф хямд байдгийг ашиглаж буй  хэрэг.  Ганц­хан гэрээ орж ирэхэд үйл ажил­ла­гаагаа эхлүүлэхэд бэлэн.  Бидний ашиглаж буй Төмөртэйн орд 1960-аад оных. ТЭЗҮ-гийн тооцоонд  жилийн хүчин чадлыг нэг сая тонн гэж гарсан. Төсөөллөөр 40 орчим жил ашиглагдах байх.  Нийт нөөц 229 сая гэдэг нь том тоо санагдаж мэдэх ч ТЭЗҮ-ийг хийсэн Япон улс үүн дээрээ баталгаа гаргаж өгөөгүй. 

Учир нь манай төмрийн хү­дэр хорт бодис ихтэй. Бусад ул­сынх исэлдсэн хүдэртэй байдаг. Манай үйлдвэр хаягдал төмрийг хай­луулдагаараа онцлог. Энэ хай­луулах явцад зохицуулдаг зуух­тай учраас машины кабен, амор­тиза­тор  зэргийг хайлуулж тө­мөр бэлдэц гаргаж авдаг. Бусад үйлд­вэрийн тухайд сайн чанарын төм­рийн үнэ цохоод авчихдаг атлаа үнийг дураар өсгөх жишээний. Нөгөөтэйгүүр, төмрийн хүдрийн зах зээл өдрөөс өдөрт унаж буй энэ үед авъя гэсэнд нь бушуухан өгөх хэрэгтэй юм шиг байна. Металл уст­даггүй баялаг учраас тодорхой цаг хугацааны даргаа эргээд ирнэ.  

Мон­гол Улс гэхэд 70 гаруй жил цуг­луулсан төмрөө 20 шахам жил урагш нь гаргалаа. Учир иймээс төм­рийн үнэ өснө гэж найдаж хү­лээх хэрэггүй болов уу.  Дарханы тө­мөр­лөгийн үйлдвэр нь 20 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Мөн 4.9 тэр­бумын зээлтэй. Эл зээлийг бид мэдэхгүй. Сангийн яамныхны тайл­бараар1990-ээд онд үйлдвэр анх ашиглалтад орох үед гадаадын мэр­гэ­жилтнүүдийн цалинг тавихаар  ав­сан гэдэг юм.

М.Баттөгс: Төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл дээр орон нутаг маш хойрго хандаж байгаа

/Үйлдвэр хариуцсан захирал/

Манайх  хайлах тал дээр бүрэн автоматажсан сайхан үйлдвэр. Японы технологи тулдаа өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Анхнаасаа Дар­хан-Сэлэнгийн районыг түшиглэн баригдсан үйлдвэр. Төсөв мөнгө нь хүрээгүйгээс боловсруулах үйлд­вэрийн хэсгийг бариагүй юм билээ. Зураг төслөөр бол иж бүрэн цогц үйлдвэр ашиглалтад орох байж. 

Нөгөөтэйгүүр, бид ангиж­руул­сан төмөр гэж онцолдог. Ха­рам­салтай нь манай үйлдвэрийн сэл­бэг материалыг үйлдвэрлэхээ хэ­дийн больсон. Тиймээс үйлд­вэр ашиглалтад хүлээж авах үед ажиллаж байсан инженер тех­никчидтэй холбоо барьж, тэдний дэмжлэгтэйгээр японд захиалгаар хийлгэж байгаа.

Миний хувьд өөрийн байр сууриа хоёр зүйл дээр илэрхийлмээр байна. Импортын тө­мөр болон төмөр эдлэлд тавих тат­варын босгыг өндөр болгомоор байна. Чингис бондод армуторын  төмөр, цементийн үйлдвэр хоёрт мөн­гө олгосон нь буруу. Үйлдвэр тогт­вортой ажиллахад эрчим хүч, ус хоёр маш их  саад болж байна. 

Подстанц барьж хүчдлийг нэ­мэгдүүлэхэд төрийн оролцоо хэ­рэгтэй байна. Эрчим хүчний га­зар шөнийн тарифтаа хөнгөлөлт үзүүлэхгүй байна. Дарханы шугам сүлжээ хувьчлагдсан гэх утгаараа сар бүрийн 20 болуут эрчим хүч тасалж орхидог. Үйлдвэрлэлийн про­цессийг гадны хүчээр  зогсооно гэдэг маш үнэтэй эд анги эвдэрч, улсад асар их хэмжээний хохирол учир­даг. Цахилгааны төлбөрийг хэ­дэн арав дахин нугалхуйц хэм­жээ­ний.  Усны тухайд ч ялгаагүй. Манай үйлд­вэр усан хөргүүрийн системтэй. Ус тасаллаа мөн адил генераторууд шатдаг. 

Нө­гөө­тэйгүүр, “Бэрэн” груп­пын ашиглал­тад оруулсан үйлдвэр тех­нологи, хүчин чадлын хувьд төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдээр хангаж чадахгүй. Тэд дутуу ангиж­руулсан төмрөөс ширэм гар­гаж байна. Уг нь хүдрээс шууд ши­рэм гаргаж авах ёстой байхгүй юу. Кокс гаргаж буй байдлыг нь ч ха­рахад, лабораторид өгч шалгуулах нь зөв байх. 

Төмрийн хүдрийн зах зээлийн асуудлыг Аж үйлдвэрийн яам­тай хамтран шийдэх ёстой бо­лов уу гэж санаж байна.  Бас нэг таны сонорт хүргэх  зүйл бол үйлд­вэрийн өргөтгөл дээр орон нутаг  маш хойрго хандаж байгаа. Газрын  асуудлыг шийдээд  өгөөч гэж явсаар хоёр жилийн нүүр үзэх нь.      

Р.Жигжид: Төмөрлөгийн үйлдвэрийг бодлогоор дэмжих нь металлургийн салбар  хөгжих суурийг нь  зөв тавина гэсэн үг

Төмөрлөгийн ордуудтай та­нилц­лаа. Танайх кноп дарахад бэлэн байгаа юм байна. Энэ сайн хэрэг. Уул уурхайн яамны хувьд баялаг бүтээгчдийг дэмжих бод­лого барьж байгаа. Татварын да­рамтыг багасгах тал дээр тууштай ажиллана, бид. Та бүхэнд итгэл найдвар тавьж байгаагийн цаана Мон­гол Улсад металлургийн сал­бар хөгжихийн суурийг зөв та­вих мөн чанар оршиж байгаа юм. 

Төмрийн хүдрийн бизнес эрх­лэгчдэд тулгарч буй бэрхшээл нэг байна. Зах зээл хязгаарлагдмал байгаагийн дээр Хятадын зах зээ­лийн үнэ эрс буурснаас аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж эхэл­лээ. Иймд үед  нэн да­руй авах арга хэмжээг Эрдэс баялгийн бирж байгуулах явдал гэж харж байна. Ажлын хэсэг байгуулагдан  ажиллаж эхэлсэн. Хууль, эрх зүйн орчин та бүхэнд таатай байх эсэхэд та бүгдийн санал тун чухал. 

Хууль бэлэн болмогц гадны компаниуд манай хүдрийг сонирхох нь тодорхой. Хятадын төм­рийн зах зээлийн тодорхой хувийг дан­гаараа эзэмшиж байгаа томоохон компани гэхэд зуучлагчаар дамжин манай төмрийн хүдрийг импортлож буй. Бирж байгуулагдсанаар   зууч­лагчийн дундаас нь олдог ашиг ма­найд үлдэх боломж бүрдэх учиртай.  Бас үйлдвэрлэгчид борлуулалт дээр нэг­дэж  чадна. Өөрөөр хэлбэл, гэ­рээ­­ний үнийг зөрчдөг байдал арил­на. 

Та бүхэн бирж байгуулагдахаар үнийг нь хэрхэн яаж зохицуулж өгөх юм бол гэж бодож байж мэд­нэ. Үнийг нээлттэй тендерээр сонгон шал­гаруулна. Төр биржийн үйл ажил­лагаанд хөндлөнгөөс орол­цох­гүй. 

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, танай хайлуулдаг зуух сайн учраас хаягдал төмрөөр хийж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлийг дангаар эзэмш. Ийм боломж бий шүү дээ.  Мөн дэлхийн хаана ч эрэлттэй бай­хуйц  чингэлэг, ачааны тэвш үйлд­­вэрлэж экспортод гаргах тал дээр  цаг алдалгүй судалгаа хий­гээсэй гэж хэлэх байна. 

Эрчим хүч­­­ний яам үнэ чөлөөлөхгүй бай­гаа­гийн улмаас хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт орж ирэх­гүй байгааг би анзаарсан. Дашрамд өгүү­лэхэд, орон нутаг ажилласан сурвалж­ла­гаа үүгээр өндөрлөж, шинээр бай­гуулаг­дахаар болж буй Эрдэс баял­гийн биржтэй холбоотой асуудал хий­гээд Монголын төмөрлөг үйлд­вэрлэгчдийн холбоотой хэр­хэн хамтарч ажиллах талаар Уул уурхайн сайд Р.Жигжид бо­лон МТҮХ-ны ерөнхийлөгч Н.Баяраа­хүү­тэй хийсэн ярилцлагаа тун удах­гүй хүргэх болно.