Аж үйлдвэржсэн орон болцгооё
Дэлхийд өндөр хөгжсөн орнуудыг гол шалтгаан нь Аж үйлдвэрлэлтийн бодлогыг явуулсан байдаг. Тэр дундаа түүхийн явцад баруун Европын орнууд жинхэнэ утгаар хөгжүүлсэн гэдгийг мэдэж болно. Харин бид 1921-1960 онуудад Үндэсний үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж Мал аж ахуй- Хөдөө аж ахуй-Аж үйлдвэрийн орон болсон гэх.
Түүнчлэн 1960-1990 оны үед Үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлж аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг хэрэгжүүлэх үеийг эхлүүлсэн.
Харин 1990 оноос хойш буюу Зах зээлд шилжих шилжилт, үйлдвэржүүлэлтийн хямрал, үйлдвэржүүлэлтийг сэргээх бодлого, төлөвлөлтийн он жилүүд үргэлжилсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл цэвэр уул уурхайгаас хамаардаг, өөрийн гэсэ дархлаагүй эдийн засагтай болсон гэхэд болно.
Тиймээс улсаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж түүнээс хувийн хэвшил, ТББ болон төрийн байгууллагуудын зүгээс санал авч хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгууллаа.
Манай орны аж үйлдвэрийн бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурлаж, хялбар технологид суурилсан өрөөсгөл бүтэцтэй бөгөөд экспортын бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс хэт хараат байгаа юм.
Түүнчлэн экспортын 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь бас нэгийг хэлээд байх шиг. Үүний анти үзүүлэлт болж боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур үзүүлэлт юм.
Монголд бүх бололцоо нь бий.
Энгийнээр хэлбэл бид бүтээгдэхүүнээ боловсруулахдаа өндөр технологи ашиглаж чаддагүй нь дотоодын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна. Гэхдээ нэг ололтой тал нь Ч.Сайханбилэгийн засгийн газар гарч ирснээр Аж үйлдвэрийн яамыг байгуулан ажиллаж байгаа нь энэ салбарт нэлээд тус болж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Ер нь аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтүүд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу тухайлбал нефтийн хямрал эсвэл үндэсний валютын ханшны уналтын үе мөчлөгүүдэд хүчтэй өрнөдөг байна.
Хүчин зүйл 1
Технологийн дэвшил нэвтэрснээр аж үйлдвэржилтийн бүтээмж дээшилж, үйлдвэрлэлийн шатлал хооронд орлогын ялгаа ихэсч, орлого өндөртэй салбар руу ажиллах хүчний шилжилт явагддаг) Нэгдүгээр буюу эхний шатлалын аж үйлдвэр нь хоёрдугаар шатлалын аж үйлдвэрийн салбараас технологийн дэвшилд нэвтэрснээр үйлдвэрлэлийн хэмжээ маш ихээр нэмэгддэг онцлогтой.
Энгийнээр хэлбэл гар аргаар боловсруулдаг бүтээгдэхүүнийг технологийн дэвшил ашиглан олноор нь зэрэг үйлдвэрлэх үйл явцыг хэлнэ. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчийн орлого нэмэгдэж үүнийгээ илүү боловсронгуй болгохын тулд цаашид ажиллана гэсэн үг. Харин өөрийн үйлдвэрлэлээ технологийн дэвшлээр сольж чадаагүй бол энэ хоёрын хооронд ялгаа ихээр гарах юм.
Хүчин зүйл 2
Эрэлтийн бүтцийн өөрчлөлт. Орлогын түвшин дээшлэхэд хэрэглээний бүтэц өөрчлөгдөж, бараанаас илүү үйлчилгээний эрэлт нэмэгддэг. Үүний тод жишээ нь эдийн засаг хямралтай гэж ярих саяхан нээгдсэн “Хүннү малл”-аар үйлчлүүлж байгаа иргэдийг хэлнэ. Үнэхээр эдийн засгийн тогтворгүй байдал үүсч, хямралд байгаа бол захын иргэн хүн өөрийн хэрэглээг танадаг.
Сайншанды Аж үйлдвэрийн парк байгуулах явц гацаанд орсон.
Гэтэл монголчууд бид ямар ч хямралын үед өөрийгөө зугаацуулах зүйлдээ мөнгө татдаггүй араншин нь энэ төрлийн хүчин зүйлсийг илүү хүчтэй болгодог. Тиймдээ нийслэл хотод дундаас дээш орлоготой иргэдийг зугаацуулах газруудыг хотын хаа сайгүй байгуулж байгаа нь нэгийг хэлээд байна.
Хүчин зүйл 3
Олон улсын харилцаа. Түүнчлэн бүтээгдэхүүнээ энд үйлдвэрлэснээс хоёрдагч оронд үйлдвэрлэж өөрийн оронд импортох нь ашигтай тохиолдолд тухайн шатлал болон салбарын бүтцэд эзлэх хувь хэмжээ буурдаг.
Хамгийн наад захын жишээ нь бид импортын ихэнх бүтээгдэхүүнийг өмнөд хөршөөсөө оруулдаг хэт хараат гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ харилцан ашигтай гэрээ байгуулж өөрийн хүссэн бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлүүлэн дотоодын зах зээлдээ хямд үнэтэйгээр борлуулсан тохиолдолд эдийн засагт сайнаар нөлөөлнө гэлээ.
Хүчин зүйл 4
Төрийн бодлого. Энэ бол мэдээж зайлшгүй байх зүйл. Түүхийн судалгаанаас харахад Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй маш нарийн уялдааг дагадаг. Өнөөгийн хөгжингүй орнуудад эдийн засгийн өндөр өсөлтийг ХАА үйлдвэрээс боловсруулах үйлдвэрт чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хийж чадсанаар бий болгосон.
Бүтээмжийн өсөлт өндөртэй аж үйлдвэрийн салбар руу ажиллах хүчин, капитал болон түүний хуримтлал зэрэг үйлдвэрийн гол хүчин зүйлс рүү шилжих нь улс орны нийт бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох боломжийг бүрдүүлж байна. Тиймээс үүнд таарсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүжилтийг шийдэх төрийн үүрэг.
Ямартай ч бидэнд Аж үйлдвэржсэн орон болоход нөөц бололцоо, түүхий эд, боловсон хүчин гээд бүгд бий. Харин төрийн бодлого, оролцоо муу байгааг ТББ-ын төлөөлөгчид хэлж байлаа. Тиймээс цаг алдалгүй эдийн засгийн бүтцээ уул уурхайн хараат байдлаас гаргах нь зөв гэлээ. Ингээд оролцсон хувийн хэвшил, ТББ-ын төлөөллүүд өөрсдийн санад бодлоо ажлын хэсэгт хүргүүлснээр өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөв. Мэдээж тус бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэх аж.