Аялал жуулчлалд боломж байгаа ч чанартай үйлчилгээ нь алга
“Монгол хатгамал” компаний ерөнхий менежер Б.Ангарагтай ярилцлаа.
- Компанийхаа тухай товчхон?
Манайх 2001 онд байгуулагдаад анхны захиалгаараа цэрэг, цагдаагийн эмблем, туг, дарцгууд хийж байлаа. Түүнээс хойш 2013 оныг хүртэл голдуу ажилчдын хувцасны лого, таних тэмдэг, арын бичиглэл, мөрдөс, энгэрийн болон ханцуйн тэмдэг, далбаа гэх мэт захиалга биелүүлсээр ирсэн. Харин энэ жилээс урлантай болж шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөөд байна. Бид өнгөрсөн Цагаан сараар монгол даалин үйлдвэрлэж эхэлсэн. Ер нь бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үйл ажиллагааныхаа нэг гол чиглэл болгохоор шийдсэн.
- “Монгол хатгамал” яагаад аялал жуулчлалын зах зээлд орохоор шийдэв?
Аль ч эдийн засагт тэргүүлэх салбарын нэг байдаг аялал жуулчлал дэлхийн жишгээр манайд дөнгөж хөгжиж эхэлж байна. Манай компаний хувьд энэ салбарыг ирээдүйтэй хэмээн үзэж, гар урлалаар дамжуулж үндэсний түүх, соёлоо сурталчлах зорилго тавьсан. Одоохондоо аялал жуулчлалын байгууллагатай хамтын ажил эхлээгүй. Зах зээлийн судалгаа нь хийгдээд бэлэн болгосон дор хаяж 10 нэр төрлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнтэй болсныхоо дараа аялал жуулчлалын салбар луу шийдэмгий орох бодолтой байна.
Жуулчид монгол ахуйг дүрсэлсэн, овор багатай, эвдэрч хэмхрэхгүй хэрнээ чамин зүйлийг сонирхдог.
- Жуулчдад ямар төрлийн бэлэг дурсгалын зүйл худалдвал илүү тохиромжтой вэ?
Жуулчид монгол ахуйг дүрсэлсэн, овор багатай, эвдэрч хэмхрэхгүй хэрнээ чамин зүйлийг сонирхдог. Шаазан эд зүйлийг нэр төрөл, загвар дизайныг нь гаргаад үйлдвэрийн түвшинд зах зээлд гаргаж болно. Мөн монгол хээтэй даалинг хөөргөнд зориулж хийхээс гадна барууны орнуудын жуулчдын гаансаа хийх уут маягаар үйлдвэрлэж болно. Гэтэл манайхан эсгийг таавчиг, каллиграфаас хэтрэхгүй байна.
Гадаадын жуулчид монгол дээлийг их сонирхдог. Бид “Торго” салонтай ярилцаад гадныханд зориулсан орчин үеийн загвартай, монгол хээтэй дээл хийж болох юм гэсэн эхний тохиролцоонд хүрсэн.
- Бүтээлүүдийнхээ загварын санааг хаанаас авдаг вэ?
Мэдээж санаанаасаа зохиодоггүй. Бид зураач, уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Загвараа гаргахдаа монгол хатгамалын уламжлалыг судалдаг. Монгол хээ, угалз нь тус тусдаа утга учиртай, ямар хүйсийн хүнд зориулагдсан, ямар эд зүйл дээр буулгах ёстой гэх мэт нарийн шинжлэх болчихсон байдаг.
Манай урлан нь Монголын үндэстэн, ястнуудын дунд хадгалагдаж үлдсэн, сайн судлагдаагүй хээ, угалзны уламжлалыг судалж, урлагт, цаашлаад зах зээлд нэвтрүүлэх зорилготой. Судалгааныхаа үр дүнг ном болгон гаргах төлөвлөгөөтэй байгаа.
- Таны бодлоор Монголд аялал жуулчлалыг ямар арга замаар хөгжүүлвэл илүү үр дүнтэй вэ?
Одоогоор учраа олох гээд явж л байна. Бидэнд нүүдэлчин соёл, онгон байгаль гэсэн асар их потенциал бий. Дэлхийд нүүдэлчин болоод суурьшмал иргэншлийг хамтад нь хослуулсан улс бол зөвхөн Монгол. Харин тэр потенциал дээрээ чанартай үйлчилгээг нэмээд өгчихөд л хангалттай. Энэ нь цэвэр, тухтай хоноглох газар, амттай хоол, сонирхолтой үзвэр, тухайн уул хадаараа тодорхой хугацаанд сонирхолтой морин аялал хийчихдэг, буудаллах хэдэн цэгүүдтэй гэх мэт жуулчидаа удаан хугацаанд залхааж ядраалгүйгээр сонирхолтой, орчиндоо тохирсон цогц хөтөлбөрөөр үйлчлэх гэх мэт. Мэдээж ийм хөтөлбөрийг хөтлөөд явах мэргэжлийн хөтөч маш чухал. Манайд гол дутагддаг боловсон хүчин бол мэргэжлийн гадаад хэлтэй хөтөч орчуулагч. Өнөөдрийн байдлаар хөтөчүүдээс сэргэлэн мэрийлттэй нь ажлын талбар дээрээ мэргэшээд, суралцаад сайжраад явдаг ч ихэнх нь гологддог. Дээрээс нь дундаж цалин бага учир энэ мэргэжилд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Тухайн салбарын эдийн засгийн үр өгөөж нь хэр бэ, бүтээмж нь өндөр үү гэх зэрэг хүчин зүйлсээсээ хамаарч түүнд хамаарагдах капиталууд, боловсон хүчний үнэлэмж нь өөр өөр байх болов уу. Миний бодлоор орон нутгийн захиргаа, нутгийн зөвлөлүүд, эсвэл компаниуд тухайн газар орондоо тодорхой талбайг хариуцаж аваад тусгай шаардлагын дагуу аялал жуулчлалын зорилгоор тохижуулах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд хөгжүүлэх эрхийг нь тухайн аялал жуулчлалын байгууллагад өгчихвөл энэ салбар зах зээлийнхээ жамаар хөгжинө. Мэдээж үүнд соёл спорт аялал жуулчлалын яамнаас томоохон зохицуулалт хийж, стантандарт, цэнзүрийг тогтоож өгөх ёстой
Түүнчлэн Монголын зам муу учраас хямд зардлаар агаараар аялах боломжийг бий болгочихвол зүгээр. Өөрөөр хэлбэл хөнгөн агаарын тээврийг хөгжүүлэх нь үр дүнтэй.