Монголын тухай жуулчдын сэтгэгдэл
Монголд аялахыг хүссэн хүн болгон юун түрүүнд интернет орчинд Монголын тухай юу гэж бичсэнийг уншдаг, түүн дээрээ тулгуурлаад төлөвлөгөө гаргадаг.
2015.05.04

Монголын тухай жуулчдын сэтгэгдэл

Улс орны нүүр царай юунаас харагддаг вэ? Улс орны нүүр царай бидний “За үүнд ч санаа зовоод яахав дээ” гээд тоохгүй, тордохгүй орхисон тэр л зүйлсээс харагддаг аж. Орчин үеийн ертөнцөд Монголд зөвх монголчууд амьдардаг юм шиг аашилж болохгүй аж. Бид 3 хан саяулаа, харин Монголд аялах гэсэн, монголчуудтай танилцах гэсэн жуулчдын тоо үнэндээ биднээс хэд дахин илүү. Тиймээс аялал жуулчлалаас олох орлого нь ч одоогийнхоос хэд дахин илүү гэсэн үг.

Харамсалтай нь бид ялихгүй зүйлсээс болж нэр хүндээ алддаг. Мэдээллийн технологи хөгжсөн нөхцөлд Монголын тухай гадны хүний хэлсэн нэг таагүй үг цаашаагаа олон зуун хүнд тарна. Монголд аялахыг хүссэн хүн болгон юун түрүүнд интернет орчинд Монголын тухай юу гэж бичсэнийг уншдаг, түүн дээрээ тулгуурлаад төлөвлөгөө гаргадаг.

Монголыг зорьдог гадны жуулчдын багагүй хэсэг нь манай хойд хөршүүд. Уншигч та бүхэндээ Монголд аялсан Оросын жуулчдын сэтгэгдлээс хүргэж байна. Ингэхдээ Монголын байгаль, түүх соёлын талаархи эерэг сэтгэгдлүүдийг түр хойш тавьж зориудаар бидний анхаарах ёстой тэдгээр “шалихгүй” ч гэсэн улс орны имижид асар хүчтэй нөлөөлөх зүйлсийн талаархи сэтгэгдлийг орууллаа.

Замын тухай

Анна.

Монгол орон надад таалагдсан. Гэхдээ би бусад аялагчдыг сэрэмжлүүлэхийн тулд зарим нэг сул талыг ярьж өгье. Бид машинаар Хиагтийн хилээр нэвтэрсэн. Монголын хилээр ороход асуудалгүй хурдан байсан. Зам нь ч бас дажгүй. Гэхдээ зам дээр болгоомжтой явах хэрэгтэй. Биднийг явж байхад хоёр ч удаа согтуу жолоочтой ачааны машин тааралдсан.

Монголын хотуудад хэн ч замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй. Тиймээс маш болгоомжтой, удаан явах хэрэгтэй. 

Монголын замын хөдөлгөөн

Гэхдээ хамгийн таагүй зүйлтэй бид буцах замдаа таарсан. Ням гаригийн орой буцахдаа хил хүртэл бензин хангалттай гэж бодоод мөнгөө солиулсангүй. Гэтэл шатахуун хүрэхгүй болж Дарханд мөнгөө солиулаад бензин авах гэтэл ням гарагт банкууд ажилладаггүй аж. Шатахуун түгээгүүрүүд рублээр тооцоо хийхээс татгалзсан учир тэнд хонохоос өөр аргагүй боллоо. Харин нэг бүсгүй биднээс рублиэр, гэхдээ хоёр дахин илүү үнээр шатахуун өгөв. 

Хил дээр урт гэгчийн дараалалтай байв. Аргаа бараад сууж байтал нэг монгол ойртож ирээд “дөрвөн хүүхдийн тэрэг хилээр гаргаад өгчих, тэгвэл дараалалгүй гаргаад өгье” гэлээ. Машин хоосон байсан учир дөрвөн тэрэг элбэг багтаж бид хилээр хурдан гарлаа.

Juan                          

Тээврийн тал дээр Монгол асуудалтай.  Арай тухтай аялъя гэвэл галт тэргээр явж болно. Бусад газарт нь зам маш муу, ялангуяа өвөл явахад хэцүү. Монголын галт тэрэгнүүд маш удаан, хуучин зөвлөлтийнх, гэхдээ билет  хямд. Сүхбаатараас Улаанбаатар хүртэл ердөө 9 хөн доллараар зорчиж болно.  Дээр нь цагаан хэрэглэлтэй, цайтай.  Монголын төмөр замд бусад оронд байхаа больсон “общий” хэмээх вагоны ангилал бий. Түүнээс гадна Монголд Европтой төстэй хурдан галт тэрэг бий болжээ. Гэхдээ одоогоор Улаанбаатар-Дарханы чиглэлд явдаг.

Витали

Монголын хатуу хучилттай замууд тийм ч сайн биш. Тэв тэгшхэн, шинэ тавьсан замууд ч бий, танкаар дрифт хийсэн юм шиг энхэл донхолтой хэсгүүд ч бий. Мөн ширүүхэн өнгөрвөл дугуйнаасаа салж мэдэхээр хонхор гүдгэр байдаг.

Тал нутгийн зам

Монголын тал нутгаар олон өдөр аялсны эцэст Улаанбаатарт ирээд жинхэнэ шоконд оров. Энэ хотын оршин суугчид үндсэндээ замын хөдөлгөөн гэдгийг ойлгодоггүй, эсвэл ойшоодоггүй бололтой. Бүгдээрээ байнга нэг нэгнээ сигналдана. Гэхдээ үүнээс болж уурлаж, хараал тавьж байгаа нь цөөхөн. Эргэх дохио асаадаггүй жолооч нар олон, нэг нэгнийхээ урдуур дайрч эгнээ байраа өөрсдийн дураар эзэлнэ.  Хамгийн аюултай нь хурдтай явахдаа ч ийм үйлдэл олон гаргана. Гэхдээ сонирхолтой нь бид нэг ч авто замын осол, нэг ч замын цагдаа тэр өдөр олж хараагүй. Нэг үгээр хэлбэл дасаагүй хүн Улаанбаатарын замаар машинтай явахад асуудалтай.

Lapocruiser

Монголын хөдөө нутагт явж байхад замын зүг чиг заагч тэмдэглэгээнүүд шиг ойлгомжгүй зүйл байсангүй. Тэмдэглэгээг голдуу уулзвар, салаа зам дээр бус хаа тохиромжтой газар нь зоодог. Өөрөөр хэлбэл эдгээр тэмдэглэгээний дагуу зөв замаар явна гэдэг эргэлзээтэй.

Төөрөлдүүлэгч

Жуулчны баазуудын байрлуулсан тэмдэглэгээ бүр ч аюултай. Тухайлбал дээрх зураг дээр заасан жуулчны бааз үнэн хэрэгтээ байсангүй. Бид энэ зургаар яваад очтол хэдэн чулуу, хуучирсан волейболын талбай, хэдэн малын яснаас өөр юм байсангүй.

Зочид буудлын тухай

Витали

Өдөржин ширүүн замд сэгсчүүлсэний эцэст оройн 8 цагийн үед Хархоринд ирлээ. Бүгд л сайхан усанд орж, унтаж амрахыг хүсч байв.  Халуун устай зочид буудал олох гэтэл бүгдээрээ хүйтэн устай байх нь тэр. Хайж хайж халуун устай гэсэн нэг зочид буудалд 30 доллараар хонохоор болов. Гэтэл халуун усны өрөөнд ортол халуун, хүйтэн усны аль ч алга байв. Эмэгтэйчүүдийн уур нь хүрч эхлэв. Тэгэхээр нь мөнгөө буцааж аваад өөр буудал хайв. Эцэст нь халаагчтай нэг буудал олж усаа халааснаар бидний хүсэл биеллээ.

Маргааш нь  Улаанбаатарт ирээд боломжийн үнэтэй, халуун устай буудал олох гээд бас л бүтсэнгүй.  Ороод “халуун ус байгаа юу?” гэхээр “байгаа” л гэнэ. Крантыг нь онгойлгоод шалгаад үзэхээр хүйтэн. Гурван минут хүлээнэ. Бас л хүйтэн.

Улаанбаатарын дунд зэрэглэлийн зочид буудал

Хэдэн буудлаар иймэрхүү “шалгалт” хийсний дараа Flowers Hotel нэртэй буудалд 92 доллараар өрөө авав. Энэ буудал гаднаасаа даруухан ч дотроо тухтай, саунтай, швед хоолтой.

Juan

Дэлхийн өөр аль ч оронд Улаанбаатарт байдаг шиг олон  зочид буудал байхыг би хараагүй. Галт тэрэгний буудлын ойролцоох байшин болгон буудалтай.  Голдуу цагаар өрөө өгдөг.  Ер нь Улаанбаатар маш олон цагийн зочид буудал, ломбардтай. Хэрэв 19 дүгээр зууны Оросын сонгодог зохиолчид Улаанбаатарт ирж үзсэн бол энэ хотын иргэд зөвхөн ломбарданд эд зүйлээ тавихын төлөө төржээ гэж бичих байсан.

Ломбард

Хоолны тухай

Juan

Монгол хоол гэдэг Европын чамин хоолонд дассан хүмүүст тохирох эд биш. Монгол хоол тос ихтэй. Гол хоол нь хонины мах, ногоотой хуурай лапша буюу “цуйван”. Буриадад байдаг шиг бууз, хуушуур бий. “Хуйцаа” гэсэн марзан нэртэй ч амттай хоол бий.  Хямдхан цайны газарт 4000-6000 төгрөгт хооллож болно. Монголчуудын уудаг исгэлэн сүүтэй цайг миний хувьд ууж чадаагүй.

Хуйцаа