2015.04.25

Хөтөч, жолооч хоёроор жуулчид Монгол орныг дүгнэдэг

"Wonder mongolia" компаний захирал Х.Мөнхзултай аялал жуулчлалын үйлчилгээний чанар, тэр дундаа хөтчийн ажлын онцлогийн талаар ярилцлаа.

- Эхлээд компаниа танилцуулахгүй юу?

Гэр бүлийн хүнтэйгээ хамтраад шинэ компани байгуулж байна. Аялал жуулчлал, дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Одоогоор компаниа байгуулаад, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлаа амжуулаад явж байна.

Бидний үйлчилгээгээ санал болгох хүмүүс бол олон улсад “backpacker” гэж нэрлэдэг үүргэвчтэй аялагчид. Энэ төрлийн аялагчид голдуу бага мөнгөөр ихийг үзэх сонирхолтой 25-35 насны хүмүүс байдаг бөгөөд зочид буудалд биш дэн буудалд ихэвчлэн буудаг учраас бидний гол үйлчлүүлэгчид болох учиртай. Бид тэдэнд зориулсан вэб сайтаа хийгээд, гэр буудлаа тохижуулсан байгаа.

Монголд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани хүмүүс мэддэггүй л болохоос олон бий. Гэхдээ би 10-аад жил аялал жуулчлалын компанид ажиллаад энэ салбарын талаар багагүй туршлага хуримтлуулсан учраас шинэ компаний маань ажил болно, бүтнэ гэж бодож байна. 

- Сүүлийн үед аялал жуулчлалд нэлээн анхаарал тавих болсон. Манайх анх удаа ITB-д оролцлоо. Удахгүй нэг сая жуулчин хүлээж авна гэж зарласан. Компаниудын хувьд жуулчид их ирнэ гэсэн хүлээлт бий болоод байна. Танай компани үүнд хэрхэн бэлдэж байна вэ?

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ирэх жуулчдынхаа байрлах газрыг хамгийн түрүүнд бэлдсэн. Бидний хувьд үйлчилгээндээ маш уян хатан нөхцөлтэй, харилцааг маш найрсаг байлгана гэж бодож байгаа. Ер нь энэ салбартаа үйлчилгээний уян хатан байдлаараа ялгарах зорилготой. Жилийн дараа компани маань төлөвшчихнө гэж үзэж байгаа.

Маршрутын хувьд жуулчдыг эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист очъё гэсэн газарт нь хүргэнэ.  Хамгийн ойрдоо Манзушир, Тэрэлж, Хустай руу нэг, хоёр хоног явуулахаас эхлээд хэдэн ч хоног байсан аялуулна. Авто машинаар, тэмээгээр, мориор гээд юугаар аялмаар байна тэр бүхнээр нь үйлчилнэ. 

Энэ онд дэлхийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ болохгүй, Монголд сонгууль явагдахгүй учраас жуулчид түлхүү ирнэ гэж хүлээж байна. Ер нь улс төрийн тогтворгүй байдал маш их нөлөөлдөг. Жишээ нь 7 сарын 1-ний үеэр жуулчид байхгүй болчихсон.

- Жуулчид ямар зүйл дээр илүүтэй гомдол гаргадаг вэ?

Би хөтөч, орчуулагч байсан учраас жуулчдад хамгийн ойр ажилладаг байлаа. Уг ажлын зовлон жаргалыг сайн мэднэ. Болохгүй, бүтэхгүй зүйл тохиовол жуулчдын өмнө нүүр улайх тохиолдол цөөнгүй гарна.  Наад зах нь манай зам ямар билээ? Нэг үзмэр үзэхийн тулд 200, 300 км явна. Хүнд нөхцөлтэй замаар хатуу явдалтай орос машинаар явахаас өөр аргагүй болдог. Хэдийгээр бид онгон дагшин байгальтай ч гэсэн жуулчдад үзүүлж, харуулчихаар зүйл бага. Жуулчдын гомдоллодог зүйлүүд бол зам, бие засах газар.

Заримдаа үйлчилгээ гологдох үе бий. Гэхдээ үйлчилгээний чанар хөтчөөс гадна олон хүнээс хамаардаг. Явган аялагчид голдуу хөдөөний айлын бэлдэж өгсөн гэрт хонодог. Гэтэл малчид маань жуулчдад хэрхэн үйлчлэх талаар сайн мэддэггүй, эрүүл ахуйн нормуудыг тэр болгон сахидаггүй учраас үйлчилгээний доголдол гардаг. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо цөөрсөн нь үйлчилгээний чанартай ч бас холбоотой гэж бодож байна.

Аялал жуулчлалын зам дагуу амьдардаг орон нутгийн иргэд жуулчид гэхээр л ерөөсөө мөнгө гэж хардаг. Нөгөө нэг зочломтгой монгол зан байхгүй.

Түүнээс гадна Монгол руу ирэхэд онгоцны зардал маш их байна гэж олон жуулчид ярьдаг. Онгоцны билетэнд өгөх мөнгөөрөө өөр газар амарсан бол хамаагүй ашигтай байдаг. Тиймээс Монголд үнэхээр зорьж ирсэн хүмүүс аялдаг гэж болно.

Хөтчийн хувьд үзмэрээс үзмэрийн хооронд явж байхад жуулчдынхаа хэрэгцээг сайн ойлгож, аль болох уйдаахгүй явах хэрэгтэй байдаг. Зам зуур буугаад жуулчдынхаа хоолыг хийдэг. Морь, тэмээ унахыг хүсвэл хамт унаад явна. Нэг үгээр хэлбэл өөрөөсөө шалтгаалах, өөрөө хийж чадах бүх зүйлийг хийх ёстой. Гэхдээ Монголд аялал жуулчлалын дэд бүтэц сайн хөгжөөгүй учраас хөтчийн мэдлэг, чадвараас хэтэрсэн зүйл их гардаг. Үзмэрт хүрэх замд нь онцын гойд зүйл байхгүй бол хөтөч бүх замын туршид жүжиглээд явна гэдэг хэцүү. Хүн л болсон хойно өөрөө ч бас ядарна.  

- Ер нь хөтөч хүн ямар байх ёстой вэ?  

Жуулчин ирээд шууд ерөнхийлөгчтэй уулзахгүй, монгол айлд орохгүй. Хамгийн түрүүнд үйлчлүүлж буй жуулчны компаниасаа хөтөч, жолооч хоёртой танилцдаг. Тэгэхээр жолооч, хөтөч хоёроор Монгол орныг дүгнэдэг. 

Хөтөч хүн харилцааны маш өндөр чадвартай байх шаардлагатай. Үүссэн асуудлыг тэр дор нь зөв шийддэг байх ёстой. Тухайлбал замд машин саатах, очсон айлтайгаа ойлголцохгүй байх гэх мэтийн гэнэтийн асуудлыг шийдээд явах хэрэгтэй болдог.

Мөн хөтчүүдэд хоол хийх гэж нэг том ажил бий. Тиймээс амттай хоол хийдэг байх ёстой. Урт замын туршид ядарсан, аялалдаа сэтгэл дундуур жуулчин сайхан хоол идээд сэтгэл нь сэргээд ирдэг. Хөдөөгийн зан заншлыг сайн мэддэг байх ёстой.  Жуулчин морь, тэмээ унавал хамт морь, тэмээ унаад хажуугаар нь тайлбараа хийгээд явах хэрэгтэй. Уул хадаар алхана гэвэл дагаад алхана.  Нэг үгээр хэлбэл хөтөч хүн олон талын чадвартай, ачаалал даадаг байх хэрэгтэй.

Хөтөч гэхээр хүмүүс голдуу зүгээр гадаадуудтай ярьж яваад өндөр цалин авдаг хүмүүс гэж боддог нь буруу.

Хөтөч гэхээр хүмүүс голдуу зүгээр гадаадуудтай ярьж яваад өндөр цалин авдаг хүмүүс гэж боддог нь буруу.

- Өнөөдөр хөтөч нарыг ямар байдлаар бэлтгэдэг вэ?

Их сургуулиуд аялал жуулчны мэргэжилтэн гэсэн чиглэлээр төгсгөдөг. Ингэж төгсөж буй оюутнууд Монгол орны газар зүйн талаар тодорхой мэдлэгтэй төгсдөг ч хөтөч хийхэд хангалтгүй. Хөтөч нарыг тусгай сургалтуудаар бэлддэг. Цагаан сарын дараа 21-45 хоногийн курсууд хичээллэдэг. Гэхдээ хөтөч болгон явган аялагчдын хөтөч хийж чадахгүй. Тиймээс дэн буудлууд явган аялагчдад үйлчлэх хөтчийг тусгайлан бэлддэг. Хоол хийж сургана. Монголчууд бидний иддэг хоолны нэр төрөл тийм олон биш. Хэрэв цагаан хоолтой жуулчин байвал цагаан хоол хийж чаддаг хөтөч байх хэрэгтэй. 

- Газар газрын жуулчид ямар онцлогтой байдаг вэ?

Америк, Европоос ирсэн жуулчид харилцахад хамгийн амар, аливааг ойлгож чаддаг хүмүүс байдаг. Бүх зүйлд уян хатан байж, дасан зохицдог, хурцаар хүлээж авдаггүй. Идэх, уух юман дээр ч асуудал гардаггүй. Монгол айлд ороод сүүтэй цай, өөхтэй мах идчихдэг. 

- Жуулчдад үйлчилдэг жолооч нарыг яаж сонгодог вэ?

Жуулчны жолооч болохын тулд ангиллын эрх, тусгай зөвшөөрөл гээд нэлээд олон шат дамжлаг хэрэгтэй байдаг. Жил болгон жуулчны жолоочийн сургалт явагддаг. Аялал жуулчлалын компаниудад тогтмол харилцаатай байдаг жолооч нар бий.