Жуулчдад дээл нөмрүүлсээр байх уу
Монгол хөтчийн аяллын тэмдэглэлд: Монголын хөдөө нутгаар аялсан хэсэг наран улсын жуулчид нутгийн айлд саатаж. Гэтэл айраг анх удаа уусан гадны хүмүүсийн нэгнийх нь гэдэс эвгүйрхэж, байсхийгээд л гараад байж.
Харин хөтөч өглөө босоод хартал хоносон айлыг тойроод цагаан цаас байсныг очоод хартал шөнөжин гүйлгэсэн Япон эрийн үйлдсэн ажил болох нь ойлгомжтой байлаа. Санаа нь зовсон жуулчны амьхандаа авсан арга хэмжээ нь байжээ. Мэдээж наанаа инээдтэй сонсогдож байгаа ч цаанаа харамсмаар.
Улсын хэмжээнд жилд дунджаар 400 орчим мянган жуулчин ирдэг ч жил бүр буурсан үзүүлэлттэй байгаа.
Дэлхийн нийт жуулчдын тавь орчим хувь буюу 500 саяыг Европын орны хүмүүс эзэлдэг. Тэр ч утгаараа Монголд ирдэг жуулчдын дийлэнх нь өндөр хөгжилтэй орнуудаас зочилдог гэсэн үг.
Саяхан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Энэ жил нэг сая жуулчин хүлээн авч, ДНБ-ийхээ 14 хувийг зөвхөн аялал, жуулчлалын салбараас олдог болох томоохон зорилт дэвшүүлээд байна. Тиймээс Монголд ирсэн жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангах, аялал жуулчлалын салбарын стандартыг шинэчлэх, энэ салбарын хүний нөөцийг чадавхижуулахад онцгой анхааран ажиллах зорилт дэвшүүлээд байна” хэмээн хэлсэн.
Монголд ирдэг ихэнх жуулчид амьдралдаа “анхны” гэх зүйлээ маш ихээр үздэг.
Харин хоёр жилийн өмнө тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд юун түрүүнд бие засах газрын асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж мэдэгдэж байж.
Гэтэл асуудал шийдэгдэхгүй байсаар Монголд ирдэг ихэнх жуулчид амьдралдаа “анхны” гэх зүйлээ маш ихээр үздэг. Тиймээс бид үйлчилгээ угаасаа ийм гэж ярилгүйгээр харин зайлшгүй өндөр түвшинд байх ёстой гэсэн зарчмыг чухалчилах хэрэгтэй. Нүүдлийн аж ахуй, соёлтой танилцуулж байна гээд хээр талд дээл нөмрүүлээд байж болохгүй.
Улсаас аялал жуулчлалын бүс нутаг болон жуулчдын ихээр зорчдог газруудын бие засах газарт төсөв гаргадаг уу. Уг асуудлаар БОНХАЖ-ын яамны Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээс тодруулахад бие засах газрын асуудалд тодорхойлсон төсөв байдаггүй аж. Тиймээс үүнийг хариуцах эзэн олддоггүй. Гэхдээ мэдээж жуулчны бааз болон компаниуд орлогоо алдахгүй тулд өөрсдөө арга хэмжээ авдаг.
Орон нутгийн хувьд аялал жуулчлалаа хөгжүүлэхэд аймгаас төдийлөн их хэмжээний төсөв гаргадагүй аж. Жишээ нь Хөвсгөл аймаг гэхэд Хөвсгөл далайд суурилсан аялал жуулчлалтай. Нуур тойроод 60 гаруй бааз байдгаас ихэнх нь хотод бүртгэлтэй тул орон нутагт нь төдийлөн ашиг ордоггүй байна. Харин ч байгальд ил задгай бие засах, хог тарих зэргээр бохирдуулаад орхидог. Түүнийг Хөвсгөл нуурийн тохижолт хариуцсан газар нь цэвэрлэдэг аж. Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл хүртэл ийм байгаа нь үнэхээр харамсалтай.
Манайд ирдэг жуулчдын оргил үе нь наадам. Тэр дундаа хурдан морь үзэхээр ихэнх жуулчид Хүй долоо худаг руу зүглэдэг. Мэдээж хүн л болсон хойно физиологийн асуудал байгаа. Харин түүнийг шийдэхийн тулд урт дараалалд тодорхой хугацаанд тэвчих хэрэгтэй. Тэвчсэний эцэст орох гэтэл үнэрээс нь цэрвээд буцаад гардаг байна. Ийм дүр зураг жил бүр л байнга давтагддаг. Ингэчихээд байхад салбар яам, холбогдох байгууллагууд нь яагаад анхааралдаа авахгүй байна вэ. Магадгүй анхаарсан гэж хэлэх байх.
Салбар яамнаас жуулчид ихээр зорчдог газруудад түр амрах байр барих төсөл боловсруулж байна.Хэдий 2015 оны төсөвт тусгагдахаар ярьж байсан ч төсвийн тодотголоор хасагдсан. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл ассан нь салбар яам ДНБ-ний тавхан хувийг бүрдүүлдэг уг салбарын орлогыг 2016 он гэхэд 15 хувьд хүргэхээр зорилт тавьсан нь салбарын ирээдүйд томоохон түлхэц болж магад. Мэдээж үүнийг дагаад томоохон бүтээн байгуулалтууд явагдах нь тодорхой.Түүнд нь бие засах газрын асуудал багтсан гэдэгт итгэж байна. Хэрвээ ороогүй бол дахиад л алдах нь тэр.
Жуулчид монголд өндөр байшин, баян тансаг бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг үзэж, сонирхох гэдэггүй. Эсрэгээр нүүдлийн мал аж ахуй, соёл уламжлал, түүнийгээ дагасан амьдралын хэв маяг, байгалийн сайхныг бахдан харахыг хүсдэг. Харин түүнд таарсан ая тухай аялах нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Бид Шинэ Зеланд, Швейцарь зэрэг улсаас дутахааргүй байгальтай. Хятад, Египетээс хоцрохооргүй түүхийн дурсгалтай орон. Гэтэл бид үүнийгээ ашиглаж чадахгүй байгаа нь энэ салбар савны гадна хаягдчихаад байгааг давхар сануулаад байх шиг.