Том хашаанд бурхан биш, үйлчилгээ чухал
Маш том хашаанд бурхан чухал биш, үйлчилгээ чухал
МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор М.Билэгсайхантай “Аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх вэ” хэлэлцүүлгийн хүрээнд ярилцлаа.
-Манай хэлэлцүүлэгт оролцож байгаад баярлаж байна. Аялал жуулчлалын дэд бүтэц гэсэн ойлголтын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу, дэд бүтцээ л хөгжүүлье гээд байдгийн учир юу вэ. Хамгийн энгийнээр дэд бүтцийг зам харгуй гэж ойлгож байна л даа?
Эхлээд аялал жуулчлал гэсэн ойлголтыг ярих нь зүйтэй. Аялал жуулчлал хүний нийгмийн амьдралын үзэгдэл. Гэтэл бид аялал жуулчлалыг гаднаас жуулчид ирээд баахан доллар оруулдгаар төсөөлдөг. Энэ ч утгаараа зөвхөн гаднаас л хүн татвал аялал жуулчлал хөгжинө гэдэг. Гэхдээ ажаад байхад, дотоодын аялал жуулчлалаа зэрэг хөгжүүлж байж аялал жуулчлалын дэд бүтэц хөгжих үндэс бүрддэг.
Д.Оюунхорол сайдтай уулзах үеэр ядаж энэ жилдээ эхлээд бие засах газраа л өөрчилье гэж байна лээ.
Миний бодлоор аялал жуулчлалыг хүн бүхний амралт, зугаалга, аялал жуулчлал гэдгээр ойлгочихвол их амар. 1990-ээд онд Солонгост эдийн засгийн хямрал болоход дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлж аврагдсан.
Төр нь бодлогоор анхаарч, шоу энтертаймент тал руу хөгжүүлэх үндсийг тавихад хувийн хэвшлийнхэн өөрийн эрхгүй энэ бизнес рүү орж, зам, буудал, guest хаус, хөтөч, зоогийн газар, хоол гээд бүгд цогцоороо ороод ирсэн. Тэгэхээр гол учиг нь амралт гэдгээр аялал жуулчлалыг ойлгуулсанд байгаа юм.
Манай улсын хувьд зам харгуй харьцангуй сайжирч байгаа нийгмийн хандлага соёл төлөвшөөгүй учраас тухайлбал, Мөрөн, Хатгалын ойролцоох ой мод, гол ус, эрэг, аятайхан зогсоолтой газар бүгд хүний хөлд үрэгдэж, доройтож байгаа.
Хэрвээ бид нар боловсролтой, аялах соёлтой, ухамсартай байсан бол тэр газар зүгээр л байх байсан. Тэгэхээр дэд бүтцийн хөгжил ганцхан хөрөнгө оруулагчаас бус нийгмээс шалтгаалдаг.
-Үйлчилгээний дэд бүтэц гэх нь оновчтой байх. Үйлчилгээ Монголд байдаггүй гэдэг. Нэгэнт нүүдэлчин ахуй, онгон дагшин байдалд татагдаад ирсэн жуулчдыг Монголд ирэхэд сэтгэл ханамжтай буцаахын тулд яах ёстой вэ?
Мэдээж хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ялангуяа зоогийн газар, зочид буудал, амралтын газруудын үйлчилгээг сайжруулах нь зөв. Монголд том хэмжээний буудал байхгүйг олж хараад гадныхан дэлхийн хэмжээний сүлжээ буудал барьчихсан.
Ингээд л дотоодын зочид буудал, дэлхийн буудал хоёрын дунд том ангал үүсч байгаа юм. Жишигт нь хүргэе гээд зочид буудлын стандартыг хоёр гурван удаа хийж шалгасан ч үр дүн муутай гарсан. Тиймээс эцсийн дүндээ аялал жуулчлалын салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг нэгтгэж, үзэл баримтлалаа сайжруулах нь хамгийн гол гэдгийг ойлгосон.
М.Билэгсайхан доктор
Юуг аялал жуулчлалын үйлчилгээний чанар гэж ойлгох юм, юуг стандарт гэх вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Салбарын бодлогоо тогтоочихооод дараа нь стандартаа хийвэл хамгийн оновчтой. Түүнээс биш цээжинд байгаа гадны туршлагыг хуулаад амьдрал дээр худлаа болсон.
Зочид буудлын асуудлыг Хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн яам, Аялал жуулчлалын яам хариуцдаггүй. Хэн хариуцах нь тодорхойгүй болчихсон. Миний бодлоор эхлээд Зочид буудлын тухай хууль гаргая гэж боддог.
-Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тун удахгүй салбарын бодлого, хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулж дуусгаад Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байгаа гэсэн. Та бүхэн тэр бодлогод санал бодлоо нэмэрлэсэн үү. Тэнд юуг яаж сайжруулаасай гэж судлаачийн хувьд хүсч байна вэ?
Тийм ээ төсөл явж байгааг харсан. Саналаа өгсөн байгаа. Д.Оюунхорол сайдтай уулзах үеэр ядаж энэ жилдээ эхлээд бие засах газраа л өөрчилье гэж байна лээ. Яагаад таван одтой жорлон байж болдоггүй юм бэ. Налайх руу явахад Хөтлийн орчим хот хоорондын автобус зогсонгуут л дээлээ нөмрөөд суучихдаг биз дээ. Ийм газар аялал жуулчлал хөгжинө гэж уучлаарай л байхгүй юу.
Гудамжаар явж байгаа машины жолооч шүлсээ, хогоо хаяна.Аялал жуулчлал нийгмийн үзэгдэл үү, эдийн засгийн үзэгдэл үү гэдэг дээр хүмүүс их эргэлздэг.
Эдийн засгийн том үзүүлэлт яриад байдаг гэтэл үнэндээ нийгмийн суурь зүйлээ сайжруулаагүй байж доллар ярих хэрэггүй. Аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж төр засаг нь гаргаж иргэдэд ойлгуулах хэрэгтэй.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх бэлэн жор байхгүй. Хамгийн гол нь бодлого нь тогтвортой байх нь чухал.
-Аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээний цогц байдалтай ямар компаниуд байдаг вэ?
Мундаг ажил хийж байгаа компаниуд зөндөө бий. “Женко тур бюро” ХК байна. Гэхдээ манайхан цогц үйлчилгээг л орхигдуулаад байдаг нэг талтай. Өчнөөн хөрөнгө зараад Цонжингийн Морьт хөшөөт цогцолборыг бариад бусад үйлчилгээний газруудыг барих хөрөнгөгүй болчихсон.
Мундаг ажил хийж байгаа компаниуд зөндөө бий.
Үзүүлж харуулах хөшөөгөө барьчихаад үйлчилгээгээ хаячихсан. Тэгэхээр миний бодлоор Морины хөшөөгөө бага хөрөнгө оруулалтаар шийдээд,түүнийг тойрсон үйлчилгээ, үзвэртээ их мөнгө зарвал жинхэнэ үйлчилгээ хөгжиж, орлого оруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой байсан.
Одоо тэнд бараг бие засах газар нь ч ажилладаггүй. Дэд бүтэц маань хүнд хандсан зүйлээр дутмаг байна гэсэн үг. Газруудаа жижигхэн мөртлөө, цогц үйлчилгээтэй байлгаж яагаад болохгүй гэж. Маш том хашаанд агуу бурхан чухал биш, үйлчилгээ чухал.
Тэнд зөвхөн хөшөө харах гэсэн хүмүүс л очиж байгаа, түүнээс биш тэнд амраад, тухлаад хоол идэнгээ хөшөө харах гэсэн хүмүүс очихгүй байгаа. Жуулчны урсгалаа энэ мэт шалтгаанаар алдаад байгаа гэсэн үг.
-Үйлчилгээг орхигдуулдаг нь ямар учир шалтгаантай вэ?
Суурь шалтгаан бидэнд байгаа. Зүгээр л өөрсдийнхөө өнөөдрийн байгаа дүр зургийг харах хэрэгтэй. Оюутны дотуур байр, сумын сурагчдын дотуур байр гэдэг зочид буудалтай л адилхан хүн амарч, амьдардаг газар. Энэ талаас харвал дотуур байрны стандарт бас байх хэрэгтэй болно.
Өөрсдөө ийм стандарт мөрдүүлж байж, юун гадны жуулчны сэтгэл хүрсэн үйлчилгээ байх вэ. Нийгмийг цаад зүйлээр нь сайжруулж байж зочид буудал, дэд бүтэц нь хөгжинө. Хүмүүс болон нийгмийн сэтгэлгээнээс шалтгаална гэсэн үг.
-Япон жуулчин 300 км давхиж яваад ганц чулуу үзүүллээ гэж уйлсан жишээ байдгийг хүн бүхэн мэднэ.
Тэр чулуу, хэрэгсүүр, балгасыг тэртэй тэргүй онлайнаар хараад үзэх боломжтой учир тэр мэдээллийн хажууд үйлчилгээ нь байх ёстой.Магадгүй Сүхбаатар аймгийн дагшин газруудын ойролцоо алдартай хонины шарсан махны зоогийн газрыг байгуулж болно шүү дээ.
Ингэж шийдэх гарцыг тухайн орон нутгийн засаг захиргаа бодлогоор зангидах учиртай. Энэ нь хүсэл, санаачилга нэг талаар дутагдаж байна.
-Орон нутгийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг явахад бараг 21 аймаг бүгдээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж хэлдэг. Үүнд орон нутгийн захиргаа идэвхи санаачилга гаргах хэрэгтэй нь харагддаг. Энэ тал дээрменежментийг яаж сайжруулах вэ?
Орон нутгаа хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьдрал ахуй байгаль орчин хамгаалах бүх эрх нь тухайн нутгийн засагт бий. Аялал жуулчлалын бизнесээр дагнаж, хөгжүүлье гэхээр хэдэн үеэрээ мал маллаж, ногоо тариалсан хүмүүст маш хүнд байдаг.
Аялал жуулчлалаас хамгийн ашиг олдоггүй нь Хөвсгөл аймаг. Яагаад гэвэл хотоос бүх зүйлээ аваад тэр нутгийн байгалийг ашиглаад мөнгө олоод эндээ зарцуулдаг. Орон нутагт үлддэггүй. Тэгэхээр энэ тал дээр нь анхаарах хэрэгтэй.
Миний бодлоор тусгай хамгаалалттай газарт яагаад таван одтой зочид буудал байлгаж болно гэж боддог. Жуулчдыг дандаа тэр л газруудаар аялуулдаг учраас концессийн гэрээгээр компаниудад өгчихвөл, төр байгаль хамгаалал гэсэн хүнд ажлаас чөлөөлөгдөх боломжтой.
Яагаад Цэцээ гүний урд талын Төр хурхын зам дагуух газарт тендер зарлаад нэг компанид эзэмшүүлж болохгүй гэж. Зам дагуу хөгжиж, хогоо шийдчихнэ, камер тавьчихна. Тэр хавиар үйлчилгээ сайжирна шүү дээ.
Байгаль хамгаалах нэг арга нь жуулчны компаниудаар хийлгээд, төр асуудлаа хялбархан шийдчих боломжтой байгаа биз.