Төр нойл барих биш, оновчтой бодлогоор аялал жуулчлалыг дэмжих ёстой
“Мөнгөт-Орчлон” ХХК-ийн захирал Ч.Уранбилэг
2015.04.28

Төр нойл барих биш, оновчтой бодлогоор аялал жуулчлалыг дэмжих ёстой

“Чой”сургалтын төвийн тэргүүн, “Мөнгөт-Орчлон”ХХК-ийн захирал, Боловсролын ухааны магистр, Хэл шинжлэлийн ухааны доктрант Ч.Уранбилэгтэй ярилцлаа.

- Компанийхаа тухай  товч танилцуулна уу?

1995 онд “Чой хоршоо” нэртэй байгуулагдсан. Англи хэлний сургалт эрхлэн явуулж  1999 онд “Мөнгөт орчлон” ХХК болж өргөжүүлж аялал жуулчлал, гадаад хэлний сургалт орчуулгын  чиглэлээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

- Өнөөдөр аялал жуулчлалын байгууллагуудын өмнө ямар асуудал тулгамдаад байна вэ?

Төрөөс аялал жуулчлалын  талаар авч хэрэгжүүлэх Монгол улсын аялал жуулчлалын тухай хуулийг 2000 оны 5-р сард батлан аялал жуулчлалын байгууллагууд, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын гол мөрдөх чиглэл болсон ч тус хуулинд олон удаа засвар хийж одоогийн байдлаар зарим тал дээр тийм ч цэгцтэй бус  болж энэ төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн бус хүн удирдан явуулж, энэ салбарыг сайн мэддэггүй менежерүүд ажиллуулдаг компаниуд цөөнгүй байна. Үүнээс болж аялал жуулчлалын компаниудын маркетинг, менежмент доголддог. Зарим хүмүүс зөвхөн их хэмжээний мөнгө олж болох юм байна гэсэн бодолтой аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдагаас болж аялал жуулчлалын мөн чанар нь алдагдаж байна.

Уг нь аялал жуулчлалын байгууллагууд өөр хоорондоо ажил, үүргийн хувьд уялдаа холбоотой  ажиллан, ямар үйл ажиллагаа явуулж юу хийх нь тодорхой байдаг. Аялал жуулчлалын салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг байгууллага бол туроператорууд, тэнд олон арван жил ажилласан хамгийн арвин туршлагатай хүмүүс ажилладаг. Тэд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бөөнөөр болон хэсэгчлэн бусад үйлчилгээний байгууллагууд, тур агентад  дамжуулан борлуулдаг.  Бас  тур агентууд өөрийн гэсэн онцлоштойгоор дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг. Түүнээс гадна зочид буудал, ресторан,  музей, театр гэх мэт  аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой  олон байгууллагууд бий.

Онолын хувьд аялал жуулчлалын компани 30 хувиас доошгүй ашигтай ажиллаж байж оршин тогтнодог.

Ер нь аялал жуулчлалд хамаарахгүй салбар гэж бараг үгүй. Гэтэл турагент ч тэр, зочин хоноглуулж амраах газрууд ч /guest house/ тэр өөрсдөө бүгд тур опероторын үйл ажиллагаа хийх гээд байдаг. Нэг байгууллага бүгдийг хийхээр үйлчилгээ нь яаж чанартай байх вэ дээ? Хамтрах дургүй, нэг нэгэндээ итгэдэггүй учраас аялал жуулчлалын салбарын нэр хүнд унаж байгаа явдал  мэр сэр ажиглагддаг. Онолын хувьд аялал жуулчлалын компани 30 хувиас доошгүй ашигтай ажиллаж байж оршин тогтнодог. Гэтэл өнөөдөр олонхи компаниуд таван хувиас дээшгүй ашиг орлоготой  ажилладаг гэдэг албан бус мэдээ байдаг. Мэдээж бүх компани муу биш, аялал жуулчлалын салбарт он удаан жил ажиллаад мэргэшчихсэн компаниуд цөөнгүй бий.

Мэргэжлийн бус  мэргэжилтэнгүүдээс болж жуулчдын эрх зөрчигддөг. Тухайлбал жирийн нэгэн жолооч хэдэн хүн автобусанд суулгаад Оросын хил даваад Итгэлт Хамба, Байгаль нуур луу аялуулах нэрээр баахан давхиж яваад ирдэг. Аялахаар явсан хүмүүс нь ая тухтай байж чаддаггүй, танин мэдэхүйн ямар ч мэдлэг авдаггүй. Сүүлийн үед Оросын Холбооны улсын виз чөлөөтэй болж аялагчдад таатай  боломжийг олгосон ч үүнээс үүдэн  аялагч жуулчдыг шөнийн цагаар  хоол ундгүй тээвэрлэдэг ноцтой зөрчил ажиглагдах болсон. Оройн цагаар Улаанбаатараас гараад үүрээр хил дээр очоод өдөр нь Оросын хилээр гаргана гэх жишээтэй. Энэ чинь жуулчдыг аялуулах биш улам ядраагаад байгаа хэрэг. Аялагчид ч гэсэн өөрсдийн амь нас эрүүр мэндээ  хамгаалах ёстой. Нэг ёсондоо тэд хулгайн тээвэр хийж татвараас зугтаж, Монгол улсын нүүр царай болж эдийн засагт багагүй хөрөнгө оруулалт хийдэг аялал жуулчлын салбарын үйл ажиллагааг үнэгүйдүүлж байна. Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан, туршлагатай компани хэзээ ч ийм алхам хийхгүй. Тиймээс үүнийг цэгцлэх цаг болсон. Хилээр гарч орж буй автомашинуудад  хяналт тавьж  аяллын байгууллагуудаа шаардлагын дагуу давуу эрхийг олгоход л цэгцэрнэ.

Жуулчныг шөнийн цагаар авч явж ядраадаг ноцтой зөрчил гарах болсон.

Монголын аялал жуулчлалын байгууллагын  зарим  мэргэжлийн бус удирдлагууд, менежерүүдийн дунд аялал жуулчлал гэж юу вэ гэдэг дээр өнөөг болтол нэгдсэн ойлголт төлөвшөөгүй. Аялал жуулчлал олон салбарыг хамардаг. Аялал жуулчлал нь түүх, соёлын, танин мэдэхүйн, адал явдалт, бизнесийн, сургалтын, сувиллын, шашны, спортын, эмнэлгийн үйлчилгээний гээд  маш олон төрөлтэй. Жишээ нь гадаадын их, дээд сургуульд зуучилдаг агентлагууд ч нэг ёсондоо аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг ч өөрсдөө түүнийгээ тэр бүр мэддэггүй. Гадагшаа эмчилгээнд явахад нь тусалж байгаа маань ч аялал жуулчлалын нэг  төрөл хэлбэр. Тэд авч яваа жуулчиддаа ядаж гадаадад зорчигчидын иж бүрэн даатгал хийлгүүлэх хэрэгтэй. Жуулчид гэхээр зөвхөн шар буржгар толгойтой хүмүүсийг хэлэхгүй. Эрээн  хотруу явж наймаа хийдэг хүмүүс ч гэсэн арилжааны аялал жуулчлалаар хил гарч аялал хийж байна гэсэн үг. Өөрийн оршин буй газраасаа 24 цагаас дээш тодорхой  зорилгоор  аялан яваа бол жуулчин шүү дээ. Тэгэхээр миний хувьд гадагшаа чиглэсэн аялагч жуулчдын тоо буурсан биш, өссөн гэж үздэг.

Түүнээс гадна аялал жуулчлалын салбарт нэг ийм үзэгдэл байдаг.  Шинээр байгуулагдаж байгаа компаниудыг голдуу өмнө нь томоохон компанид ажиллаж байсан менежерүүд байгуулдаг. Ингэхдээ тэд аялал жуулчлал амархан гэж боддог ч бодит байдалд ажиллаад ирэхээр алдагдалд орж эхэлдэг. Ийм шалтгаанаар хаалгаа барьсан компани олон. Энэ нь уг салбарын тогтворгүй байдлын нэг шалтгаан болдог.

2014 онд Монголд 505 686 жуулчин ирсэн нь 2013 оноос 9519 хүнээр буюу 1,8 хувиар буурсан үзүүлэлт байлаа

- Тэгвэл төрийн зүгээс аялал жуулчлалын салбарыг эмх цэгцтэй болгохын тулд ямар алхмууд хийх ёстой вэ?

Юун түрүүнд аялал жуулчлалын нэгдсэн бодлогыг гаргаад, тодорхой шалгуур тавиад өгчих хэрэгтэй байна. Уг нь энэ чинь тийм хэцүү ажил биш шүү дээ. Өнөөдөр дээр дооргүй  жуулчны баазын нойлын асуудал ярьж байна. Гэвч заавал төрийн оролцоотой нойлыг барих шаардлагагүй.  Компаниуд өөрсдөө үйлчилгээний бодлогын хүрээнд шийдэх ёстой зүйл байхгүй юу. Төр нойл барьж биш,  оновтой алсын хараатай бодлогыг нь гаргаж дэмжих ёстой.  Төр тэгтлээ жижгэрч болохгүй шүү дээ.

Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл олгохдоо тодорхой шалгуур үзүүлэлтийг гаргаж тавиад түүнд нь тэнцсэн компаниудад үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгч байвал зүгээр.  Өнөөдөр голдуу мэргэжлийн үү, мэргэжлийн бус уу гэдгийг нь харгалзахгүй хэдэн цаас бөглүүлээд тусгай зөвшөөрөл өгчихдөг. Баахан зөвшөөрөл өгчихөөд дараа нь шалгадаг тогтолцоо бараг л байдаггүй. Аялал жуулчлалын хяналтыг хэрэгжүүлдэг хянадаг мэргэжлийн хяналт байх нь зүйтэй. 

- Цаашид аялал жуулчлалыг ямар чиглэлээр төрөлжүүлвэл үр дүнтэй вэ?

Бид аялал жуулчлалынхаа төрлийг нэмэх хэрэгтэй. Одоогоор голдуу байгалийн, түүх, соёлын аялал жуулчлалын үйлчилгээ хүргэдэг. Дэлхийд өөр хаана ч байхгүй нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх асар их боломж байна. Аялагч жуулчныг машинтай олон км давхиулж ядраах хэрэг байхгүй.  Наад зах нь цэвэр агаарт байгалийн гаралтай цагаан идээ бэлтгэх технологид гадны болон дотоодын суурин газрын жуулчдыг сургахад тэр жуулчин өндөр сэтгэгдэлтэй үлдэнэ. Үүний тулд ийм эко аялал зохион байгуулах мэргэжлийн   аяллын байгуулагыг  төрөөс  дэмжиж, банкууд нь хөнгөлөлттэй зээл олгоод, газрын асуудлыг нь шийдээд өгчих хэрэгтэй. Аль нэгэн сум эсвэл багийг сонгоод аятайхан отог бааз байгуулчихад болчих зүйл. Орон нутгийн удирдлага энэ тал дээр санаачлагатай ажиллах ёстой.

Аялал жуулчлалыг жилийн дөрвөн улирлын алинд нь ч  явуулж болно.

Харин аялал жуулчлалын компаний менежер тухайн малчин айлтай гэрээ хийгээд хэрхэн яаж ажиллах тал дээр зааж зааварчилж  ажиллаж болно. Монгол, казах  малчин айлын алинд нь ч очсон жуулчид уулга алддаг. Монгол гэрийн эзэгтэй, казах эмэгтэйчүүдийн өөрсдийн гараар хийж бүтээсэн гар урлал  хувцас хунар бүгд тэдний сонирхолыг татдаг. Мөн монгол, казах хэлээр ярьж буй жаахан хүүхдүүдийг хараад тэд өхөөрдөж бахархдаг. Энэ мэтийн энгийн зүйлсээс бид эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Ер нь аль ч чиглэлээр төрөлжсөн бидэнд боломж бий. Харин төрөөс зөв зүйтэй дэмжмээр байна.  

"Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индек"-сээр Монгол Улс 2011 оны тайланд дэлхийн 139 орнуудаас 131 дүгээрт оржээ.

- Аялал жуулчлалын бизнес улирлын чанартай учраас компаниудад өвөл нь хийх ажил байдаггүй гэж ярьдаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

Би үүнтэй санал нийлдэггүй. Аялал жуулчлалыг жилийн дөрвөн улирлын алинд нь ч  явуулж болно. Харин жуулчин бага ирдэг улирал байж болох юм.   Дээр хэлсэнчлэн аялал жуулчлалын төрлийг нэмэгдүүлж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.  Цас үзээгүй халуун орны хүмүүст зориулаад өвлийн аяллыг зохион байгуулах боломжтой. Ингэхдээ дулаан сайхан байр, дулаан хувцсаар хангах ёстой. Түүнийгээ аяллын үнэдээ шингээвэл болно.  

Оросууд Байгаль нуур дээр өвлийн аялал хийдэг. Японы Хоккайдагийн цасыг үзэх гэж олон жуулчид очдог.  Тэгвэл бид  яагаад Хөвсгөл, Увс нууран дээр мөсөн аялал зохиож болохгүй гэж? Ядахдаа цанын бааз дээрээ аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй.

Ч.Уранбилэг: Цас бол зуд биш харин таны бизнесийн үндэс ч байж болно.

Гэхдээ өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэхээр өнөө л хөрөнгө мөнгө, боловсон хүчинтэй холбоотой том асуудал гарч ирдэг.  Төр одоо л үүнийг дэмжсэн бодлого гаргавал  болно. Аялал жуулчлалын байгууллагууд ажилтан авч ажиллуулахдаа туршлагатай хүн авна гэдэг. Тэгэх нь ч аргагүй. Туршлагагүй хүн авахаар салбарынхаа талаар сайн ойлголтгүй, тэс хөндлөн юм яриад эхэлдэг. Шинэ боловсон хүчин маань үргэлж  бэлэн зүйлийг биднээс хүсдэг. Тэгвэл залуучуудаа тэр хүсээд байгаа сайхан амьдрал мөнгө чинь та өөрөө юм шүү дээ. Та л сайн сурч, сайн ажиллавал  болно.   

Шинэ хүн сургаад ажиллууллаа гэж бодоход нөгөөх нь 2, 3 жил болсны дараа их мөнгө амласан газар луу явчихдаг. Тухайлбал сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбараас маш олон хүн уул уурхайн салбарт ажиллах болсон. Гэтэл Оюу-Толгойн хөрөнгө оруулалт зогсож ажилчдаа олноор нь халахад буцаад л ирж байна. Лам олдохгүй бол буцахдаа чамайг зална гэдэг шиг ийм байж болохгүй.

- Монголд казино байгуулах нь хэр оновчтой шийдвэр вэ?

Зөв бодлоготой, зөв хяналттай ажиллуулж чадах юм бол  улс орны  эдийн засагт ашигтай. Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд казиногийхон  оролцоод явж байхыг би олонтоо харсан.