Аргагүй хамгаалалт хэрэглэн ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг суллах саналыг хүргүүлээд байна
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын эмэгтэйчүүдийн сангийн санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтарч, УИХ-аар хэлэлцүүлж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд санал өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд тус хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын хорооны дарга А.Оюун дүүргийнхээ 23 хорооны нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан байна. Энэ талаар тодрууллаа.
-Баянгол дүүрэгт зохион байгуулагдсан хуулийн төслийн хэлэлцүүлэг хэр үр дүнтэй болов?
-Маш үр дүнтэй хэлэлцүүлэг болсон. ХэлэлцүүлэгтХүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн хуульч өмгөөлөгч Н.Арвинтариа, хуулийн зөвлөх С.Байгалмаа нар ирж хуулийн талаар танилцуулсан. Манай дүүргийн 23 хорооны нийгмийн ажилтан, Цагдаагийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, ИТХ-ын Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын хорооноос миний бие оролцож хуулийн төсөлтэй танилцан санал бодлоо хуваалцаж харилцан ярилцсан.
-Та бүхэн хуулийн төсөлд ямар санал оруулахаар болсон бэ?
-Манай улсад таван гэр бүл тутмын дөрөв нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салж, сүүлийн гурван жилд 61 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан байна. Мөн 42 эмэгтэй хүчирхийлэл үйлдэгчээс болж аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэж, шоронд ял эдэлж байна. Тиймээс бид хуулийн төсөлд аргагүй хамгаалалт хэрэглэн шоронд ял эдэлж байгаа 42 эмэгтэйг суллуулах саналыг гаргасан. Гэр бүлийн хүчилхийлэл маш хор уршигтай. Зодуур, доромжлол, айдас, дарамтаас болоод үр хүүхдээ, өөрийгөө хамгаалан аргагүй хамгаалалт хэрэглэсэн эмэгтэйчүүдийн ялыг хүчингүй болгосноор маш олон хүүхдийг ээжтэйгээ хамт элэг бүтэн амьдруулж чадна шүү дээ.
Хүүхдүүд ямар ч нөхцөлд давхар хохирогч болох ёсгүй. Хүчирхийлэгч эцгээс болоод эх нь шоронд орчихоор үлдсэн хүүхдүүд нь хаана очих вэ, тэднийг хэн харж хандах вэ, цаашид ямар хүн болж хүмүүжих вэ гээд маш олон асуудал бүрхэг үлддэг. Тиймээс л бид энэ асуудлыг гаргаж тавьсан юм.
-Манай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдсан ч уг хуулийг дагалдан гарах хууль, журам гараагүйгээс биелэх боломжгүй, тунхгийн чанартай болсон гэж шүүмжлэлтэй хандах хүн цөөнгүй байдаг. Тэгвэл одоо батлуулах гэж байгаа хуулийн төслийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд гэр бүлийн асуудлаас үүдэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдэж, аймшигтай аллага, сэрэмжлүүштэй, харамсалтай явдлууд бараг өдөр бүр гарах болсон. Төрийн бодлого, хууль дутмаг байгаа талаар олон хүн ярьдаг. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг энэ тал дээр анхаарлаа хандуулж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулж байгаа. Энэ хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь 6 бүлэг, 43 зүйлтэй. Үүнийг дагаад бусад хуулиудад өөрчлөлт орно. Ингэснээр хохирогчийг хамгаалах цогц тогтолцоог бүрдүүлж чадна гэж үзэж байна.
-Шинэчилсэн хуулийн төсөлд хүүхдийн эрх ашгийг хамгаалах зүйл, заалт хэр их оров?
-Зургаан бүлэг, 43 зүйл заалттай энэ хуулийн төсөлд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүст зориулсан тусгай бүлэг оруулсан байсан. Мөн энэ хууль үйлчлэх хүрээг өргөтгөж, гэр бүлээс гадна хамтран амьдрах, тодорхой шалтгааны улмаас (хүүхэд асрах, айлд мал маллах зэрэг) айлд сууж байхдаа хүчирхийлэлд өртсөн, гэр бүл салсан ч дундаа хүүхэдтэй хүмүүс зэрэг хэсэг бүлгийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалахаар төсөлд тусгасан байна. Хүчирхийлэл давтагдахаас сэргийлэх арга замыг хоёр, гуравдугаар бүлэгт зааж өгчээ. Хүчирхийлэлд өртсөн хүн хамгийн түрүүнд эмнэлэгт ханддаг иймээс эрүүл мэндийн байгууллагуудын үүрэг оролцоог хуульчилсан байна. Үүнээс гадна хохирсон хүнд хууль зүйн анхан шатны болон өмгөөллийн, сэтгэл зүйн, нийгмийн халамжийн зэрэг найман төрлийн үйлчилгээ үзүүлэхээр төсөлд тусгасан байна.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа гол шалтгааныг та тодорхойлвол?
-Гэр бүлийн нандин сайхан харилцаа, бие биенээ хайрлах сэтгэл, хамтаар амьдрахын мөн чанар, монгол ёс, дэг жаяг гээгдсэнтэй холбоотойгоор аймшигтай хэргүүд, гэр бүлийн зөрчил гарч байна. Мөн ядуурал, архидалт газар авч байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гол хүчин зүйл болдог гэж боддог.
-Цаашид дүүрэгтээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал бол нэг байгууллагын хийх ёстой ажил биш. Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, цагдаа хуулийн байгууллага, төрийн бус байгууллагууд, урлаг соёлынхонтой хамтарч сургалт сурталчилгааны ажлыг дүүрэгтээ түлхүү зохион байгуулахаар төлөвлөөд байна.Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд зөв мэдээлэл өгөх үүднээс боловсон хүчний чадавхийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн гэр бүлүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.