Иргэд цагдаагийн байгууллагаас шаардах эрхгүй болно гэв
Цагдаагийн алба
2015.05.19

Иргэд цагдаагийн байгууллагаас шаардах эрхгүй болно гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив.

Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ өнгөрөгч 2013 онд баталсан бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч хууль хэрэгжээд жил хагасын хугацаа өнгөрч байхад шинээр томилогдсон Хууль зүйн сайд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн мэдүүлсэн шалтгааныг Хууль зүйн сайд “Цагдаагийн алба алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотой асуудлыг зохицуулах хэрэгтэй болсон” хэмээн тайлбарлав.

2013оны долдугаар сард УИХ Цагдаагийн албаны тухай хуулийг батлахдаа “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Гэвч шинээр томилогдсон Хууль зүйн сайд өмнөх Засгийн газраас өргөн барьсан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг татаж аваад дахин өргөн бариагүй байгаа. УИХ-ын зарим гишүүд санаачлан уг хуулийн төслийг шинээр өргөн барьсан ч Засгийн газраас санал авахаар хүлээгдэж байгаа юм байна.

Энэ мэтчилэн асуудлаас болж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд хоёрын дунд ээлжит маргаан өрнөв. Х.Тэмүүжин гишүүн Засгийн газраас энэ удаа оруулж ирсэн хуулийн төслийг “Цагдаагийн байгууллагын иргэнд үйлчлэх шинэчлэлийн зорилтоос ухарч, цагдаагийн шинэчлэлээр орон нутагт шилжсэн эрх мэдлийг буцаан төвлөрүүлсэн” хэмээн шүүмжиллээ.

Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг хуулийн зорилгыг “хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэнд үзүүлэх чиг үүрэг бүхий цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заасан байдаг бол шинээр оруулж ирсэн төсөлд “Хууль сахиулах, олон  нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэнд үзүүлэх чиг үүрэг бүхий” гэдэг хэсгийг хассан аж. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг чиг үүрэг нь хуулиар заагдаагүй тул нэгэнт хуулиар  хүлээгээгүй чиг үүргийг иргэд цагдаагийн байгууллагаас шаардах эрхгүй болно гэсэн үг.

Хоёрдугаарт, одоо мөрдөж байгаа хуульд “Хотын цагдаагийн байгууллагын даргыг Цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын дарга томилж чөлөөлөхөөр” заасан. Цаашлаад хотын цагдаагийн даргыг сонгохдоо тэднээс аюулгүй байдлын үйлчилгээ авч байгаа хотын иргэдийн саналыг сонсдог, сонгууль явуулдаг болох тухай ч асуудал яригдаж байв. Гэтэл шинээр оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төсөлд хотын цагдагийн байгууллагын даргыг ”Хотын захирагчтай зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга томилж чөлөөлөхөөр” өөрчилсөн аж. Ингэснээр “иргэдэд ойртуулна” гэсэн цагдаагийн үйлчилгээ эргээд иргэдээсээ холдож, цагдаагийнхан ч иргэдэд биш даргадаа тайлангаа тавьдаг хуучин тогтолцоо руугаа буцаж байгаа бололтой.

Түүнчлэн цагдаагийн албаны шинэчлэлийн хамгийн чухал үзэл санаа болох дотоод хяналтын тогтолцоог Цагдаагийн шинэ хуулийн төслөөр бүрэн алга болгож, иргэний оролцоо бүхий олон нийтийн цагдааг буцаагаад соц үеийн олон нийтийн байцаагч болгон өөрчилсөн байна. Харамсалтай нь Байнгын хорооны гишүүд энэ талаар хууль санаачлагчдаас нэг их шаардаж шалгаасангүй. Санал хураалт явуулахад гишүүдийн олонхи Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.