ХЭҮК дур зоргоор баривчлах асуудлаар Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, ЦЕГ-ын удирдлагуудтай санал солилцов
НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 03-наас 14-ний өдрүүдэд манай улсад ажиллааад хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа анхаарал татаж байгаа талаар урьдчилсан дүгнэлт танилцуулсан билээ.
Уг дүгнэлттэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болдтой уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хүний халдашгүй байх эрхэнд халддаг, хуулиас гадуур дур зоргоор баривчлах асуудал Монгол Улсад байх ёсгүй гэдгийг Комиссын зүгээс онцлоод НҮБ-ын дур зоргоор баривчлах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлттэй холбоотой санал нийлэхгүй байгаа асуудлаар тайлбараа Ажлын хэсэгт хүргүүлэх боломжтойг дурдан, дараах асуудлаар санал солилцов.
Үүнд,
- 2020-2021 онд баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт,
- Хорих ангид аюулгүйн тойргийн зориулалтаар татсан улаан шугам нь шийтгэлийн хэрэгсэл болдог эсэх,
- Ялтнуудын хоолны илчлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт нийгэмшүүлэх ажил, хөдөлмөр эрхлэлт, ахуй нөхцөл,
- Хорих ангиудын хяналтын камерын бичлэг хадгалах хугацааг уртасгах талаар прокурорын байгууллагаас арга хэмжээ авч болох эсэх,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, алба хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээ,
- Цагдан хорих, баривчлах, албадан болон түр саатуулах ажиллагааны хугацааг хэрхэн тоолох асуудал, эдгээртэй холбоотой гарч байгаа хүний эрхийн зөрчил,
- Хөгжлийн төсөлтэй холбоотой тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл шаардсан, нөхөн олговорын талаар шүүмжилсэн иргэдийг үндэслэлгүй баривчилж, саатуулсан асуудал,
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Мендезийн зарчмыг хэрэгжүүлэх,
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд прокурорын байгууллагын төлөөлөл оролцоо сайтай ажиллах зэрэг олон талт асуудлыг тодруулж, хууль сахиулах байгууллагын удирдлагуудын тайлбарыг сонслоо.
Уулзалтын үр дүнд хорих ангиуд дахь хяналтын камерын бичлэгийн хадгалах хугацааг уртасгаж, технологийн дэвшил ашиглах тал дээр анхаарах, бага насны хүүхэдтэй эхчүүдийг цагдан хорих асуудалд анхаарах, гэмт хэрэгт сэрдэгдсэн иргэний өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахгүй байх, прокурорын болон цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлд ирэх 2023 онд хамтран ажиллах, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид хүний эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх, УЕП-ын дэргэдэх Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зөвлөл ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмтай холбогдох асуудлаар санал солилцох болон бусад чиглэлд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн тайланг эцэслэн баталаажуулсан үр дүнг ирэх 2023 оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд өргөн барьж танилцуулах юм.