Д.Дорлигжав та мундаг, гайхамшигтай хүн юм аа
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.05.19

Д.Дорлигжав та мундаг, гайхамшигтай хүн юм аа

УИХ 2013 оны долдугаар сард Цагдаагийн албаны тухай хуулийг баталж ирэх онынх нь 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Харин жилийн дараа Засгийн газраас уг хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-д өргөн барьсныг Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуулийн шинэчлэх гол шалтгааныг Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон тул алба хаагчийн эрх зүйн байдал, баталгаатай холбоотой асуудлыг зохицуулах хэрэгтэй болсон аж.

Мөн цагдаагийн алба хаагчаас авч хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг журмаар зохицуулж байгааг өөрчилж хуулиар зохицуулах шаадлагатай бий.

Түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийг эрүүл мэндийн байгууллага биш цагдаа руу эргүүлэн татах шаардлага гарсан. Бас цагдаагийн байгууллагын бүтцийг нарийн тогтоож хуульчилсан байсан нь оновчтой уян хатан биш заавал ч үгүй хууль өөрчлөх нь хүндрэлтэй зэргээр хуулийг шинэчлэн найруулах боллоо” хэмээн тайлбарласан.

Хэдий өөрчлөх шалтгаан байгаа ч өөр нэг зүйл нь Хууль зүйн хуучин, шинэ сайдуудын үзэл бодлын дайн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Тахарын албыг Шүүхийн шийдвэр рүү нэгтэх талаарх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайдад хандаж “Таван харамсал, нэг эмгэнэл”-ээ хэлж багагүй шуугиан дэгдсэн. Энэ үзэгдэл ч гэсэн өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг дайраад гарлаа.

Хуралдаанд ялимгүй хоцорч ирсэн Х.Тэмүүжин асуух зүйл байгаа ч цаг өнгөрсөн учир хэлэх үг байна хэмээн үгээ хэлсэн. Тэрээр “Өмнөх хуулийн зорилт нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй монгол улсын цагдааны албаны тогтолцоо, үйл ажиллагаа гээд эхэлдэг.

Гэтэл шинээр барьсан төсөлд “хууль сахиулж олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй” гэдэг өгүүлбэрийг хасч байгаан билээ. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагыг үйлчилгээний гэсэн шинэ имижтэй, чиг үүргийг нь арай илүү тодотгосон байсан агуулгыг энэ хуулиас салгаж байгаа нь шууд харагдахаар байна.

Хоёрт гэвэл хуулийн 6.5-т байсан хотын байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвлөлдөж хотын захирагч томилоно гэсний буцаагаад ЦЕГ-ын дарга томилдог болгож өөрчилж байгаа юм байна. Ингээд зүйл заалт бүрээр нь харьцуулаад үзэхээр нэлээд олон агуулгын болон үзэл баримтлалын өмнө хийсэн алхмуудаас ухарсан шинжтэй зохицуулалтыг оруулж байгаа юм.Ингээд хэлэхээр чуулган дээр хэрүүл болно л доо” хэмээн бухимдуу хэллээ.

Ер нь Шийдлийн засгийн газар байгуулагдаж сайдууд томилогдсоны дараагаар Хууль зүйн яам өмнөх сайдын хийсэн зүйлүүдийг дэс дараатайгаар өөрчилж байгаа нь олны өмнө илт байна. Өнгөрсөн долоо хоногт Тахарын алба бол энэ удаа Цагдаагийн албаны тухай хууль байлаа.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав

Уг хуулийг Х.Тэмүүжин гишүүн сайд байхдаа нилээтгүй зүтгэж байж батлуулсан. Харин дахин өөрчлөх болсон нь хувь хүний зөрчилдөөн хэмээн зарим улстөрчид хэлсэн үгийнхээ агууллагаар хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хууль зүйн яам дөрвөн жил цагдаатай ноцолдсоор байгаад таарлаа. Наад цагдаагынхаа байгууллагын тогтвортой ажлуулалдаа” гэв.  

Үнэхээр л хууль зүйн шинэчлэл нэрийн доор тус байгууллагаар ёстой л тоглож байгаа. Харин Х.Тэмүүжин гишүүн хэлсэн үгийнхээ төгсгөлд “Д.Дорлигжав даргын ярьдаг зүйл, хийдэг байдал нь тэнгэр газар шиг өөр байгаа юм. Өнгөрсөн хавар цагдаагийн хоёр, гурван хурандааг дагуулж ирээд намайг хар тамхины хэргээр УИХ-ын чуулган дээр гүтгэж байхад чинь би дуугүй байсан.

Тэр хүмүүсийнхээ туслалцаатайгаар энэ албан тушаалд суусын муу хаашайн буцаагаад тэр хүмүүсээ цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалд томилж байгаан билээ. Мундаг гайхамшигтай. Үнэхээр хүний хошного ухаж, хэрэгт гүтгэж, худлаа ажилж болдог гэдгийг харуулж, өөрт чинь гавъяа байгуулсан цагдаагийн албан хаагчдаа албан тушаалд томилж байгаа.

Бас тэдэндээ тааруулж цагдаагийн хуулиа бичиж байгаан билээ. Мундаг юм. Хуулийн байгууллагаар сайхан тоглох юм аа. Хэвлэлээр эхлээд балбаж байгаад дараа нь хэрэг үүсгэх гэж оролддог аргыг өөгшүүлж байсан нөхөр өөрөө байхгүй юу. Би таны өрөөнд ороод юу гэж хэлж байснаа ч санаж байна.

Тэгсэн одоо хуулийн салбарыг эргээд самарч байгаа. Тийм учраас үнэхээр харамсаж байгаа юм. Хуулийн байгууллагын цэгцэнд нь оруулах гэсэн маш олон үзэл санааг өөрийнхөө гараар устгаж байгаа энэ хүнийг хараад үнэхээр дургүй хүрч байна.  Танд өшөө ч хэлэх үг бий” хэмээн илт дургүйцлээ илэрхийллээ.

Харин хоёр эрхмийн чуулган дээр хэрхэх нь таавар мэт үлдлээ. Ингээд ажлын санал хураахад Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн ажлын хэсгийн ахлагчаар нь Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржыг томилов. Ямартай ч энэ долоо хоногийн чуулган нэлээд халуун уур амьсгал дунд болох нь тодорхой боллоо.