Шинэ аппаратны тусламжтайгаар эвдэрч гэмтсэн гэрэлтүүлгийг цаг алдалгүй тогтоож засварлаж байна
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн хорооны дарга Э.Ганболор
2015.05.25

Шинэ аппаратны тусламжтайгаар эвдэрч гэмтсэн гэрэлтүүлгийг цаг алдалгүй тогтоож засварлаж байна

Баянгол дүүрэг гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгож иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хороололд суурилагдсан гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэлтэй дүүргийн удирдлагууд өчигдөр танилцсан байна. Энэ талаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн хорооны дарга Э.Ганболороос тодрууллаа.

-Баянгол дүүрэгт хийгдсэн гэрэлтүүлгийн ажилтай дүүргийн удирдлагууд танилцсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид иргэд, оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд 2381 гэрэлтүүлэг суурилуулж, гэр хорооллыг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоод байна. Дүүргийн удирдлагууд 2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр гэр хороололд суурилуулсан гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдал, асалтын байдалтай танилцсан. Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг Нийслэлийн төсөв, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2013-2014 онуудад хийж гүйцэтгэсэн юм.

Нийслэлийн төсөв, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2013-2014 онуудад хийж гүйцэтгэсэн юм

-Гэрэлтүүлгийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч бүрэн бүтэн байдалд нь хяналт тавих тогтолцоо муу байдаг талаар иргэд их шүүмжилдэг шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэв?

-Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах үүднээс бид Шинжлэх ухааны информатикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж гэрэлтүүлгийн удирдлагын шитийг сүүлийн үеийн техник технологи, программ хангамжийн тусламжтайгаар алсаас хянаж удирдах систем бүхий аппаратаар тоноглож, үр ашиггүй зардлыг бууруулж чадсан. Мөн энэхүү аппаратны тусламжтайгаар эвдэрч гэмтсэн гэрэлтүүлгийг цаг алдалгүй тогтоож засварлах арга хэмжээг авч ажиллаж байна.

-Дүүргийн холбогдох албаныхан гэрэлтүүлгийн асалтад хяналт шалгалт хийдэг үү?

-Дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн хорооны зүгээс дүүргийн нийтийн эзэмшлийн нийт 4709  гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, ажлын чанар байдлыг шалгах зорилгоор Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс, гэрэлтүүлгийн засвар ашиглалт хариуцсан “Цахилгаан тээвэр” компанитай хамтран хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулан ажилладаг. Шалгалтын явцад гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх, шонг дахин будах, дугаарлах, унжсан кабель утсыг татах, удирдлагын шит засварлах зэрэг ажлын засвар үйлчилгээг хийлгэх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлтээ гарган  Дэд бүтэц, тохижилтын хэлтэст чиг үүрэг өгч ажиллаж байна.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэст чиг үүрэг өгч ажиллаж байна.

-Энэ онд гэрэлтүүлгийн ажил дүүргийн аль хэсэгт илүү хийгдэх вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015, 2016 онд бид орон сууцны хорооллын дундах гэрэлтүүлгийг алсаас хянаж удирдах систем бүхий аппаратаар тоноглож 100 хувийн гэрэлтүүлэгтэй болгохоор төлөвлөн ажиллаж байна.