Дотоодын бондын хүү өндөр байгаа учраас хямд санхүүжилт татвал төсвийн зардал буурна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.05.26

Дотоодын бондын хүү өндөр байгаа учраас хямд санхүүжилт татвал төсвийн зардал буурна

Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Төсвийн төсөөллийг ямар үзэл баримтлалаар боловсруул- сан бэ. Төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж байгаа юу?

Өмнөх жилүүдтэй харьцуулбал Монголын эдийн засгийн өсөлт саарч байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 9.5 дахин буурсантай холбоотой. Энэ жил гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах утгатай боллоо. Энэ бол гадаадынхан манайхаас хөрөнгөө татаж байгаагийн илэрхийлэл.

Эдийн засгийн өсөлт өндөр байхад маш их тэлсэн бодлого явуулсан. Эхлээд төсвөө тэлэх бодлого явуулж байснаа дараа нь мөнгөний зөөлөн тэлсэн бодлого баримталсан. Энэ бүхэн эдийн засагт хүндрэл үүсэх урьдач нөхцөл болсон гэж үзэх үндэстэй.

Одоо засаж залруулахын тулд мөнгөний хатуу бодлого баримталж, төсвийн хумисан бодлого явуулах хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл бай- далтайгаа уялдсан төсвийн орлого л Монгол Улсад бий болж байгаа шүү дээ.

Гэтэл түүнээс давсан ачааллыг төсөв үүрэх ёсгүй. Төсөвт орлогоос нь давсан ачаа үүрүүлэх тусам улсын өр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Бодит эдийн засгийн хөр- сөнд буусан алдагдалгүй төсөв батлах ёстой гэсэн зарчим барьж байгаа. Энэ чиглэлээр 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулсан.

-Энэ жилийн төсөв хэдэн хувиар тасраад байна вэ?

Манай орлогын төлөвлөгөө 13-15 хувиар тасраад байна. Гаалийн  татвараас олох орлоГо голлон тасарсан. Гаалиар орж ирэх им- портын барааны хэмжээ буурч байна. Үүнээс шалтгаалаад татварын орлого тасалдлаа.

Өөрөөр хэлбэл, хэрэглээ буурснаас шалтгаалж төсөв тасарч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, мөнгөний хатуу бодлого явуулснаас эдийн засаг хумигдаж байгаагийн илэрхийлэл энэ.

Ийм нөлөөллийг арилгах арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Эдийн засаг сэргэвэл тасарсан орлого нөхөгдөх боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр манай төсвийн орлогод экспортын түүхий эдийн үнэ ханш голлон нөлөөлдөг.

Дэлхийн зах зээлд манай алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байна. Олон улсын байгууллагын судалгаанаас харахад ханш нь өсөх хандлага алга. Тэгэхээр төсвийн орлого бүрдэхгүй байх магадлал байсаар байна гэсэн үг.

-Орлого их хэмжээгээр тасарвал төсөвт тодотгол хийнэ биз дээ?

Төсвийн алдагдал өндөр байвал тодотгол хийхээс өөр аргагүй

-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы ЖАЙКА байгууллагаас төсвийн алдагдлыг нөхөх зээл авахаар ярьж байгаа гэсэн. Хэдэн ам.доллар зээлэх вэ?

Өмнөх жилүүдэд нэг их наяд орчим төгрөгийн Засгийн газрын бонд дотооддоо гаргаж, төсвийн алдагдлыг нөхөөд байсан. Энэ нь эдийн засаг дахь мөнгөний урсгалаас маш ихийг татаад авчихсан гэсэн үг. Дахиад нэг их наяд гаруй төгрөгийн бонд дотооддоо гаргаж байж төсвийн алдагдлыг нөхнө. Тэгэхээр гадаадаас зээл авч төсвийн алдагдлаа нөхье, дотоодын зах зээлээс мөнгө татахгүй, эдийн засгийн урсгалд нь үлдээе гэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр дотоодын бонд 16 хувь буюу өндөр хүүтэй болсон. Хүүгийн Төлбөр төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлж байгаа учраас бага хүүтэй санхүүжилт босговол төсвийн зардлаа бууруулна. Дотоод бондоо орлуулах зорилгоор гадаадаас эх үүсвэр татах тухай ярьж байгаа. Тэгэхээр 500- 600 сая ам.долларын эх үүсвэр гадаадаас татах бололцоо бий.