Зориулалтыг нь өөрчилсөн зээлийн дүн 23 тэрбумд хүрчээ
2015.05.26

Зориулалтыг нь өөрчилсөн зээлийн дүн 23 тэрбумд хүрчээ

Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нь үе үеийн Засгийн газрын зорилго байлаа. Байлаа гэсэн нь энэ зорилгын төлөө өмнөх “Шинэчлэлийн”, одоогийн         “Шийдлийн” тодотголтой Засгийн газрын аль аль нь анхаарч ажиллаж байна. Тэрнээс өмнөх засгууд ч бас тодорхой ажлууд хийж л байв.

Харин энэ зорилгодоо хүрэх гэж улсаас гаргаж буй мөнгө заримдаа замхардаг,  зориулалтын бусаар зарцуулагддаг гэдгийг Аж үйлдвэрийн яамнаас өчигдөр анх удаа баримтаар дэлгэлээ. Тодруулбал, тус яам энэ чиглэлд дөрвөн төрлийн эх үүсвэрээс улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд мониторинг хийж, дүнг нь өчигдөр зарласан юм.

Энэ дүнгийн эхний хуудаст “14897” гэсэн тоо байна. Энэ бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын бонд, “Чингис” бонд, Сум хөгжүүлэх сангаас санхүүжүүлсэн нийт төслийн тоо. Эдгээр төслийг санхүүжүүлэхэд улсаас 518.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл сүүлийн гурван жилд олгожээ. Гэхдээ ихэнх мөнгө нь буюу 419.7 тэрбум төгрөг нь 1479 төсөлд зарцуулагдсан байна.

Тиймээс Аж үйлдвэрийн яам энэхүү 1479 төслийн 95.9 хувьд нь мониторинг хийжээ. Ингэхэд багагүй зөрчил илэрсэн гэдгийг Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.Рэнцэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын  газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Энхбаяр    нар мэдээллээ.

Жишээ нь, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Лансэр орд” компани бетон зуурмагийн үйлдвэр байгуулах нэрээр 450 сая төгрөг зээлсэн бөгөөд зориулалтын бусаар зарцуулжээ.

Өөрөөр хэлбэл, ямар ч үйлдвэр боссонгүй, харин “Сонохон” нэртэй хүүхдийн цэцэрлэг болжээ. Үүн шиг иргэн Б.Бүрэнжаргал утаагүй уурын зуухны төсөл бичиж авсан 100 сая төгрөгөө зочид буудал, караоке, цайны газар ажиллуулахад зарцуулсан байна. Энэ мэт 2.8 тэрбум төгрөгийн 22 төслийн зээлийн гэрээг өөрчлөхөөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөс хасч, арилжааны зээлийн хүүнд шилжүүлэхээр болсон гэдгийг Аж үйлдвэрийн яамнаас зарлалаа. Энэ жагсаалт руу дахиад 20 төслийг шилжүүлэхээр бэлтгэж буйгаа тус яамныхан мэдээлсэн. Мөн мониторинг хийхээр очиход тухайн хаяг дээрээ байгаагүй, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй 19 төсөлд дахин мониторинг хийхээр болсон байна.

Гэхдээ мониторингод хамрагдсан бүх төсөл “но”-той, зориулалтын бус байгаагүйг тус яамныхан тодотголоо.Нийт төслийн 83.5 хувь нь улсаас авсан хөнгөлөлттэй зээлээ эргэлтийн хөрөнгөө    нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан байна. Засгийн газрын үнэт цаас, “Чингис” бондоос санхүүжүүлсэн төслүүдийн борлуулалтын орлого дунджаар 20-30 хувиар нэмэгдэж, эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд 5529 ажлын байр хадгалж, 5871 ажлын байр шинээр бий болгожээ.

Жишээ болгож Аж . үйлдвэрийн яамнаас “Монгол алтан тос” ургамлын тосны үйлдвэрийн талаар танилцуулсан юм. Эднийх “Чингис” бондоос 850 сая төгрөгийг 2013 онд авсан бөгөөд үйлдвэрийн байраа шинэчилж, тоног төхөөрөмж нэмж суурилуулсан байна. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь хоногт 100 тонн, жилд 33000 тонн болжээ.

Энэ мэт сайн үр дүнгээс гадна, тааруу үр дүнтэй, зээлийн зориулалтыг нь өөрчилсөн “Сонохон”цэцэрлэг шиг төслүүд 61 байгаа гэдгийг хурал зохион байгуулагчид онцолж байлаа. Шалгалтын явцад “но-той нь илэрсэн 61 төслийн үнийн дүнг багцалж үзэхэд 23.3 тэрбум төгрөг гарчээ. Иймээс цаашид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлд тогтмол мониторинг хийж, илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд зарлаж байхаа мэдэгдлээ.