Б.Гарамгайбаатар: УИХ-ын дарга казино байгуулах талаар ярьсан
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.05.26

Б.Гарамгайбаатар: УИХ-ын дарга казино байгуулах талаар ярьсан

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар олон асуудал хэлэлцэж нэлээн ажил хэрэгч өрнөсөн бололтой. Эрх баригч намын УИХ дахь бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын болон УИХ-ын даргын мэдээллийг сонсож, ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцсэн байна.

Ялангуяа Ерөнхий сайдын Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалыг нарийвчлан авч хэлэлцсэн АН-ын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийв.

АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн ажлын айлчлалынхаа дүнг танилцуулсан нь өнөөдрийн бүлгийн хуралдаануудаас онцгойрсон хэрэг байв. Ерөнхий сайд Дубайд хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн төлөвлөгөөнөөс нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан талаар дурджээ.

Мөн Монголоос нэг сая толгой мал экспортод гаргахаар тохиролцсон гэнэ. Арабын технологиор малын махыг уутлан гарах үйлдвэрийг манай улсад байгуулж өгөхөөр болсон юм байх. Гишүүд махны экспортын асуудлыг нэг түвшин хүргэх талаар хэлэлцжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Шинэ Яармаг төсөл дээр ажиллана
-АН-ын бүлгийн хуралдаанд УИХ дарга ямар асуудлаар мэдээлэл хийсэн бэ?

УИХ-ын дарга өнгөрсөн бямба гарагт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцсан талаараа мэдээлэл хийсэн. Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулаад Дубайн нисэх буудал дээр байдаг шиг чөлөөт бүсийг монголдоо байгуулах боломжтой гэсэн өөрийн байр суурийг хуралдаанд илэрхийлсэн.

Дубайгийн чөлөөт бүс дэх нийт жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг юм байна. Тиймээс хол явж байхаар, нэг цаг 30 минутын хугацаанд манайх руу нисч ирэх боломжтой. Тиймээс казино байгуулах чадвартай цөөн хэдэн компаниас зөвхөн нэгд нь санал тавих нь зүйтэй гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

-Энэ нь Улаанбаатарын ойрол­цоо казино байгуулна гэсэн үг үү. Яг хаана гэдэг нь тодорхой болсон уу?

УИХ-ын дарга казино байгуулах чадвартай цөөн хэдэн компаниас зөвхөн нэгд нь санал тавих нь зүйтэй гэж үзэж байгаагаа л хэлсэн. 

-Өөр ямар чухал асуудал хэлэлцэв?

Энэ долоо хоногт “Шинэ яармаг” төсөлд АН-ын бүлэг ажиллахаар болсон. Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан цагаасаа хойш нэг их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн ажилгүйдэл, хот байгуулалт, хөдөөгийн бодлого гэсэн гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.