Г.Баярсайхан: Хамтраад ажиллаж чадахгүй бол сөрөг хүчнийхээ ажлыг хийсэн нь дээр
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оюутолгойн далд уурхай ажиллахаар боллоо. Оюутолгойн төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Оюутолгойн гэрээ бол түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт болж байгаа. Гэхдээ 2009 онд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж байхад тухайн үед гэрээ хийж байсан хүмүүс мэргэжлийн бус, Монголоо гэсэн сэтгэл дутсан, цаад талын нөлөөнд хэт авсан ийм л гэрээ болсон. Би өмнөх Их хурал дээр Оюутолгойн гэрээний бодит байдлыг ярьж байсан. Оюутолгойн гэрээг одоогийн өндөрлөгөөс эргээд харахад, бид өөрсдөө баялагтай байж баялгаа үнэлүүлж чадаагүй. Тэр үнэлүүлэх улсууд нь тухайн үед гэрээ хийж гарын үсэг зурсан гурван сайд байсан. Би тэрэнд л харамсаж явдаг. Тулгын гурван чулууны анхны суурийг Монголын талд ашиггүйгээр хийсэн гэрээ болсон. Дан Оюутолгойн гэрээг сөрөг талаас нь яриад баймааргүй байна. Эерэг талаас нь би ярина.
-Монголын эдийн засгийн өсөлт 2012 онд 17 хувьд хүрч байсан гэдэг?
-Энэ хий хоосон тоо байсан болж таарч байна. Үнэхээр бид 34 байтугай 51 хувиа Эрдэнэтийн жишгээр явах бололцоо байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь 34 хувь дээрээ зээл авч, зээлийн өндөр хүү төлж байгаа. Ерөнхийдөө ийм л дүр зураг байна.
Хэсэг хугацаанд том гэрээ зогссон байсан. Яагаад гэвэл Монголын тал хоёр миллиард долларын илүү зарцуулалтын учрыг олооч гэдэг зүйл яригдаж байсан. долларыг Монголын ард түмэн төлөхөөр болж байгаа. Монголын ард түмэн зээлийнх нь хүүг төлнө, хоёр миллард долларын илүү ачаалал 34 хувь дээр Монголын ард түмэн дээр ирж байсан. Яагаад ийм зүйл болсон бэ гэхээр эцсийн мөчид явсаар байгаад гадаадын ашиг хонжоо харж байгаа, бизнес хийж яваа хүмүүс рүү тохоод байх нь утгагүй. Тэр бол мэдээж Монголын газар доорхи баялагийг ашиглаад, дээр нь гаргаад боловсруулаад ашиг л харж байгаа улс. Тэгэхээр ашгаа харж яваа улстай бид ижилхэн хэмжээний ашиг ярих ёстой байсан.
-Монголын ард түмэнд хэр өгөөж өгөх вэ?
-Оюутолгойн энэ төсөл хэр эдийн засгийн ач холбогдолтой байх, Монголын ард түмэнд хэр үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь монголчуудаас л хамааралтай. Хоёр миллард долларын хэтрүүлэлтийн хувьд Монголын талаас компанийн ТУЗ-д сууж байгаа улсуудын эх орноо гэсэн сэтгэл дутсан. Жил болгон оруулж ирээд төсөв мөнгөө батлуулж байгаа. Хоёр миллъярд долларын хэтрэлттэй явж байхад Монголын талыг төлөөлөөд сууж байсан гишүүд дуугүй л гар өргөөд сууж байсан байна.
ТУЗ-д байсан монголчууд нь л хоёр миллард долларыг нь хүлээн зөвшөөрөөд батлаад яваад байсан байна лээ шүү дээ. Тэгэхээр ТУЗ-д Монголоо гэсэн цохилох зүрхтэй, үг хэлээ хэлж чаддаг ийм хүмүүсийг ТУЗ-д нь томилж суулгамаар байгаа юм. Түүнээс биш улс төрийн нөлөө орчихсон, намын даалгавартай, цаад улсуудынхаа нөлөөнд орчихсон ийм хүмүүс байж болохгүй хэрэв тухайн үед яагаад хоёр миллард долларын асуудал орж ирж байна, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд ТУЗ дээр тавьж байсан бол өнөөдөр бид хоёр миллард долларын хэтрэлтийн маргаан хийгээд сууж байхгүй байсан.
-Дубайд очиж гарын үсэг зурсан асуудалд зарим гишүүдийн хардлага төрөөд байх шиг?
-Заавал яах гэж Дубайд очиж зурсан юм бэ. Монголын энэ улстөржилтөөс зугтаасан байж болох талтай. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд үнэхээр өөр газар зурвал зурж болох байсан. Монголын төр засгийн тэргүүнүүд гадаадад явж байхдаа гэрээнд гарын үсэг зурж л байдаг. Хамгийн гол нь Дубайд очоод ямарваа нэгэн гэрээ, бичиг баримтад гарын үсэг зурж болно. Гэхдээ чив чимээгүй байж байгаад гэнэт очоод зурсан нь гишүүдийн хардаад байгаа “хулгайн” хэлбэрээр зурсан байна гэдэг хардлага яваад байгаа. Засгийн газрын тэргүүн нь зугтааж очоод зурсан дүр зураг харагдаад байна л даа. Ингэхгүйн тулд аль болохор бага улс төржиж, асуудалд бодитой хандмаар байна.
-Эдийн засгийн энэ хямралтай үед уул уурхайн том төслүүд нь хөдөлж байвал Монголд ашигтай биш үү. Та эндээс ямар ач холбогдол харж байна вэ?
-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед том уурхай хөдөлж байгаа нь сайшаалтай байна. Хамгийн гол нь ажлын байрууд бий болж байна. Залуучууд эргээд ажилтай болж байна. Цаашид монголчууд авах татваруудаа аваад явах нь зүйтэй. Харин татвараа Монголын талд өсгөх боломжууд юу байна судлаад явах ёстой. Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн олон хууль эрхүйн орчин байгаа. Энэ хүрээнд би хоёр миллъард долларын зарцуулалт тогтоосон байгаа. Монголын төр засаг, ард түмний хууль “РиоТинто”-гийн өмнө хүчин мөхөсдлөө. Ямар ч тохиолдолд хоёр миллард долларын илүү зарцуулалт байгаа гэдгийг УИХ-ын чуулган дээр хэлсэн. Та нар энийг хууль зөрчлөө шүү гэж хэлсэн. УИХ-д оруулж ирэхгүйгээр Засгийн газар энэ асуудлыг шийдээд явж байна. Засгийн газар сул ажиллалаа.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зарим гишүүд тавсан. Та үүнтэй санал нэгдэж байгаа юу?
-Засаг тогтворгүй байхаар төр засгийн ажил цалгарддаг. Монголын ард түмэнд хүндээр нөлөөлнө. Оюутолгойн гэрээ зурагдлаа эдийн засаг сайжирна гэж хэлээд байгаа. Үр дүнг нь үзэх хэрэгтэй. Би бол Ардчилсан намын гишүүн. Манай намын Ерөнхий сайд. Гэхдээ үнэхээр Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн хүрээнд ажиллаж чадаагүй, хууль зөрчсөн бол хариуцлагын асуудлаа ярьж болно шүү дээ. Энэ бол зүй ёсны асуудал.
-Хамтарсан Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Засгийн газрын кабинетын зарчим гэж байдаг. Кабинетаараа дэмжээд явах ёстой байдаг. Гэтэл зарим асуудал дээр тийм харагдахгүй байна. Ялангуяа МАН-аас Засагт орсон сайд нар олон асуудал дээр Засгийнхаа эсрэг явж байна. Их хурал дээр яригдаж байгаа олон асуудлыг улстөржүүлээд, унагаж байна. Нэгэнт хамтраад явж байгаа бол улстөржмөөргүй байна. Сонгуулийн уур амьсгалаар энэ Шийдлийн Засгийн газрыг амьсгалуулмааргүй байна. Хамтраад баг болж явж чадахгүй байгаа бол үнэхээр сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд явсан дээр гэж хувьдаа харж байгаа.
-Сонгуулийн тогтолцоог Ард түмний санал асуулгаар шийдэх нь зөв үү?
-48:28 гэдгийг МАН олонхи байхдаа өөрсдөө баталсан шүү дээ. Тэгээд дөрөвхөн жилийн дараа өөрсдийнхөө маш зөв гэж ярьж байсан зүйлийнхээ эсрэг яриад байх юм. Ямар жанжин шугамгүй, бодлогогүй ярьдаг нам бэ. Юун найман тэрбум төгрөгийн санал асуулга вэ. Найман тэрбумаар чинь хэдэн сургууль цэцэрлэг барьчихмаар байна. хүмүүсийн цалин, тэтгэврийг нэмчихмээр байна. Ард түмнээсээ юу асуух вэ гэдгээ бид сайн бодолцож байх ёстой. Санал асуулгаа Монголын ард түмэн хийдгээ хийчихсэн.