Төлөвлөгөө юу гэрээ юү
Оюутолгойн орд
2015.05.27

Төлөвлөгөө юу гэрээ юү

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр "Эрдэнэс Монгол ” компанийн захирал Б.Бямбасайхан, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд нарын гарын үсэг зурсан албан бичиг нь “төлөвлөгөө юу, гэрээ юу" гэдгээр УИХ- ын гишүүдийн байр суурийг сонслоо.

Б.ГАРАМГАЙБААТАР: Төлөвлөгөө шүү дээ. Ерөнхий сайд үүнийг гэрээ биш гэдгийг албан ёсоор илэрхийлсэн учраас төлөвлөгөө гэж үзэж байгаа.

Х.БАТТУЛГА: Манайхны Дубайд очиж үзэглээд ирсэн энэ бичиг баримт гэрээ юү, төлөвлөгөө юү гэдэг талаар нарийн ойлголт алга. Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлээд явсан гэж ойлгосон. Тэгэхээр би юу хэлэх вэ.

Оюутолгойн орд газрын тухайд бол монголчууд өөрсдөө мөнгөө гаргаж хайгуул хийгээгүй, гадаадын хөрөнгө оруулагчид хайгуул хийж илрүүлснээрээ Тавантолгойгоос ялгаатай. Тийм учраас баялгийг нь ашиглахдаа олон улсын хөрөнгө оруулалтын стандартаар, нарийн төлөвлөлттэйгөөр ажиллах ёстой. Энэ том төслийг дэмжээд явуулах л хэрэгтэй.

Одоо яагаад ийм яриа гараад байна вэ гэхээр эхнээсээ гэрээг улстөрчид хийсний гай. Яг үнэндээ манайд ийм том төслийн гэрээгээр мэргэшсэн боловсон хүчин байхгүй учраас тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нар гэрээ хийсэн.

Тэр гэрээ нь сайн болоогүй. Гэхдээ бид одоо уг төслийг ингээд явуулахаас өөр замгүй байдалд байна. Улстөрч хүнээр гэрээ хийлгэж болдоггүйн тод жишээ нь Оюутолгой дээр харагдаж байхад Тавантолгой дээр дахиад л улстөрч аваачаад тавьчихлаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: Энэ бол төлөвлөгөө биш. Ажлын төлөвлөгөөг ажил гүйцэтгэж байгаа компани нь гаргаад ажилладаг болохоос биш хэзээ хоёр талаас гарын үсэг зураад баталж байсан юм. Гэрээнд гарын үсэг зурна л гэж ярьдаг шүү дээ. Харин сая л Ерөнхий сайдаас төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа гэж сонслоо.

Я.СОДБААТАР: Төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж ойлгосон. Одоо үүнийхээ дагуу хоёр тал ажлаа хийж дараа нь баталгаажуулан эрх зүйн чадамжтай баримт бичиг болгох байх.

Н.БАТЦЭРЭГ: Ерөнхий сайд төлөвлөгөө гэж танил- цуулсан. Харин доторх бүтцийг нь харахаар гэрээ хэлбэртэй байна гэдгийг хүмүүс хэлж байгаа. Гэрээ ч бай, төлөвлөгөө ч бай хамгийн чухал нь үүний үйлчлэл цаашдаа юунд хүргэж болох гэдэг л байгаа юм. Засгийн газраас эрх авсан хүмүүс гарын үсэг зурсан учраас хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн баримт бичиг болох юм байна гэж Ерөнхий сайдын тайлбараас ойлгосон.

Ч.УЛААН: Би амьдралдаа тийм төлөвлөгөө үзээгүй юм байна. Төлөвлөгөө нэртэй гэрээ л байна лээ ш дээ. Хэрэв үүнээсээ буцах юм бол асуудал шийдвэрлэх процедур нь гэрээний л нөхцөл юм билээ.