Компаниуд ижил үйлчилгээтэй байсан цагт аялал жуулчлал хөгжихгүй
"Монгол аялал" компаний захирал Ц.Пүрэвдорж
2015.05.30

Компаниуд ижил үйлчилгээтэй байсан цагт аялал жуулчлал хөгжихгүй

"Монгол аялал" компаний захирал Ц.Пүрэвдоржтой ярилцлаа.

- Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо буураад, компаниуд өсөхгүй байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

Аялал жуулчлалын бэрхшээл гэхээр дандаа зам муу байна гэж ярьдаг. Миний хувьд зам бол том асуудал биш гэж үздэг. Манайх шиг нүүдэлчин ард түмэнд өндөр хөгжилтэй орных шиг зам байхгүйг жуулчид ойлгоно. Заримд нь замгүй газраар явах таатай ч байж магадгүй. Жуулчид татаж чаддаггүйн гол шалтгаан нь аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаараа төрөлжиж чадаагүй. Нэг нэгнээсээ үйлчилгээг нь хуулдаг. Өөрөөр хэлбэл жуулчдад санал болгох өөрийн гэсэн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн байхгүй гэсэн үг.

Монгол улс асар их потенциальтай. Монголыг дэлхийн оюун ухааны төв гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарсан.  Зөвхөн Чингис хааны тухай яриад хол явахгүй. Төв Азийн цээжинд байдаг Монгол улс дэлхийн усны хагалбар газар. Монголын цагаан идээ шиг оригиналь бүтээгдэхүүн дэлхийд ховор. Ааруул идээд явахад шүдээ угаах хэрэггүй. Монгол малын маханд ямар ч холестерин байхгүй. Яагаад гэвэл зөвхөн бэлчээрээр өсч үрждэг. Ингээд яривал улс орныхоо тухай олон сайхан зүйлийг сурталчилж болно. Үүнд хөтөч хүний үүрэг асар их. Ер нь мэргэжлийн хөтчийн асуудал манайд хүнд байна.  “Марка Поло” киноны найруулагч нэгэн монгол хөтөч залуугийн Хубилай хааны тухай ярианаас ийм кино хийх санаа авсан.

Монголд ирсэн жуулчдад тансаг буудал, үнэтэй хоол сонин биш. Тэд нүүдэлчин амьдралтай танилцах гэж ирдэг. АСЕАМ-ын чуулга уулзалтад зөвхөн зочид буудлуудад зориулж 198 тэрбум төгрөг зарцуулж байгаад харамсаж байна. Тэр хүмүүсийг хаана хоноглуулж, хооллох гэхээс илүүтэй юуг сонирхуулж улсаа сурталчлах вэ гэдэг нь чухал.

Монголд ирсэн жуулчдад тансаг буудал, үнэтэй хоол сонин биш.

Жуулчдыг татахын тулд компаний захирлууд цуглаж байгаад, яамтайгаа, аялал жуулчлалын холбоотойгоо асуудлаа ярьж, хэлэлцүүлэг хийгээд манайх энэ талыг, танайх энэ талыг хариуцаж ажиллая гэдэг зарчмаар үйл ажиллагаагаараа төрөлжих хэрэгтэй байна. Тухайлбал “Монгол аялал” ийм зүйлийг сурталчил, “Ар монгол” тэр талаар эх орноо таниул гэх мэтээр. Ингэвэл үйлчилгээ нь давхцахгүй, ирсэн жуулчин ч гэсэн сэтгэл хангалуун буцна. Түүнээс биш Улаанбаатарын аль нэг зочид буудал юмуу эсвэл уулын мухарт гэрт хэд хоноод буцах нь жуулчдад сонин биш.

Аймаг болгон өөрийн гэсэн аялал жуулчлалын брэндтэй байх ёстой. Түүнээс гадна тухайн орны аялагчдын  сонирхлыг судалж түүнд нь зохицсон үйлчилгээг бүтээгдэхүүндээ суулгаж өгвөл үр дүнтэй. Монголд 1 сая жуулчин авчрахад хийх эхний ажлууд нь ийм байх ёстой гэж бодож байна.

- Төрийн оролцоо ямар байх ёстой гэж бодож байна вэ?

Төрийн юун түрүүнд хийх ёстой ажил бол нислэгийн компани, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх. Нислэгийн компаниудтай харьцахад маш их хүндрэл гардаг. Асар өндөр үнэ тавьчихдаг. Нислэг нь үнэтэй учраас аялал жуулчлалын компаний үйлчилгээний үнэ өсдөг. Үйлчилгээний үнэ өсөхөөр жуулчдын тоо цөөрдөг.  Нэг жуулчнаас их ашиг олох маягаар өндөр үнэ тогтоосноор хол явахгүй. Нислэгийн компани ч бай, төмөр зам ч бай олон хүнийг хямд үнээр зорчуулж байж ашиг олно. Жуулчид олон ирвэл компаниудын орлого ч нэмэгддэг.  

Ер нь яам, аялал жуулчлалын газар гээд төрийн байгууллагууд компаниудтайгаа уялдаа холбоо муутай, мэдээлэлгүй ажилладаг. Жишээ нь манайх бааз дээрээ 30 аад мянган мод тарьчихсан, хүрхрээ, цөөрөм гаргачихсан. Нэг нь ч очиж үзээгүй. Тэгсэн мөртөө хэдэн жуулчин хүлээж авсан, ямар орлого олсон талаархи мэдээлэл шаарддаг. 

Түүнээс гадна Монгол улс зөвхөн зун гэлтгүй өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.  Үүнийг төрөөс дэмжиж хөрөнгө зарах хэрэгтэй байна. 

- Танай компаний хувьд үйлчилгээндээ ямар зарчим барьж ажилладаг вэ?

Манай компаний өөрөө санаачлага гаргаад аялал жуулчлалын төрөл бүрийн төсөл хэрэгжүүлдэг. Бид 2035 он хүртэл хэрэгжих Монгол улсыг дэлхийд сурталчлах мастер төлөвлөгөөг хүртэл боловсруулсан. Төлөвлөгөөгүйгээр жуулчдад цөөн тооны газар үзүүлээд, хальт мөлт хөдөөний амьдралтай танилцуулсан төдийгөөр жуулчдыг татаж чаддаггүй.

Бид ямагт шинэ юм нэвтрүүлэхийг хичээдэг. Компаниудаас түрүүлж шинэ аялалын маршрут гаргадаг гэхэд болно. Миний бодлоор компани болгон, ялангуяа аялал жуулчлал эхлэн эрхэлж буй залуучууд тус тусдаа шинэ зүйлийг сэдэж байвал энэ зах зээл хөгжинө. Компани болгон өөрийн гэсэн өвөрмөц үйлчилгээтэй болчихвол компани мэргэшиж, оршин тогтнох үндэс нь бэхжинэ. Шинэ компаниуд хуучин том компаниудынхаа хөтөлбөрийг А,Б-гүй хуулаад тавьчихсан байдаг. Ингээд л удахгүй дампуурах асуудал гардаг.