117 насална гэдэг бага тоо
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт насалдаг
2015.06.03

117 насална гэдэг бага тоо

Орчин үед анагаах ухаан өндөр хөгжсөн ч түүнд чадахгүй зүйлс  бас бий. Тэдний нэг нь хүний насжилтийн биологи, сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйлс, тэдгээрийн шалтгаан, тэмцэх арга юм. Насжилтыг  судалдаг геронтологи хэмээх шинжлэх ухаан нь ердөө 100 жилийн настай залуу шинжлэх ухаан. Тэгэхээр одоохондоо энэ чиглэлд дорвитой нээлт алга.

Аль ч тохиолдолд шинжлэх ухааны мэдлэгийг практикт ашиглахын тулд туршлагатай хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй байдаг. Урт наслахын тухайд гэвэл урт насалсан хүмүүсээс  өөрсдөөс нь нууцыг сонсвол дээр байх.

Дэлхийн хамгийн урт настай 10 хүн өөрсдийнхөө нууцыг ярьж байна. Эдгээр 10 хүний дотор эрэгтэй хүн алга. Мөн хамгийн урт настай 100 хүний дотор ч эрэгтэйчүүд цөөхөн.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт насалдагийг бодохоор урт наслахын тулд  эхлээд эмэгтэй болж төрөх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийж болохоор.

Урт настнууд хамгийн их амьдардаг хоёр орон бол АНУ, Япон. Хамгийн урт настай 100 хүний 51 нь Америкт амьдардаг. 

Урт настнуудын бүртгэл хөтлөхөд хүндрэлтэй байдаг. Яагаад гэвэл өөрсдийнх нь хэлсэн он сар өдрийг зөв гэж батлахад хэцүү. Одоогоор дэлхийд хамгийн өндөр насалсан хүнээр Францын иргэн Жанна Кальман тодроод байна. Тэр 1875 онд төрж 122 жил 164 хоног амьдраад 1997 онд нас баржээ.

Жанна стакан портвейн дуртай уучихдаг байсан гэдэг. Тэр маш их чидүн жимсний тос уудаг байжээ. Магадгүй энэ нь дэлхийн рекордыг тогтооход нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

Жанна Кальман залуудаа хөгширнө гэдэгт итгэдэггүй байжээ

Хоёрдугаар байранд АНУ-ын иргэн Сара Кнаусс ордог. Тэр 1880 онд төрж 119 жил 97 хоног амьдарч 1999 онд нас баржээ.

Тэр урт насалсан нууцаа ярих дургүй ч телевизээр гольф үзэх дуртай байсныг хүмүүс мэддэг байсан юм. Хоол хүнсний тухайд гэвэл сүүн шокаладаар хийсэн яст мэлхийний хэлбэртэй зөөлөн чихэр, самар, чипсэнд дуртай байжээ.

Эдгээр хоёр хүн хоол хүнсэнд онцын ач холбогдол өгдөггүй байв. Харин 117 жил 27 өдөр амьдарсан Японы иргэн Мисао Окава “урт насалсны маань нууц хоол хүнсэнд байгаа” хэлжээ. 

Мисаогийн хамгийн дуртай хоол нь рамен (япон лапша), үхрийн махан рагу, будаатай хоол байв.

Японы урт наслагчид амьдралд их хайртай. Мисаогийн хэлснээр 117 нас гэдэг түүнийхээр бага тоо ажээ.

115 настай Мисао. Хажууд нь түүний 90 настай хүү Хироси

Эквадорын иргэн Мария Каповилла (1889-2006) 116 жил 347 өдөр насалсан. Тэр бүтээлч нэгэн байсан бөгөөд зурах, бүжиглэх, явган аялах дуртай байжээ. Залуудаа эгчийнхээ фирм дээр илжигний шинэ сүү маш их уудаг байсан нь урт наслахад хүргэсэн гэж үздэг. Каповилла амьдралдаа ширхэг янжуур ч татаж үзээгүй бөгөөд бага багаар хооллодог байв. Дарсыг маш бага хэмжээгээр уудаг байв. Тэр өөрөө ярьснаар урт наслахад нь түүнийг халамжилж байсан ойр дотныхон нь тусалсан гэдэг.

АНУ-ын иргэн Гертруда Уивер (1898-2015) Каповиллагаас ердөө хоёр сараар бага насалжээ.  Түүний хувьд хоол хүнс биш оюунлаг байдал чухал байв.  Гол зарчим нь Бурханд итгэх, их хөдөлмөрлөх, бусдыг хайрлах.

Японы урт наслагч Танэ Икаигийн тухай баримт бага. Учир нь тэр сэтгүүлчдээс зугатаадаг байв. Тэр 1879 онд төрж 116 жил 175 өдөр наслаад 1995 онд нас баржээ.  Хөршүүдийнх нь хэлснээр Танэ шавар ваар хийх, оёх дуртай байжээ. 

116 жил 118 хоног насалсан АНУ-ын иргэн Элизабет Болден ч сэтгүүлчидтэй уулзах дургүй байжээ.  Гэсэн ч нас барахаасаа 3 жилийн өмнө “Таны урт насалсны нууц юунд байна вэ?” гэсэн асуултанд хариулжээ. Түүний өгсөн хариулт нь “мэдэхгүй”.

Урт наслахын нууцын тухай өөр нэг сонирхолтой хариултыг 116 жил 100 өдөр насалсан Америкийн Бесс Берри Купер (1896-2012) өгчээ. Урт наслахын нууц нь зөвхөн зөв хооллоход биш, хамгийн чухал нь бусдын хэрэгт оролцохгүй байх  ёстой гэж хариулжээ.