Японы Засгийн газраас 4.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа
2015.06.08

Японы Засгийн газраас 4.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвд өнөөдөр Японы Засгийн газрын Монгол Улсад үзүүлж буй Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо. 

Буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 300 сая иений /4.3 тэрбум төгрөг/ хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношилгоо, харилцаа мэдээллийн хэрэгсэлд зориулагдсан 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг нийлүүлж байгаа юм. 

Тоног төхөөрөмж гардуулах үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг эмзэг давхаргын иргэдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Японы Засгийн газар хүн бүрт өгөөжтэй эдийн засгийн тусламжийг Монгол Улсад үзүүлэх гол чиглэлүүдийн нэг болно”гэдгийг онцолсон юм. 

Буцалтгүй тусламжаар Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний төв, Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Сүхбаатар дүүргийн асрамж хөгжлийн төв, Баянгол Эрүүл мэндийн нэгдэл, Архангай аймгийн Хайрхан сум, Баянгол дүүргийн хүний хөгжил төв, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сан, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Баянгол дүүргийн хүүхдийн номын сан зэрэг нийт байгууллагууд иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.