Аж үйлдвэрийн бодлогын бичиг эцсийн хэлэлцүүлэгт
УИХ-ын чуулган
2015.06.08

Аж үйлдвэрийн бодлогын бичиг эцсийн хэлэлцүүлэгт

Өнгөрөгч Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн ‘Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус байнгын хороо уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Ц.Баярсайхан, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Г.Уянга нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Иймээс тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ уг тогтоолын төслийн талаар тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 40, найруулгын шинжтэй 12 санал гаргасныг дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилан, найруулгын засварын хамт гишүүдэд тараасан байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Д.Тэрбишдагва нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа хуралдаан даргалагч Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Харин тогтоолын төслийн хавсралтын 4.2 дахь хэсэгт "....Соёлын бүтээлч аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд “....соёлын бүтээлч аж үйлдвэрийг улс орны угсаатны зүй, соёлын онцлог, соёлын өв, дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлан дэвшилтэт техник, технологи, инновацийн үндэсний тогтолцоонд тулгуурлан цогц хэлбэрээр үүсгэж хөгжүүлэх, тус салбарт мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар шинэ чадавхи, шинэ бүтээгдэхүүн бий болгох; олон улсын соёлын статистикийн хүрээг нэвтрүүлэх;" гэсэн агуулга бүхий заалт нэмэх санал гаргажээ.

Энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл нар байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллууд нь хэл найруулгын хувьд ойлгомжгүй, нэр томьёо нь оновчгүйгээс хэлэлцүүлгийн явц сунжирч их цаг алдаж байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

Харин энэ талаар байнгын хорооны дарга Ж.Батсуурь ажлын хэсэг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд багагүй цаг зарж, сайн ажилласан гэж үзэж байгаа.

Байнгын хорооноос дэмжигдсэн саналуудын нэр томьёо, найруулгыг дахин нягтлах үүргийг ажлын хэсэгт өгсөн. Гэхдээ хуралдаанаас хойших богино хугацаанд зарчмын зөрүүтэй энэ олон саналыг агуулга, хэл найруулга, нэр томьёоны хувьд сайтар нягтлах боломж ажлын хэсэгт бага байсан гэдгийг хэлж байв.